Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-13
Дугаар 456
Хэргийн индекс 128/2017/0220/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч З.А
Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба,Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

З.Амгалангийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0421 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0612 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: З.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын даргад холбогдох,

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгох, З.А-г Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нарийн бичгийн даргаар С.Баяртуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0421 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтуудыг тус тус баримтлан З.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, З.А-г Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.А-д 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх нийт 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 3.276.051 төгрөгийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0612 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, П.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын Агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газар татан буугдаж, Татварын ерөнхий газар байгуулагдсан.

Үүний дагуу Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дугаар тушаалаар ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Төв аймгийн татварын хэлтсийн даргыг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Төв аймгийн Засаг дарга Ж.Б-ын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1536 дугаар албан бичигт “Төв аймгийн татварын хэлтсийн даргаар Д.Б-ыг томилуулах саналыг...” Татварын ерөнхий газрын даргад ирүүлсэн.

Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.4-т заасны дагуу тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилдог. Төв аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа З.А-г Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс албан тушаалаас нь чөлөөлж, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.9.1, 4.10.3, 4.10.4, 4.12-т заасны дагуу дараагийн албан тушаалд томилогдтол Төв аймгийн татварын хэлтсийн мэдэлд түр шилжүүлсэн.

Энэ нь нэгдүгээрт Татварын ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр, хоёрдугаарт З.А-г дараагийн албан тушаалд томилогдтол Төв аймгийн татварын хэлтсийн мэдэлд шилжүүлэн томилсон нь албан тушаалаас чөлөөлсөн биш харин албан тушаал сэлгэж, шилжүүлэн томилсон томилгоо юм.

Мөн З.А-г албан тушаалаас нь чөлөөлж, мэдэлд шилжүүлэн томилсон 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, З.А нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд өөртөө ээлжийн амралт эдлэх зөвшөөрлийн хуудас олгосон зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна.

З.А-ийн цалин хөлсийг Төв аймгийн татварын хэлтсээс бууруулалгүй олгож байсан бөгөөд ТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д татварын албан хаагчдад чөлөө олгох асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг. “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.1, 6.2, 6.4-т заасныг зөрчин, төрийн албан хаагчийн хувьд ажлын цаг бүртгүүлэлгүй ажил албан тушаалдаа ирэхгүй байгаа учраас 2017 оны 3 дугаар 01-ний өдрөөс цалин олгоогүй байгаа юм. Дээрх үндэслэлийг шүүх төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн тухай хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлтэй байна. Үүнтэй холбоотой асуудлыг шүүх тодруулахгүйгээр ажиллаагүй хугацааны цалин хөлсийг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.А нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Маргаан бүхий тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, уг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа З.А-г ажлаас чөлөөлж, Төв аймгийн Татварын хэлтсийн мэдэлд түр шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн” гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас гаргах шийдвэрийн үндэслэл тодорхой байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй зэргээр алдаатай захиргааны акт байна.

Тухайлбал, хариуцагчаас “албан тушаалаас чөлөөлсөн биш шилжүүлэн томилсон”, эсхүл “байгууллагын бүтэц өөрчлөгдөхөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан, аймгийн Засаг даргаас өөр хүний нэр дэвшүүлсэн санал ирүүлсэн” зэргээр маргаан бүхий тушаалын үндэслэлийг өөр өөрөөр тайлбарлаж байжээ.

Төрийн албаны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах ба энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийг чухам ямар ажилд шилжүүлсэн болох нь тодорхойгүй, тухайн байгууллагад ажлын ямар зайлшгүй шаардлага үүссэн тухай баримт байхгүй, нэхэмжлэгчтэй тохиролцоогүй зэргээр захиргааны байгууллагын дээрх тайлбар няцаагдаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасан байгууллагын бүтэц өөрчлөгдсөний улмаас орон тоо цөөрсөн, хасагдсан үндэслэл тогтоогдоогүй буюу тухайн байгууллагын бүтэц өөрчлөгдөөгүй, орон тоо хасагдаагүй, хэлтсийн даргын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн тухай анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Татварын хэлтсийн даргыг Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх боловч тухайн байгууллагад сул орон тоо үүссэн тохиолдолд хариуцагчаас уг эрхийг хэрэгжүүлж, шийдвэр гаргах учиртай.

Тухайн тохиолдолд тус байгууллагад сул орон тоо үүсээгүй, Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/645 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.А нь тус аймгийн Татварын хэлтсийн даргаар томилогдож, Гааль, татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Татварын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон буюу Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан сул орон тоо үүсээгүй байжээ.

Хариуцагчийн “нэхэмжлэгч нь өөртөө ээлжийн амралт эдлэх зөвшөөрлийн хуудас олгож, хууль зөрчсөн, ажлын цаг бүртгүүлж, ажилдаа ирээгүй” гэх гомдол нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй, зөвшөөрлийн хуудасны асуудал нь маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүй, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг тодорхой албан тушаалд томилоогүй атлаа түүнийг “ажилдаа ирээгүй” гэж буруутгах нь агуулгын хувьд зөрчилтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагчаас хяналтын шатанд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн” гэх гомдлын тухайд шүүхийн магадлалыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхээс албан бичгээр хүргүүлсэн, хариуцагч магадлалд гомдол гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр шүүх хүлээн авсан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасан хуулийн хугацаа хэтрээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0421 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0612 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ