Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-01
Дугаар 421
Хэргийн индекс 128/2017/0244/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Б.Г
Хариуцагч Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, Г.Хандмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 468 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0564 дугаар магадлалтай, Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0564 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар  “Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны тухай” тогтоолын 1.1-д “Хууль тайлбарлах ажиллагаа нь аливаа хуулийн зүйл заалт буюу эрхийг хэм хэмжээнд туссан эрх зүйн харилцааны зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх зорилготой, эрх зүйн ухамсар, хууль хэрэглээний үндсэн зарчим, зүй тогтолд тулгуурласан, логик дүгнэлт бүхий танин мэдэхүйн ажиллагаа юм” гэж заагаад албан ёсны тайлбарыг тодорхой бус, салаа утгатай, хоёрдмол санаа агуулсан, хэрэглэхэд хүндрэл учруулсан хуулийн зүйл заалтыг тухайн хэм хэмжээний агуулгад багтаан, хуулийн бусад зохицуулалттай харьцуулсны үндсэн дээр гаргана. Албан ёсны тайлбараар тухайн эрхийн хэм хэмжээнд тусгагдаагүй шинэ хэм хэмжээг тодорхойлж болохгүй гэж заасан байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна” гэж заасан.  Мөн хуулийн 7.1-д 512 бөх барилдах талаар харин 7.2 дахь зохицуулалтад 1024-н бөх барилдах онцгой зохицуулалтын талаар хуульчилсан байх бөгөөд дээрх хоёр нөхцөлийн аль нь ч байсан шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс л шинжилгээ авахаар зохицуулсан байна.

Энэ нь аливаа салаа утгагүй, нэг мөр ойлгогдохоор туйлын тодорхой байна. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус хуулийн 10.2-т заасныг тайлбарлах замаар өөр хэм хэмжээ тогтоон, хэм хэмжээний агуулгаас нь хэтрүүлэн 5 давж улсын начин цолны болзол хангасан бөхөд сэргээшийн шинжилгээ хийхээр байна хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Хуулийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах, эргэлзээ бүхий үндэслэл байгаа тохиолдолд эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлалгүй Засгийн газрын тогтоолыг үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Мөн хууль, хэм хэмжээний акт зөрчилдсөн тохиолдолд хуулийг дагаж мөрдөх байтал Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 8.2-т заасныг баримтлан хуулийг тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний алдаа гэж үзэхээр байна.

2. Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт хэрэглэн дүгнэлт гарган хэргийг хянан шийдвэрлэсэн тухай:

Давж заалдах шатны шүүхээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”, “Үндэсний их баяр наадмын сэргээшийн төрлийн эм зүйн ангилалд хамрагдах бодисын жагсаалт”-ыг үндэслэн дүгнэлт гарган хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Тус журам нь тодорхой салбарын хүрээнд буй бүх этгээдэд үйлчлэх шинжтэй байх бөгөөд уг хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцаанд оролцох нь тодорхойгүй этгээдэд чиглэсэн буюу шинжилгээ хийлгэхээр заагдсан бүхий л этгээдэд чиглэсэн шинжтэй байна.

Гэтэл энэхүү журмууд нь хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй. Энэ нь Хууль зүйн яамны албан ёсны лавлагаагаар тодорхой болдог.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж, 67.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заасан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр бус “Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”, “Үндэсний их баяр наадмын сэргээшийн төрлийн эм зүйн ангилалд хамрагдах бодисын жагсаалт” зэргийг баримтлан дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Допингийн эсрэг үндэсний төв” ТББ-ыг сэргээшийн шинжилгээ авах эрхтэй этгээд гэж буруу дүгнэсэн тухайд:

Шөвгийн 16-н бөхөөс шинжилгээ авах ажлын хэсэг томилогдоогүй, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг Спортын анагаах ухааны чиглэлийн 14 эмч нарын бүрэлдэхүүнтэй баталж, даргаар нь Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат гэх хүн ахалсан байдаг. Энэ тогтоол нь нэр бүхий 12 эмчийг томилсон тогтоол болохоос биш “ДЭҮТ” ТББ-ын томилсон тогтоол биш юм.

Гэтэл ямар нэгэн байдлаар эрх олгогдоогүй этгээд болох “ДЭҮТ” ТББ нь бөхчүүдээс шинжилгээ авч, шинжилгээний сорьцыг Бүгд Найрамдах Солонгос улс руу явуулах, хариуг хүлээн авах, ирсэн хариуг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо болон МҮОХ, МҮБХ-д хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа нь өөрөө хууль бус юм.

Өөрөөр хэлбэл Бөхийн салбар хороо, МҮОХ сэргээшийн шинжилгээний сорьц авах, хадгалах, шилжүүлэх ажлыг хамтран зохион байгуулах эрхтэй боловч  “ДЭҮТ” ТББ нь шинжилгээ авах, сорьц хүргүүлэх эрх бүхий этгээд биш юм.

Захиргааны хэргийн шүүхээс Хуулийн этгээдийн Улсын бүртгэлээс гаргуулан авсан “ДЭҮТ” ТББ-ын үүсгэн байгуулах бичиг баримтад тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар Н.Цогтсайханыг томилсон байна. Гэтэл тус байгууллагыг Г.Сүхбат гэх этгээд төлөөлж дээрх бүхий л байгууллагууд болон шүүхэд гарган өгсөн баримтад гарын үсэг зурж оролцсон нь “ДЭҮТ” ТББ-ыг төлөөлж оролцох эрхгүй (албан ёсны бүртгэл байхгүй) этгээд оролцож байгаа бөгөөд шинжилгээг эрх зүйн чадамжгүй этгээд хийсэн нь тодорхой байхад шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт өгөөгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

4. Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй тухайд:

Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны байгууллага акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг тогтоож түүнд сонсгох ажиллагааг явуулаагүй шинжилгээгээр зөрчилтэй гарсан 2 бөхөд яагаад ялгамжтай хандах болсон, Б.Г-ийн цолыг яагаад хасах болсон зэрэг олон нөхцөл байдлыг тодруулах, Б.Г хуулиар олгосон эрхээ эдэлж, тайлбар хийх, баримтаа танилцуулах зэрэг боломжийг олгоогүй болно. Гэтэл Захиргааны давж заалдах шатны шүүхээс ““А” сорьцын хариу ирснээр түүнтэй танилцаж, өөрөө хүсэлт гаргаснаар  “Б” сорьцыг дахин шинжилгээнд явуулсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд тэрхүү хариуг үндэслэн хийгдсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэснээс харвал тухайн захиргааны акт гаргаснаар хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй буюу акт гарах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлын үед болсон процессыг сонсох ажиллагаа явуулсан мэтээр тайлбарласан байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...шүүхүүд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг буруу тайлбарласан, ...хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт хэрэглэж дүгнэлт хийсэн, ... допингийн шинжилгээ хийх этгээдийг буруу дүгнэсэн, ...сонсгох, мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй...” гэх гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Тулгар төрийн 225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон Б.Г-ийн 5 давсан давааг хүчингүй болгож, Улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоол нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.3-д заасантай нийцсэн, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, технологийн институтийн допингийн хяналтын лабораторийн А, Б сорьцын шинжилгээгээр Б.Г-ийн сорьцод допингийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсоныг хариуцагч тогтоол гаргахдаа үндэслэл болгосон, шинжилгээний хариу хүчинтэй байхад уг тогтооолыг хууль бус гэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

 Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Улсын баяр наадамд дараахь амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно”, 7.1.1-д “тав давсан бөхөд улсын начин”; 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн “16”-д үлдсэн бөх...-ийг сэргээшийн шинжилгээнд “заавал” оруулна” гэж заасан нь шөвгийн “32”-т үлдэж, “начин цол” авсан бөхийг сэргээшийн шинжилгээнд оруулахыг хориглож, хязгаарласан зохицуулалт биш болно.

Тодруулбал, хуулийн холбогдох заалтын агуулгаас үзвэл, улсын баяр наадамд барилдаж, 5 давсан бөхөөс эхлэн улсын цол олгох бөгөөд, эдгээр цол авсан бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд оруулах, шинжилгээнд оруулах бөхийн тоо шөвгийн 16-с бага байж болохгүй талаар дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “... шөвгийн “16”-д үлдсэн бөхийг шинжилгээнд заавал оруулах” гэж зохицуулсан байна. 

Иймээс шөвгийн 32-т үлдэж улсын начны болзол хангасан Б.Г-ийг сэргээшийн шинжилгээнд оруулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь буруу биш  болохыг  шүүхүүд холбогдох хуульд нийцүүлэн зөв дүгнэжээ.

Захиргааны байгууллагын шийдвэр дээрх байдлаар хуульд нийцэж байх тул  Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны 2007 оны “Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд шинжилгээ хийх журам батлах тухай” 03 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэх Хууль зүй дотоод хэргийн яамны албан бичгийн дагуу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлага болох маргаан бүхий захиргааны акт буюу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолын тухайд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь зөв бөгөөд уг тогтоолын үндэслэл болсон сэргээшийн шинжилгээний хариу нь дээр дурдсанаар хүчин төгөлдөр байхад “Допингийн эсрэг Үндэсний төв” ТТБ-ыг шинжилгээ авах эрхтэй эсэх асуудлыг дүгнэх шаардлагагүй юм.

Үүнээс гадна нэхэмжлэгч Б.Г нь “Сэргээш хэрэглээгүй тухай батламж”-д “...сорьцын лабораторийн шинжилгээнд жагсаалтад орсон бодис хэрэглэсэн тухай хариу гарвал Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасан шийтгэлийг хүлээхэд гомдолгүй болохоо илэрхийлж гарын үсгээ зурсан, “А” сорьцын хариутай танилцсан, өөрөө хүсэлт гаргаснаар “Б” сорьцыг дахин шинжилгээнд явуулсан байна.

Мөн сорьцын шинжилгээний хариуны талаар Үндэсний Их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцсэн, сонсгох ажиллагааг уг салбар хороон дээр хэлэлцэхээр байх тул хариуцагч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороог маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй болохыг шүүхүүд зөв дүгнэжээ.

Шүүхүүд маргааны үйл баримтад хамаарах Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 468 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн  221/МА2017/0564  дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                                               Л. АТАРЦЭЦЭГ