Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-06
Дугаар 439
Хэргийн индекс 128/2016/1015/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Ц.Б, С.Л нар
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд С.Т, С.Э нар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/357 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0542 дугаар магадлалтай, Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/357 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32, 33 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Ц.Б, С.Л нараас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Ц.Б-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-т Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааны газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагыг хангаж, С.Л-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Л нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг захиргааны журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурджээ.

Гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0542 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0357 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааг Ц.Б-т, 128 тоот хашааг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Давж заалдах шатны шүүх магадлалаа гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжид үндэслэсэн байна. Гэтэл уг 218 тоот захирамж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу С.Э, С.Т нарт газар эзэмшүүлээгүй, холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус байна. Энэ тухай анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус захирамжийг нотлох баримт болгож буруу үнэлсэн байна.

2. Давж заалдах шатны шүүх “... бусдын эзэмшил газартай давхцаагүй байх...” хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. С.Э, С.Т нарт олгогдсон газар нь маргаан бүхий газартай давхцаагүй болох тухай Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас гаргасан архивын тодорхойлолтыг нотлох баримт болгож үнэлээгүй. Ингэснээрээ нотлох баримтыг дутуу үнэлсэн хэрэг болж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь уг газрыг мэдээллийн санд өөрчлөгдөн бүртгэгдсэн бүртгэлээр маргаан бүхий газар нь С.Э, С.Т нарын эзэмшлийн газар гэж дүгнэсэн байна. Хуульд заасан “... бусдын эзэмшил газартай давхцаагүй байх...” гэсэн хуулийн шаардлага нь уг газар бусдын хууль бус эзэмшилд байгаа тохиолдолд хэрэглэгдэх шаардлага юм. Гэтэл уг газрыг С.Э, С.Т нар нь хууль ёсоор эзэмшээгүй байхад Ц.Б-ын газар эзэмших хүсэлт нь давхардсан байна гэж үзэх боломжгүй юм.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц надад 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 17 минутад шүүгчийн туслах утасдаж 7 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хурал болно гэж хэлсэн. Үүний дагуу би 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад очиход шүүхийн нарийн бичгийн дарга “шүүх хурал аль хэдийн ороод анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн” гэж хэлсэн. Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байтал шүүх хуралдааны цагийг надад буруу хэлэн мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0542 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гуравдагч этгээд С.Т, С.Э нарт хууль ёсоор газар эзэмших эрх үүсээгүй, иймд “газар давхцалтай” гэх шалтгаанаар нэхэмжлэгч нарын хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэсэн, түүнчлэн “нэхэмжлэгч С.Л-ийн хүсэлт гаргасан Тахилтын 6 дугаар гудамжны 128 тоот хашаанд одоогоор эзэмшил үүсээгүй тул ... хариуцагч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүхийн шийдвэрт дурдсан бол давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар нэхэмжлэгч нараас түрүүлж үүссэн, нэхэмжлэгч нар уг захирамжийн талаар маргаагүй байхад анхан шатны шүүх дүгнэлт өгсөн нь буруу, иймд хариуцагчийн татгалзал хууль ёсны гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-аас “Д.Ц, Ц.Б, Ц.Б, С.Л бид нар 2011 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-128, 6-129, 6-108, 6-109 тоот хаягт байрлах газрыг эзэмшилдээ авахаар ... өргөдлөө өгсөн. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2012 оны захирамжаар Д.Ц-д 6-129, Ц.Б-д 6-108 тоот газрыг тус тус эзэмшүүлсэн. Харин Ц.Б, С.Л нарын захирамж гараагүй... Иймд Ц.Б-т Тахилтын 6-109, С.Л-д 6-128 тоотод газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч нарын болон иргэн Д.Ц, Б.А /С.Л оронд нь хүсэлт гаргасан гэх/ нарын газар эзэмших тухай хүсэлт болон түүнд хавсаргасан кадастрын зургууд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 1/244 дүгээр албан бичгийн 3 дугаар хавсралт зургаас үзвэл нэхэмжлэгч Ц.Б-ын хүсэлт гаргасан гэх Тахилтын 6-109 тоот газар нь ямар нэгэн давхцалгүй, С.Л-ийн хүсэлт гаргасан гэх Тахилтын 6-128 тоот газар нь гуравдагч этгээд С.Э-ийн нэгж талбарын 18626312393030 дугаар бүхий 739 м.кв газартай, харин гуравдагч этгээд С.Т-ийн нэгж талбарын 18626312372020 дугаар бүхий 744 м.кв газар нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн эзэмшлийн гэх Тахилтын 6-129 тоот газартай тус тус давхцалтай байна.

Иймээс хэргийг эцэслэн шийдвэрлэхийн тулд дээр дурдсан дөрвөн хэсэг газрын /түүний дотор маргаан бүхий хоёр хэсэг газрын/ хаяг, байршил, эзэмшлийг тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд үүний тулд Д.Ц, Ц.Б нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг нотлох баримтаар авах, нэхэмжлэгч Ц.Б-ын эзэмшихийг хүсэж буй газарт /Тахилтын 6-109 тоот/ өөр хэн нэгэн этгээдийн эзэмших эрх байгаа эсэхийг хариуцагчаас тодруулах, түүнчлэн гуравдагч этгээд С.Э-ийн газар нь нэхэмжлэгч С.Л-ийн эзэмшихийг хүсэж буй газартай, харин С.Т-ийн эзэмшлийн газар нь Д.Ц-ийн эзэмшил газартай давхцалтай эсэхийг шалгах, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах зэргээр шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт өгөх хэрэгтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/357 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0542 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ