Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-13
Дугаар 464
Хэргийн индекс 125/2017/0017/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч У.М
Хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.Д
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

У.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0614 дүгээр магадлалтай, У.М-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.Д-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.М-ын “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаартай актыг хүчингүй болгуулж, 4,236,200 төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0614 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 дугаар актыг хүчингүй болгосон байна.

Хариуцагч Ц.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.Д би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 221/МА2017/0614 магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01/109 тоот удирдамжаар Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймаг нийслэлд дүүрэг сумдын нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, албадын болон гэрээгээр нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын 2012-2013 оны санхүүгийн болон бусад холбогдох баримт материалыг хамруулан Ховд аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс, Манхан, Мөнххайрхан, Алтай, Үенч сумдын халамж үйлчилгээний 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийв.

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21-08-004-136 тоот актаар Манхан сумын иргэн У.М-аар бүтэн өнчин хүүхдийг асран хамгаалсны тэтгэмж 4236200 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч актыг биелүүлээгүй.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт нь шалгалтад хамрагдсан хугацааны санхүүгийн баримт материалд бүтэн өнчин хүүхэд гэж үзэн халамжийн сангаас тэтгэмж олгосон нь хуульд нийцээгүй, А.А нэрээр хувийн хэрэг нээгдэж, эцэг А нь Ховд аймгийн Жаргалант суманд амьдарч байсан.

Харин 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 153/ШШ2016/00539 шийдвэрээр Б.А-ын эцэг байх эрхийг хассан шийдвэр гарсан байна.

Дээрх байдлаас үзэхэд: 1. Тухайн шалгалтад хамрагдсан хугацаанд А-ын эцэг байх эрх нь хасагдаагүй байхад улсын ахлах байцаагчийн тогтоосон актыг хүчингүй болгосныг Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасныг буруу тайлбарласан.

2. Тухайн хяналт шалгалт хийх үеийн нөхцөл байдалд бус, өөрчлөгдсөн нөхцөл байдлыг үнэлж дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ “нэхэмжлэгчээс зээ охиноо үрчилсэн, овог нэрийг нь солиулсан зэргээс үл хамааран М.А-ыг “бүтэн өнчин хүүхэд” гэж тодорхойлох үндэслэлгүй” гээд маргаан бүхий актыг хууль ёсны гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нь давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч У.М яагаад М.А-ын асран хамгаалагчаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй...” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “М.А нь 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эх М.С нь 2001 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, тэр үеэс эхлэн охиныг эцэг нь бус харин У.М асран хамгаалж өсгөсөн, иймээс Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар захирамжаар У.М-ыг А.А-ын асран хамгаалагчаар тогтоосон, уг захирамжийг өөрчилсөн, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй өнөөдрийг хүрсэн, ... гэтэл анхан шатны шүүх дан ганц эцэг Б.А нь амьд байгаа гэдэг үндэслэлээр М.А-ыг нийгмийн халамж шаардлагагүй, өөрөө бие даан амьдрах боломжтой байсан мэтээр дүгнэсэн нь Нийгмийн халамжийн тухай хуулийн зорилтод нийцэхгүй юм.

Тодруулбал, хэдийгээр М.А-ын эцэг нь амьд байгаа, энэ утгаараа Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “бүтэн өнчин хүүхэд” гэсэн ойлголтод шууд хамаарахгүй ч охины эх нь түүнийг 7 сар 11 хоногтой байхад нь нас барсан, тэр цагаас хойш эцэг нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй, иймээс У.М нь охины асран хамгаалагчаар тогтоолгосон зэрэг бодит байдлыг үгүйсгэх боломжгүй бөгөөд энэ бүх байдал нь М.А-ыг асран хамгаалуулах ёсгүй, түүнийг асран хамгаалж байгаа иргэн буюу нэхэмжлэгч нь хүүхэд асаргааны тэтгэмж авах эрхгүй гэж үзэх боломжгүй.    

Нөгөө талаар асаргааны тэтгэмжийн зориулалт нь асран хамгаалуулж байгаа хүүхдийн наад захын хэрэгцээг хангахад чиглэгддэг бөгөөд нэгэнт энэ зориулалтаар хүүхдэд зарцуулагдсан тэтгэмжийг нэхэмжлэгчээр буцаан төлүүлэх үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасныг буруу тайлбарласан, тухайн хяналт шалгалт хийх үеийн нөхцөл байдалд бус, өөрчлөгдсөн нөхцөл байдлыг үнэлж дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн утгатай гомдлыг хангах боломжгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0614 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ