Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-13
Дугаар 463
Хэргийн индекс 128/2017/0216/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Л.Ж
Хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Л.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Л.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, А.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0661 дүгээр магадлалтай, Л.Ж-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Ж-ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Ж-д 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны 6 сар, 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож Л.Ж-д олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг нийслэлийн Боловсролын газрын даргад даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0661 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлтэй нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/116 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, илт хууль бус захиргааны актад тооцож бүхэлд нь хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нэхэмжилсэн захиргааны хэргийг хэлэлцэж шийдвэр, магадлал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судалж дүгнэлт хийгээгүй, зохигчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал, үүссэн үр дагаврыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, илт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь Боловсролын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод 1, 2, 5-д заасан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлж “Б ж” цэцэрлэгт хяналт тавиагүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй 51 хүүхдийн санхүүжилт илүү олгож улсад хохирол учруулсан асуудалд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа тухай хариуцагчаас тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М өвчтэй, А.У миний бие шүүх хурал давхцсан тухай баримт болон шүүх хуралд биечлэн орох үүднээс хойшлуулах хүсэлт өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, шүүх хуралд биеэр оролцож үг хэлэх эрхийг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил тус бүрт дүгнэлт хийн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судалж дүгнэлт хийгээгүй” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэж, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал, үүссэн үр дагаврыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, илт нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан “нэхэмжлэгч нь Боловсролын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын 1, 2, 5-д заасан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлж “Б ж” цэцэрлэгт хяналт тавиагүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй 51 хүүхдийн санхүүжилт илүү олгож улсад хохирол учруулсан... Гэтэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд анхан шатны шүүх “...зөрчилд дурдсан ажлын байрны шинж байдал, үүссэн үр дагаврыг харгалзан үзээгүй, мөн ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүх удаа дараа шаардахад хариуцагчаас ирүүлээгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Түүнээс гадна энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “сахилгын зөрчил” гэхээсээ илүүтэй албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтын биелэлттэй холбоотой байх бөгөөд энэ тохиолдолд хуулийн өөр зүйл, заалт хэрэглэгдэх учиртайг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдаанд оролцон мэтгэлцэх боломжийг олгох үүднээс тэдний хүсэлтээр шүүх хуралдааныг өмнө нь хойшлуулж байсан, гэтэл шүүх хурал болсон өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-аас ирүүлсэн эмнэлгийн магадлагааны хугацаа дууссан байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул “хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг олгоогүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0661 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ