Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-08
Дугаар 446
Хэргийн индекс 128/2016/0041/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч "М" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд "Ф" ХХК
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамдинбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтангэрэл, Ш.Очирбат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0446 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0602 дугаар магадлалтай, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0446 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0602 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ийнхүү шийдвэрлэхдээ доорх 4 үндэслэлийг дурдсан. Үүнд:

  1. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж шаардлагатай дүгнэлтийг хийж, хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчид бүгд шүүх хуралдаанд оролцож, хэрхэн шийдвэрлэж байгааг сонсож мэдсэн бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулаагүй, техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлтийг оруулан, шаардлагатай нэмэлт дүгнэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хийх бүрэн боломжтой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд шийдвэрлэсэн гэдэг нь тодорхой харагдаж байхын зэрэгцээ шийдвэрийн удиртгал хэсэгт болон үндэслэх хэсгийн эхний хэсэгт нэмэгдүүлсэн шаардлагыг хянан хэлэлцлээ гэдгийг тодорхой тусгаж, үндэслэх хэсгийн төгсгөлд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн зэргээс үзэхэд энэ бол техникийн алдаа болох нь тодорхой харагдаж байна.
  2. Хэрэгт авагдсан баримтуудыг анхан шатны шүүхийн шүүгчид өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэж, шийдвэрээ гаргасан бөгөөд өөр бусад үнэлээгүй нотлох баримтыг тухайлбал тойм зургаас арай бага масштаб бүхий зургийг үнэлэх ёстой байсан гэж байгаа бол тэр баримт нь хэрэгт байж л байхад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байтал, нотлох баримт бүрэн цугласан хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.
  3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаж байгаа талбай дээр одоо гуравдагч этгээд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авсан байгаа бөгөөд холбогдох саналыг орон нутгаас авч, дэмжсэн хариу ирсний дагуу олгосон байдаг. Уг орон нутгаас авч байгаа санал бол компанийн нэр зааж, уг компанид тусгай зөвшөөрөл өгөх гэж байна, орон нутгаас дэмжих үү гэж авч байгаа санал биш, харин танай сумын тийм нэртэй газарт тусгай зөвшөөрөл олгох гэж байна, танайх дэмжих үү гэж саналыг авах тухай хуулийн зохицуулалт тул одоо тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдийн газрын байршил өөрчлөгдөхгүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн нэр л өөрчлөгдөх төдийд дахин санал авах, шаардлагагүй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн одоо эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн талбай нь байршлын хувьд нэхэмжлэгчийнхтэй давхцаж байгаа боловч хэмжээний хувьд илүү том бөгөөд орон нутгаас тухайн орон нутгийнхаа зайлшгүй хэрэгцээг үндэслэн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөх эрхтэй болохоос тусгай зөвшөөрөл хүсэгч нь таалагдахгүй бол дэмжихгүй байх эрхгүйгээ хуулиар зохицуулсан байгаагаас үзэхэд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
  4. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль бол Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх төрлийн газрын зураг болоод түүний нарийвчлалыг тогтоож хуульчилсан хууль юм. Уг маргаан нь зураг зүйн шүүлтийг буруу хийсэн, дээрх хуулийг зөрчиж шүүлт хийсэн талаарх маргаан юм. Тиймээс түүнийг энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах ёсгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд шүүх Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль бол уг маргаантай харилцааг тухайлан зохицуулсан хууль, тэр дундаа зургийн нарийвчлалыг уг хуулийн 5.3, 5.3.2, 5.4 дэх заалтууд нь тухайлан зохицуулсан заалтууд байхад түүнийг яагаад ингэж үзсэн нь “ойлгомжгүй” байна гэж дүгнэсэн нь өөрөө ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс гаргасан хууль хэрэглээний болон бусад алдааг давж заалдах шатны шүүхээс засаж залруулах эрхийг нь хуулиар олгочихоод байхад ойлгохгүй байна гэж дүгнэснийг юу гэж ойлгохоо мэдэхгүй байна. Шүүх хуулиа яаж хэрэглэхээ мэдэхгүй байна гээд байна уу, юу гэж ойлгохоо мэдэхгүй байна уу, энэ хэрэг дээр яаж хэрэглэхээ ойлгохгүй байна уу гээд маш олон ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

Эдгээрээс харахад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзвэл залруулах өөрчлөлтийг оруулах, буруу нотлох баримтыг үнэлсэн гэж үзвэл алдааг нь засах, агуулгад өөрчлөлт оруулах, яаж дүгнэх ёстой байсныг дурдах, техник алдаа гаргасныг зөвтгөх, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар засах зэрэг эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 зэрэг заалтуудаар зохицуулсныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн уг захиргааны хэрэгт бол хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд хангалттай бүрдсэний зэрэгцээ гагцхүү хууль хэрэглээний маргаан явагдаж байхад түүнд үндэслэлтэй дүгнэлт өгөлгүй, анхан шатны шүүхээс нотлох баримтыг өөрийнхөө дотоод итгэлээрээ, хуулийг уг хэрэгт тохируулан тайлбарлан хэрэглэсэн байгааг буруу гэж үзсэн бол юу гэж ойлгох ёстойг залруулан тайлбарлаж, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжтой байхад ойлгомжгүй байна, тодорхойгүй байна гэх мэтээр дүгнэлт өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс бол анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Ф” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь “Ф” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрлийг хэрхэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл бүрдсэн гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэлээ болгосон нь зөв байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлээгүй, зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэмэгдүүлсэн шаардлагын талаар дүгнэлт хийсэн, гагцхүү шийдвэрийн тогтоох хэсэгт оруулаагүй, техникийн алдаа гаргасан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр хэрэгт 1:100, 1:1185, 1:137220, 1:273936, 1:180064 масштабтай кадастрын тойм зургууд нотлох баримтаар авагдсан атал анхан шатны шатны шүүх зөвхөн 1:273936 масштабтай кадастрын зургийг нотлох баримтаар үнэлж, бусад зургийг ямар учраас үнэлээгүй тухай хууль зүйн үндэслэл бүхий тайлбар  хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүгчид өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан” гэх гомдол ч үндэслэлгүй.

Анхан шатны шүүх “М” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.6-д тус тус заасан шаардлагыг хэрхэн хангагдсан талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хуулийн боломжгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0602 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН