Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-08
Дугаар 445
Хэргийн индекс 127/2017/0009/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал
Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Г.Б
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Хэнтий аймгийн Хэрлэн сумын

 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2017/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0589 дүгээр магадлалтай, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2017/0012 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, 3 дугаар хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8 тоот тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсныг хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга Ц.Б-ад даалгаж, 2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад шаардлага буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргаар гуравдагч этгээд Г.Б-ийг томилохыг хариуцагч Хэрлэн сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0589 дүгээр магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Хэрлэн сумын Засаг дарга Ц.Б Хэрлэн сумын Өндөрхаан буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг шийдвэрлэлгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, уг тогтоолын биелэлтийг хангаж, Өндөрхаан багийн Засаг даргаар Г.Б-ийг томилох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

  1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Магадлалд багийн иргэдийн Нийтийн Хурлыг захиргааны байгууллага гэж дүгнэснээрээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Энэхүү хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”, 3.4-д “Баг нь сумын, хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн”, тус хуулийн 8.2-д “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж тус тус тодорхойлжээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж заасан. Тус хуулийн агуулгаар нийтийн эрх зүйн этгээдийн гаргасан шийдвэрийн захирамжилсан шинж чанарыг агуулж байж захиргааны байгууллага байхаар тодорхойлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ”, Жараннэгдүгээр зүйлийн 1-д “3асаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж заасан. Маргаан бүхий харилцааны хувьд сумын засаг захиргааны нэгж болох багийн ИНХ-аас өөрийн багийн Засаг даргаар сонгосон этгээдийг томилуулахаар төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч сумын Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байгаа үйл баримт. Иймд багийн ИНХ-аас сумын Засаг даргад хандаж буй үйл баримт нь тус багт харьяалалтай иргэд шууд оролцон хуралдаж шийдвэр гаргадаг онцлогтой тул иргэний байгууллагаас /иргэд/ төрийн захиргааны албан тушаалтанд гаргаж буй өргөдөл юм. Тус харилцаанд иргэдийн Нийтийн Хурал ямар ч засагласан шинж чанар байхгүй харин сумын Засаг дарга Иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлан шийдвэрээ гаргах ёстой. Иргэний байгууллагаас /иргэдээс/ төрийн захиргааны албан тушаалтанд өргөдөл, хүсэлт гаргаж буй тул тус асуудлаар нэхэмжлэл гаргах эрх заасан байхыг шаардахгүй. Иймд тус харилцаанд Хэрлэн сумын Өндөрхаан багийн иргэдийн Нийтийн Хурлыг захиргааны байгууллага хэмээн шууд дүгнэж тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан нэхэмжлэлийг Хэнтий аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тус захирамжид өмгөөлөгч миний бие “Багийн ИНХ-аас сумын Засаг даргад хандаж буй харилцаанд дээд шатны захиргааны байгууллага байхгүй” гэх агуулгаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хангаж, захирамжийг хүчингүй болгосон. Гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэх үед нэхэмжлэгч багийн иргэдийн Нийтийн Хурал байсан бөгөөд үйл баримт өөрчлөгдөөгүй тул тэр үед ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой байсан. Гэвч тийнхүү шийдвэр гаргаагүй тул ЗХШХШтХ-ийн 122 дугаар зүйлийн 122.7-д заасны дагуу энэ асуудлаар эцсийн шийдвэр тул өөрийн эцэслэн шийдвэрлэсэн асуудлаар хуулийн дээрх заалтыг зөрчин дахин шийдвэр гаргах эрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд байхгүй.
  3. Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгээр дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сумын Засаг дарга шийдвэр гаргахдаа сонгох боломж хэрэгжүүлэх хуулийн хугацаа дуусгавар болсон. Багийн ИНХ-аас сумын Засаг даргад өөрийн багийн Засаг даргаа томилуулахаар санал болгож буй үйл ажиллагаа нь өөрөө иргэний байгууллагаас /иргэд/ төрийн захиргааны албан тушаалтанд гаргаж буй өргөдөл юм. Иймд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь заалт, 16 дугаар зүйлд заасан хугацааг баримтлана” гэж заасны дагуу тус харилцаанд энэхүү хуулийг баримтлана. Тус хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаар шийдвэрлэх хугацааг тодорхойлж өгсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-д заасны дагуу “томилох, томилохоос татгалзах” гэх хоёр сонгох боломжийн алийг хэрэгжүүлэх вэ? гэдгийг шийдвэрлэх үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-д заасан 30 хоног буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр дуусгавар болно. Хуульд заасан хугацаандаа шийдвэрлэх эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагаагаа явуулаагүй, сонгох боломжоо хэрэгжүүлээгүй бол захиргааны хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэх боломж, эрх хуульд зааснаар дуусгавар болж зөвхөн хуульд заасныг биелүүлэх /бие даан шийдвэрлэхгүй/ үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэнэ. Хэрлэн сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан шийдвэрийг гаргах боломжгүй бөгөөд зөвхөн хуульд заасан үндсэн чиг үүрэг болох 26.3-д зааснаар “томилох” үүргийг гүйцэтгэнэ. Иймд Хэрлэн сумын Засаг даргыг Г.Б-ийг Хэрлэн сумын Өндөрхаан багийн Засаг даргаар томилохыг даалгах ёстой.

Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Ц.Б-д тус сумын Өндөрхаан багийн Засаг даргаар Г.Б-ийг томилох шийдвэр гаргахыг даалгаж” өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь шүүхэд хандаж “Хэрлэн сумын Засаг дарга Ц.Б Хэрлэн сумын Өндөрхаан буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг шийдвэрлэлгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, уг тогтоолын биелэлтийг хангаж, Өндөрхаан багийн Засаг даргаар Г.Б-ийг томилох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн Засаг даргыг сонгох, томилохтой холбоотой асуудлаар багийн иргэдийн Нийтийн Хурал нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заагаагүй гэж дүгнэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасантай нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14-т заасан “тухайн хурлыг дотоод гадаадад төлөөлөх” бүрэн эрх нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд тусгайлан заасан эрх биш тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “багийн иргэдийн Нийтийн Хурлыг захиргааны байгууллага хэмээн шууд дүгнэж, нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн нь үндэслэлгүй, захирамжид гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар шийдвэр гаргаагүй, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин Г.Б төрийн албанд сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзвэл холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтойг давж заалдах шатны шүүх дурдсан байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0589 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН