Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-13
Дугаар 462
Хэргийн индекс 128/2017/0162/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч С.А
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Г.Ж, "Т х" банк
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0436 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0636 дугаар магадлалтай, С.А-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0436 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн “Т х” банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0636 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 436 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.А-ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн “Т х” банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч С.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн “Т х” банкинд холбогдох хэсгийн тухай.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 14 -ний өдрийн 107 дугаар захирамж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтийг үндэслэн гаргасан байна. Уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан байна. Өөөрөөр хэлбэл С.А “Т х” банкинд газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг Засаг дарга 107 дугаар захирамжаараа шийдвэрлэсэн мэт байдал илэрхийлэгдэж байна.

Гэтэл С.А ... “Т х” банкинд газар эзэмших эрхээ шилжүүлэн өгөхийг хүссэн хүсэлтийг гаргаагүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга хүсэлт гаргасан мэтээр ташаарч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтийг баримтлан захирамж гаргасан ... хэмээн маргасан байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх С.А-аас хүсэлт гаргасан эсэхийг тогтоох ёстой байсан. Тодруулбал, С.А “Т х” банкинд эзэмшил газраа шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлт байгаа бол 107 дугаар захирамж хууль ёсны С.А-г хүсэлт гаргаагүй байхад гаргасан мэтээр Газрын тухай хуулийн 38.4-ийг баримтлан захирамж гаргасан бол илт хууль бус ... болох нь тогтоогдох байсан байна. Гэтэл анхан шатны шүүх “Эрх шилжүүлэхийг” хүссэнтэй холбоотой нотлох баримтыг шаардан авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараа нь баримт бичигийг хавсаргана” гэсэн байх ба мөн хуулийн 38.2.1-д “нотариотаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримт” хэмээн заасан байна. Анхан шатны шүүх хүсэлтийг оролцуулаад дээрх нийт 4 баримт хэрэгт байгаа эсэхийг шалгаж, байхгүй бол шалган авах байтал маргааныг шийдвэрлэх гол нөхцөл болсон 4 баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бүхий байхад давж заалдах шатны шүүх хуулийн уг заалтыг анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-ийг мөн буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны 51 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийн тухай, Баянзүрх дүүргий Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн “Т х” банкинд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай хоёр үндэслэлийг нэхэмжлэгч тал дурдсан байна. Илт хууль бус захирамж дээр үндэслэн гарсан өмнөх захирамж хүчин төгөлдөр байхад давхардуулан захирамж гаргасан гэх хоёр үндэслэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамж гарсантай холбоотой 49 иргэд, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх ба харин С.А-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээсэн байна.

Ингэснээр С.А-д газар эзэмшүүлсэн 2001 оны 457 дугаар захирамжийг хүчин төгөлдөр байхад уг газрыг иргэн Г.Ж-д эзэмшүүлэх тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамж тус тус давхардан гарсан байна. Энэ тухай Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4/4270 дугаартай албан бичигт С.А-д газар эзэмшүүлсэн 2001 оны 51 дүгээр захирамж, уг газрыг Г.Ж-д эзэмшүүлсэн 2011 оны 51 дүгээр захирамж аль аль нь хүчинтэй байгааг дурдсан байна.

Эдгээр нотлох баримтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Г.Ж-тай холбоотой 162, 51 дүгээр захирамжууд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчин гарсан болох нь тогтоогдож байна. Дээр дурдсан хүчин төгөлдөр 2 захирамжийн аль нэг нь хүчингүйд тооцогдож аль нэг нь хүчинтэй хэвээр үлдэх ёстой. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэрлээгүй орхисон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга 107 дугаар захирамж гаргах болон үндэслэхдээ “Зээл болон барьцааны гэрээ, иргэний шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоол шийдвэрийн тухай дурдаагүй байхад шүүхүүд захирамжид заагаагүй олон тооны үндэслэлийг зааж шийдвэр гаргах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэхээр байна. Зөвхөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан үндэслэл бүрдсэн эсэх ... газар эзэмшүүлэх захирамжуудын аль нь хүчингүй аль нь хүчингүй болсон эсвэл аль аль нь хүчинтэй байгааг хянаж хэргийг шийдвэрлэх ёстой.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд болон хууль хэрэглээнд өөрчлөлт оруулж шийдсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасангүй. Үүнд:

1. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, хариуцагч 2008 оны 107 дугаар захирамжаар маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг “Т х” банкинд шилжүүлэхдээ тус банкны хүсэлт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж, нэхэмжлэгч С.А болон “Т х” банкны хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ /газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан/ зэргийг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч уг захирамжийг гаргахдаа талуудын хоорондын сайн дурын хүсэлтээр бус, харин шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргасан тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан баримтыг газар эзэмшигчээс /нэхэмжлэгч С.А-аас/ шаардан авах үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулиар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, шилжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд хуулийн 38 дугаар зүйлээр газар эзэмших эрхийг “сайн дурын үндсэн дээр” шилжүүлэх харилцааг зохицуулсан, өөрөөр хэлбэл, албадан журмаар шилжүүлэх харилцааг хуулиар тусгайлан зохицуулаагүй тул хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэл болгосныг буруутгах аргагүй. Түүнчлэн, уг акт нь зөвхөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт чиглэгдээгүй, өөр олон тооны иргэд, байгууллагад чиглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймээс нэхэмжлэгчийн гомдолд “анхан шатны шүүх “эрх шилжүүлэхийг” хүссэнтэй холбоотой нотлох баримтыг шаардан авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэсэн нь үндэслэлгүй, нэгэнт байхгүй болох нь илэрхий бөгөөд хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг цуглуулуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах боломжгүй.

2. Хариуцагч 2008 оны 107 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч С.А-д анх газар эзэмших эрх олгосон 2001 оны 457 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй нь тухайн актын “эрх шилжүүлсэн” зохицуулалтын утга, агуулгыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь, 2008 оны 107 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг С.А-аас “Т х” банкинд шилжүүлсэн шинэ акт гарснаар өмнөх актын /2001 оны 457 дугаар/ эрх зүйн үр дагавар дуусгавар болж байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг шилжүүлснээр өмнөх газар эзэмшигчийн эрх дуусгавар болох тул газар давхцах тухай ойлголт байхгүй, иймд нэхэмжлэгчийн гомдолд “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй.

Дээр дурдсанаар нэгэнт хариуцагчийн 2008 оны 107 дугаар захирамж хууль ёсны /илт хууль бус биш/ тул түүнийг үндэслэн гарсан гуравдагч этгээд Г.Ж-д хамааралтай 2009 оны 162, 2011 оны 51 дүгээр захирамжууд нь хууль ёсны юм.

Иймээс, нэхэмжлэгчийн “С.А-ийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр байхад эрх шилжүүлсэн захирамж гаргасан нь хууль бус, илт хууль бус актыг үндэслэн гарсан дараагийн актууд хууль бус” гэсэн утгатай гомдлын үндэслэлийг хангах боломжгүй.

3. Нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгоохоор маргаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 107 дугаар захирамж /нэхэмжлэгчид холбогдох хэсэг/ нь талуудын хүсэлтээр бус харин шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотойгоор гарсан тул түүний үндэслэл болсон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн /“Т х” банк/ хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр зэрэг нь бодитой, хууль ёсны эсэхэд шүүх зайлшгүй дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул “шүүх маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа” гэх гомдлыг хангах боломжгүй.

Иймээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0636 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ