Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-06
Дугаар 432
Хэргийн индекс 128/2016/0268/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Х э" ХХК
Хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд "Е э у" ХХК
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Х-Э” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2017/0347 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0559 дүгээр магадлалтай, “Х-Э” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “Е-Э У” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2017/0347 дугаар шийдвэрээр:  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.2, 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.5 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Х-Э” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаар шийдвэрийн “Е э у” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Х-Э” ХХК-аас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-...... дугаартай өргөдлийн эрхийг сэргээж, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0559 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд “Е-Э У” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0559 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “Е-Э У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар “Х-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянаад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан 10113 дугаар шүүгчийн захирамжийг гаргасан байдаг.

2. “Х-Э” ХХК нь Кадастрын даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай татгалзсан шийдвэрийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан тухай баримт нь хавтаст хэрэгт байдаг. Харин “Х-Э”  ХХК нь тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зуйлийн 6.1-д заасныг зөрчин бүхэл бүтэн 7 /долоон/ сарын дараагаар буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот албан бичгээр Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-т хандаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь хууль бусаар хийгдэж, тус газраас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/1435 дугаартай албан бичгээр хариу өгсөн бөгөөд шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм.

3. “Х-Э” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Байгалийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Нэхэмжлэлийг  хүлээн  авахаас  татгалзаж,   хэргийг  хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн тухай” хэргийг шүүх хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд шүүх хуралдааныг даргалагч шүүгч Э.Зоригтбаатар, илтгэгч шүүгч С.Мөнхжаргал нар нь “хянавал” хэсэгтээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг дурдсан хэрнээ 7 /долоон/ сарын хугацааны утга учрыг хүчээр буруу тайлбарлан Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/1435 дугаартай албан бичгийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна гэж хуулийг мушгин гуйвуулж тайлбарлан 221/ШТ2016/0834 дүгээр тогтоолоор нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 10113 дугаар шүүгчийн захирамжийг хүчээр хүчингүй болгож, энэ нь эцсийн шийдвэр болсон байдаг.

4. Энэхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШТ2016/0834 дүгээр тогтоолын шийдвэрээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргах эрхийг нэг мөсөн хааснаас гадна анхан шатны болон давж заалдах шатны шүүх хурлууд нь хөөн хэлэлцэх хугацааг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр тогтоол байгаа гэх шалтгаанаар гуравдагч этгээдийн эрх ашгийг бүрмөсөн хааж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

5. Түүгээр ч үл барам гуравдагч этгээдээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас мөн татгалзаж эцсийн шийдвэрийг мөн л шүүгч С.Мөнхжаргал гаргалаа.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн тухай” 221/ШТ2016/0834 дүгээр тогтоол нь хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар Дээд шүүхээс хянаж, дүгнэлт гарган нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0559 дүгээр магадлалыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг, “Чандмань-1” нэртэй, 3277 га талбайд нэхэмжлэгч “Х э” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, мөн сумын нутаг, “Баянцагаан” нэртэй, 3277 га талбайд гуравдагч этгээд “Е э у” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус тус өргөдөл гаргасан, уг “Чандмань-1” болон “Баянцагаан” гэх өөр өөр нэртэй, 3277 га талбай нь хоорондоо давхцалтай, нэг талбай бөгөөд талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл,  Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6/2104, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4127 дугаар албан бичгээр “... “Х э” ХХК-иас ... ирүүлсэн өргөдлийг ... шүүлт хийж үзэхэд ... Эрдэнэ сумын нутаг, “Чандмань-1” нэртэй, 3277 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна...” гэх мэдэгдэлд Говь-Алтай аймгийн Засаг даргаас “... ард иргэдээс авсан санал асуулгын дүн, ... сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал, ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал... –ыг үндэслэн ... уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэх санал ирүүлсэн хэдий ч уг саналын үндэслэл болсон “ард иргэдээс авсан санал асуулгын дүн”, “Эрдэнэ сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал” зэргийг Ашигт малтмалын газарт хавсаргаж ирүүлээгүй, бодит байдал дээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “...“Чандмань-1” нэртэй, 3277 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн ... /“Х э” ХХК-ийн саналыг/ ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцээд ... дэмжихээр шийдвэрлэсэн” нь хэрэгт авагдсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дүгээр албан бичгээр тогтоогджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг...-ийн Засаг дарга ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум ...-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг ...-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...”-өөр, 19.5-д “аймаг ...-ийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэх санал нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагчаас “... Засаг даргын ... /дэмжихгүй гэх/ санал үндэслэлтэй байсан” гэх боловч, нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбайд гуравдагч этгээд “Е э у” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч бүртгэн,  2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргад “...“Е э у” ХХК-иас ... ирүүлсэн өргөдлийг ... шүүлт хийж үзэхэд ... Эрдэнэ сумын нутаг, “Баянцагаан” нэртэй, 3277 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна...” гэх мэдэгдэл хүргүүлсэнээс үзэхэд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тухайн үед Говь-Алтай аймгийн Засаг даргын “... Эрдэнэ сумын нутаг, “Чандмань-1” нэртэй, 3277 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэх санал нь “хуульд үндэслээгүй” болохыг мэдэж байсан гэж дүгнэх үндэслэлтэй, нэхэмжлэгч “Х э” ХХК-нд хуульд заагаагүй үндэслэлээр “дэмжихгүй” гэх санал, гуравдагч этгээд “Е э у” ХХК-нд тодорхойгүй шалтгаанаар, хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүйгээр “зөвшөөрсөн” гэх Говь-Алтай аймгийн Засаг даргын саналыг үндэслэн гаргасан, хариуцагчийн маргаан бүхий 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Х-Э” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаар шийдвэрийн “Е э у” ХХК-д холбогдох хэсгүүдийг “хууль бус” гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангажээ.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “... /өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь/ түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй /байх/”-аар, 18 дугаар зүйлийн 18.1-д “...хуульд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-оор, 19 дүгээр зүйлийн 19.2.4-т “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэх...”-ээр тус тус заасан, үүнээс үзэхэд, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг, “Чандмань-1” (Баянцагаан) нэртэй, 3277 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тохиолдолд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь уг талбайд түрүүлж өргөдөл гаргасан “Х-Э” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбайтай давхцуулж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гуравдагч этгээдэд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10113 дугаар  захирамжаар “Х-Э” ХХК-ийн нэхэмжлэлийг “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШТ2016/0834 дүгээр тогтоолоор “...нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь ... /буруу/” гэх дүгнэлт хийн, анхан шатны шүүхийн шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгосон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар давж заалдах шатны шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Эдгээр үндэслэлээр, гуравдагч этгээд  “Е-Э У” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэгийн “... нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны ... 221/ШТ2016/0834 дүгээр тогтоол нь ... /хуулийг буруу тайлбарласан/” гэх агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2017/0347 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0559 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд этгээд  “Е-Э У” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэгийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Е-Э У” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА