Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-14
Дугаар 465
Хэргийн индекс 128/2016/0509/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Д" ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд "М и к"ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0309 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0625 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0309 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А/236 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/277 дугаар тушаалын “М и к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/265 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий гуравдагч этгээд “М и к” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0625 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд “М и к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. “Д” ХХК нь “С т” ХХК-ны Дархан цаазат Богд-хан уулын Энхтайваны аманд эзэмшиж байсан 2 га газрыг компанийн эзэмшигч нэг хүн гэсэн үндэслэлээр нэр шилжүүлж авсан байдаг. Ингээд хуульд заасан үүргийнхээ хувьд “Д” ХХК нь газар эзэмших гэрээ хийгээгүй учир Богд-хан уулын дархан цаазат газрын нутгийн захиргаа, төрийн захиргааны байгууллагуудын зүгээс хаяг байршил тодорхой биш учир “Д” ХХК-тай харилцах үндэслэл байхгүй байсан байна гэж ойлгож байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 40.1.6-д заасан “газраа 2 жил дараалан хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй” гэх үндэслэлээр цуцалсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тодорхойлохдоо газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг хангалттай цуглуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх “Д” ХХК олон албан байгууллагуудад албан бичиг явуулж байсан, төрийн захиргааны байгууллагуудад хүргэгдсэн эсэх, албан бичгүүдэд ямар хариу өгөгдсөн, төрийн захиргааны байгууллагуудад ямар шийдвэр гаргасан эсэх, уг шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглахад хэрхэн нөлөөлсөн талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж, эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байжээ гэж үзсэн байна. Үнэхээр “Д” ХХК төрийн захиргааны албан байгууллагуудад албан бичиг явуулж тэдгээр байгууллагууд “Д” ХХК-ийн газар эзэмших эрхэнд ямар нэгэн хэлбэрээр хөндсөн шийдвэр гаргаж байсан бол “Д” ХХК хуулийн байгууллагад хандах байсан энгийн логик ойлголт болно. Үүнд дүгнэлт хийх нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасанд ямар ч ач холбогдолгүй гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан 15 дугаар тогтоолд хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг тодорхой тайлбарлаж зааж өгсөн байдаг. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0625 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 309 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-265 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Д” ХХК-д Хан-Уул дүүргийн Богд-хан уулын дархан цаазат газрын “Энхтайваны ам” гэх газарт 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгосон байна.

Гэвч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлүүдээр “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д эрх бүхий албан тушаалтан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байна.

Нэхэмжлэгчээс “манай компани үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулсан, газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан, ...тус газарт Таван одтой зочид буудал барьж байгуулах төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа, ...төслийн нарийвчилсан үнэлгээг мэргэшсэн компаниар хийлгэж, төрийн эрх бүхий байгууллагаар батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа хандаж байсан...” гэж маргажээ. 

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаан бүхий актын үндэслэл болсон “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлийг шалгаж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна. 

Учир нь, нэхэмжлэгч “Д” ХХК нь газрыг зориулалтын дагуу ашиглаж байсныг нотлох баримт гэх 2013 оноос хойшхи хугацаанд төрийн захиргааны байгууллагуудад хандан, барилгын зураг төслийг батлуулах, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл хүсч гаргасан албан бичгүүд болон “Пигг” ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт гаргасан “Тайлан хэлэлцүүлж, батлуулах тухай” 2015 оны а/32, а/33 тоот албан бичгүүд хэрэгт авагджээ.

Иймд шүүх тэдгээр албан бичгүүд тухайн захиргааны байгууллагуудад хүргэгдсэн эсэх, хүргэгдсэн бол хэрхэн шийдвэрлэсэн буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч газраа ашиглаагүй нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулах нь хэргийн нөхцөл байдлыг тодруулах, захиргааны актын үндэслэлд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.

Харин, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захиргааны актын нэг үндэслэл болох газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэсэн нь нотлогдоогүй, тус компанийн газрын төлбөрийг төлсөн санхүүгийн баримтуудаар нэхэмжлэгч 2012 оноос хойшхи хугацааны газрын төлбөрийг төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тогтоогджээ. 

Иймд, анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0625 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                      Б.МӨНХТУЯА