Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-01
Дугаар 429
Хэргийн индекс 128/2017/0115/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч С.Ш
Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.Ш-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, Д.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, Л.Сарнай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0474 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0603 дугаар магадлалтай, С.Ш-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0474 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Ш-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилохыг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, 2.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,915,149 /таван сая есөн зуун арван таван мянга нэг зуун дөчин ес/ төгрөг, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол 1,846,000 /нэг сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг нэхэмжлэгч С.Ш-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж, 3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын даргын албан тушаалын урамшууллыг нөхөн олгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0603 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0474 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Ш-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилохыг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч С.Ш-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол 1,846,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Ш-д олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 4 дэх заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангажээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэбат, Ц.Батхүү нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэцэгдсэн нотлох баримтуудыг энэхүү хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий талаас нь бодитойгоор үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байхад давж заалдах шатны шүүх зөвхөн давуу эрхтэй захиргааны байгууллагын тайлбарт шүтэж иргэн миний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Миний хувьд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2005 онд ажилд орсон бөгөөд 1995 оны Төрийн албаны тухай хуулийн дагуу манай хэлтсийнхэн бусад 1 байгууллагын ажилтнуудын нэгэн адил төрийн үйлчилгээний албан тушаалтны ангилалд хамаарч байсан юм. Төрийн албаны шинэ хууль 2002 онд батлагдан дагаж мөрдөгдсөнөөс хойш 2006 он, 2008 онд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 дахь заалтад өөрчлөлт оруулж, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулах болсон юм. Энэ зохицуулалтын дагуу 2008 онд манай хэлтсийнхэн төрийн албаны шалгалт өгч төрийн захиргааны албан тушаалтан болцгоосон. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заажээ. Миний хувьд 2005 онд хэлтсийн орлогч дарга бөгөөд орлого даатгалын үйлчилгээний тасгийн даргаар ажиллаж байсан ба манай хэлтсийн дарга 2009 оны 9 сард нас барсан тул Баян-Өлгийн аймгийн төрийн албаны зөвлөлийн 2010 оны 3 сард зарласан төрийн албаны удирдах ажилтаны сонгон шалгаруулалтанд орж төрийн албаны шалгалт өгч нөөцөнд бүртгэгдэн аймгийн Засаг даргын санал болгосноор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдсон нь дээрхи хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг “... тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал” гэж заасан бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулиар боловсролын хувьд заавал “дээд боловсролтой байх” тусгайлсан шаардлагыг тавиагүй байсан. Иймд хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасан журмаар томилогдсон байхад шүүх хэт нэг талыг баримталж, хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх хуулиудад орсон өөрчлөлтүүдийг анхаарч, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад зөв дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Миний хувьд анх санхүүгийн техникумыг онц дүнтэй төгссөн тул шууд төрийн байгууллагад томилолтоор ажилласан ба ажиллаж байх хугацаандаа МУИС-ийн худалдаа эдийн засгийн ангид эчнээгээр суралцсан ч төгсөх жилдээ гэр бүлтэй болсон, хүүхдийн эрүүл мэнд гэнэт муудсанаас зөвхөн төгсөлтийн шалгалтыг ангийнхантайгаа өгч чадаагүй, харин хожим бичгээр шалгалт өгч диплом авсан нь үнэн боловч надтай албан тушаал булаацалдаж явдаг этгээдийн матаасаар шалгуулахад “бүртгэлд ороогүй, хүнийхтэй давхцсан дугаартай диплом байсан нь тогтоогдсоноор “хуурамч дипломтой байсан” гэсэн нэртэй болсон юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар үүрэг гүйцэтгэгчээр, төрийн албаны шалгалт өгч санал болгосны дагуу 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/377 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17.6-д заасны дагуу томилогдсон. 2015 онд үр дүнгийн гэрээг дүгнэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан нь дээд боловсролын дипломыг үзэж танилцаад шаардлага хангасан гэж ажлын үр дүнг үнэлэн цалин хөлсийг нэмэгдүүлж байсан. Миний төрийн албан хаагчийн анкет, дипломууд НДЕГ-ын Захиргаа удирдлагын газарт байх ёстой. Шүүх байхгүй гэх хариуцагчийн тайлбарт хэт ач холбогдол өгч байгаа нь нэг талын барьсан хэрэг ба хэрэв дээд боловсролын дипломын хуулбар хувь хуулийн шаардлага хангаагүй байсан бол ЗХШХШТХ-ийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу хуулийн шаардлага хангуулан цуглуулах нь шүүхийн үүрэг болно. Давж заалдах шатны шүүх хариуцагч захиргааны албан тушаалтнууд шүүхэд худлаа мэдээлэл өгч байгааг анхаарахгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймээс иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах шударга ёсны зарчмыг шүүх зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч захиргааны байгууллага үндэслэлгүй тушаал /арга хэмжээ авах, ажлаас халах/-уудыг удаа дараа гаргах, тэдгээрийг гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийхгүй байх зэргээр нэхэмжлэгч иргэний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, ямар ч аргаар хамаагүй намайг халж, ялсан намын хүнийг авах гэсэн сонирхол байгаа нь нийтэд илэрхий, төрийн албаны харилцаанд шударга ёсны зарчим зөрчигдсөн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч, хэргийн нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Дээд боловсролын дипломгүй байсан хүнийг сонгон шалгаруулсан, томилсон гэх үйлдэлд иргэн би гэм буруугүй, улсад 29 жил, үүнэс төрийн албанд 25 жил, нийгмийн даатгалын байгууллагад 12 жил гаруй хугацаанд ажилласан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нийтэд зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж Төрийн албаны зөвлөлөөс санал болгосны дагуу томилогдсон бөгөөд олон жилийн дараа ийнхүү шалтаг хайж байгаад гомдолтой ба дипломоос шалтгаалж төрд болон бусдад ямар нэгэн хор хохирол учруулаагүй байхад давж заалдах шатны шүүх намайг буруутгаж захиргааны хууль бус шийдвэрийг хамгаалж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч зөвхөн Б/223 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай л мэдэгдэж утсаар асуусаныгаа сонсгох зарчимыг хэрэгжүүлсэн гэж байгаа нь өрөөсгөл, бичлэг хийсэн гэх мэтээр тайлбарласан нь нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан хэрэг бөгөөд мөн дээрхи тушаалыг гарах үед миний бие төрсөн хүүгээсээ бөөр авч эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэн өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн явдал нь хууль бус шийдвэр байсан. Давж заалдах шатны шүүхийн хууль зүйн үндэслэлгүй магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Ш-ын өмгөөлөгч би дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Үүнд:

  1. Давж заалдах шатны шүүх “...Гэтэл нэхэмжлэгч С.Ш 2005 онд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлогч дарга бөгөөд орлого даатгалын үйлчилгээний тасгийн даргаар томилогдохоос эхлэн 1991 оны МУИС-ийн Худалдааны нягтлан бодогч мэргэжлийн 22768 дугаартай хуурамч диплом ашигласан нь Төрийн албаны тухай хуульд заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх, төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмуудад нийцэхгүй байх тул “боловсролын хуурамч дипломтой” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2005 онд Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн үйлчилгээний байгууллагын статустай байсан. Үйлчилгээний байгууллагын ажилтанд магадлалд заасан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2 заасан болзол шаардлагыг хангасан байхаар зааж өгөөгүй. Нийгмийн даатгалын байгууллага 2009 онд төрийн захиргааны байгууллагын статустай болсон. 2005 онд Санхүү эдийн засгийн техникум төгссөн хүн битгий хэл нябогийн курс төгссөн хүн ч нийгмийн даатгалын байцаагчийн ажил албан тушаалыг эрхэлж байсан. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч С.Ш нь 2003 онд Удирдлагын академи төгссөн дээд боловсрол эзэмшсэн байсан. Мөн тухайн үед МУИС-ийн Санхүү эдийн засгийн сургуульд суралцаж байсан нь ч үнэн байдаг.
  2. Давж заалдах шатны шүүх “...Нөгөөтэйгүүр С.Ш нь анхнаасаа уг албан тушаалд томилогдохдоо албан тушаалд тавигдаж байсан шаардлагыг хангаагүй, хуурамч диплом ашиглаж байсан нь тогтоогдсон байх тул түүнийг дээрх үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т нийцжээ...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь С.Ш-ыг хэлтсийн даргын ажил албан тушаалаас чөлөөлсөн Б/99 дугаартай тушаал нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Уг тушаал гарахаас 3 жилийн өмнө буюу 2014 онд С.Ш нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөж дээд боловсрол эзэмшсэн байсан. С.Ш- нь анх нэхэмжлэлээ 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Үүнээс 5 сарын дараа буюу 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нь Б/99 дугаартай тушаал гаргаж С.Ш-ыг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч Л.Сарнай шүүх хуралдаан дээр “...хэргийн материалтай танилцсан. Нэхэмжлэгчийн сургууль төгссөн диплом нь авагдсан байсан...” гэсэн тайлбарыг хэлж байсан. Энэ утгаараа хариуцагч нь С.Ш-ыг дээд боловсрол эзэмшсэн болохыг мэдэж байсан. Мэдэж байсан атлаа зориуд санаатайгаар Б/99 дугаартай хууль бус тушаалыг шинээр дахин гаргаж ирсэн. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь хуурамч дипломтой байсан гэх хэдий ч 2014 онд СЭЗДС-ийг нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр төгссөн болох нь БСШУСЯ-ны 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 7/2277 дугаартай албан бичиг, Санхүү, эдийн засгийн их сургуулийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3-30 дугаартай албан бичиг болон Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн бакалаврын диплом зэргээр нотлогдож байна. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ш-ыг боловсролын хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж, ажлын байрны тодорхойлолт болон төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангахгүй байна гэж үзэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Мөн уг СЭЗДС-ийн дипломын хуулбарыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буюу мөн 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаал гаргахаас өмнө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг баримттай танилцсан гэдгээ шүүх хуралдаан дээр “...хавтаст хэрэгтэй танилцсан, нэхэмжлэгчийн сургууль төгссөн диплом нь авагдсан байсан...” гэх тайлбарыг хийсэн. Үүнээс дүгнэхэд хариуцагч нэхэмжлэгчийг Санхүү, эдийн засгийн сургууль төгссөн болохыг маргаан бүхий Б/99 дүгээр тушаал гарахаас өмнө мэдэж байсан ба С.Ш- нь ажлаас чөлөөлөгдөх үедээ тус ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байжээ. Иймд маргаж буй Б/99 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй бөгөөд Захиргааны хзрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С овогтой Ш-ийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлжээ.

 

 Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/99 дүгээр тушаалаар С.Ш-ийг тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн даргаар, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар тус хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагчаар тус тус томилсон байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаалаараа дээрх 2016 оны “С.Ш-ийг ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай” Б/223 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн бүхэлд нь хүчингүй болгож, мөн өдрийн Б/99 дугаар тушаалаар С.Ш нь боловсролын хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж, ажлын байрны тодорхойлолт болон төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр түүнийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгчийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад нийцээгүй, хариуцагч энэхүү тушаалаа хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж хүчингүй болгосон” гэдэг үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин нэхэмжлэгчийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 1,846,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулах” шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.Ш нь 1991 оны Монгол Улсын Их Сургуулийн Худалдааны нягтлан бодогч мэргэжлийн 22768 дугаартай хуурамч диплом ашиглан төрийн албанд томилогдсон болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол, албан бичиг зэргээр тогтоогдож байх ба хариуцагчаас нэхэмжлэгчийг хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллах, ажлын байрны тодорхойлолт болон төрийн албанд тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангахгүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал хаших ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байж төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд С.Ш нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо дээрх шаардлагыг хангаагүй болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “С.Ш 2014 онд Санхүү эдийн дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөж, дээд боловсрол эзэмшсэн...” гэсэн гомдлыг хүлээн авах хуулийн боломжгүй юм.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН