Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-13
Дугаар 461
Хэргийн индекс 128/2017/0403/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Ч.Ц
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0513 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0647 дугаар магадлалтай, Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0513 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-гийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг тооцож гаргуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0647 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Ч.Ц-гийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох асуудлыг ажил олгогч бус ажилтны санаачилгаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан байх бөгөөд энэ дагуу ажил олгогч болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Ч.Ц-гийн “цалингийн зөрүүг тооцож гаргуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Орхон аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажилласан хугацааны буюу 2016 оны, мөн Хангайн бүсийн арга зүйн төвд ажиллах үеийн цалингийн картыг хэрэгт нотлох баримтаар авах эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой биш, хэрэгт авагдсан бусад нотлох баримт, нийтэд илэрхий баримтаар тогтоогдож байгаа юм.

Учир нь “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгч Ч.Ц-д цалинг олгодог. Цалингийн мэдээлэл нийтэд ил, илэрхий баримт болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалд албан тушаалын ангилал зэрэглэлийг тодорхой бичсэн байгаа болно. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй” байх бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох ёстой.

Нэгэнт нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Ч.Ц нь өөр ажил, албан тушаал эрхлэх хүсэлтээ гаргаж, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь анхан шатны шүүх хурлын явцад тогтоогдсон тул түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэхгүйн зэрэгцээ түүнд цалингийн зөрүүг тооцож олгох үндэслэлгүй билээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Давж заалдах шатны шүүх “Ч.Ц-гийн ажилласан захирлын болон арга зүйчийн албан тушаалын цалингийн картыг ач холбогдолтой баримт гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан атлаа уг баримтыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших цалингийн зөрүүг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байна” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Ч.Ц-г “өөрийнх нь хүсэлтийн дагуу” мөн өдрөөр тасалбар болгон Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн ба Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар мөн өдрөөс Хангайн бүсийн арга зүйн төвийн сургалт хариуцсан арга зүйчээр томилжээ.

Нэхэмжлэгч Ч.Ц нь “...надад ажлын байрны дарамт үзүүлж, яамны хэлтсийн дарга удаа дараа утсаар ярьсан тул цалин хөлс бууруулахгүйгээр Хангайн бүсийн төвд ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн, ажлаас чөлөөлсөн шийдвэр нь миний хөдөлмөрлөх болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж маргаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, цалингийн зөрүүг тооцож гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Ч.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шалгаж, ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг “ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөллийн улмаас бичсэн” гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 02, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж бичсэн өргөдлүүдийн агуулга, нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар зэргийг харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлээр үнэлсэн ба уг маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хэрэгт Ч.Ц-г Орхон аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилсон тушаал, Хангайн бүсийн арга зүйн төвийн сургалт хариуцсан арга зүйчээр томилсон тушаал болон Ч.Ц-гийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нь авагдсан, эдгээр баримтуудаар түүний авч байсан захирлын цалин, одоо авч буй арга зүйчийн цалин тодорхойлогдсоноос үзвэл “цалингийн зөрүүг тооцож гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн байсан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд “цалингийн карт”-ыг нотлох баримтаар авч, үнэлээгүй нь нөлөөлөөгүй байхад давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,...” гэсэн үндэслэлд хамааруулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Ц нь нэхэмжлэлдээ “...Н.Т-г захирлын ажлаа хүлээн авсан өдөр буюу 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хийсэн байтал тушаал гарсан өдрөөр миний ажлыг дуусгавар болгож цалинг бодож олгож намайг хохироож байсан ба үүнийг шүүхэд хандсанаас хойш олгосон” гэж бичсэнээс үзвэл ажил хүлээлцсэн өдөр хүртэлх хугацааны захирлын цалинг авсан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “ажлаас чөлөөлж мэргэжилтнээр томилох хүртэл 20 хоногийн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг шийдвэрлээгүй” гэх гомдол нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй асуудлаар байхад давж заалдах шатны шүүх “2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших цалингийн зөрүүг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан” гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.

Дээрх байдлаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...цалингийн картыг хэрэгт авах нь ач холбогдолтой биш, бусад нотлох баримт, нийтэд илэрхий баримтаар тогтоогдсон, шүүх давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй” гэх гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0647 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ