Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-08
Дугаар 447
Хэргийн индекс 128/2017/0124/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Д.Т
Хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын сайдад
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Т-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д нарыг оролцуулан хийж, Д.Т-гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0330 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0577 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0330 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Т-г Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 543.226 /таван зуун дөчин гурван мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0577 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг баримтлан гэснийг Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Д.Т нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.О-ын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Т-г Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих ёсоор нөхөн төлж, эдгээр даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах зэрэг шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн хариу тайлбар, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд тогтоосон хугацаанд нь хүргүүлсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүх 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 221/МА2017/0577 дугаар магадлалаараа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “...албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших...”-ыг хориглодог бөгөөд уг заалтыг зөрчвөл тус хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ажлаас халах хүртэл арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай. Гэвч яамны удирдлагууд захиргааны санаачлагаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэн Д.Т-г олон жил ажилласан, өрх толгойлсон эмэгтэй гэдгийг харгалзан, албан тушаал бууруулан, мэргэжилтнээр ажиллуулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэн Д.Т-гийн гаргасан санхүүгийн зөрчлийг 2013 онд тус яамны удирдлагууд мэдэх ёстой байсан мэтээр үндэслэлгүй тайлбарлаж, сахилгын арга хэмжээ авах хугацаа нь өнгөрсөн байна гэж үзсэн.

Д.Т-гийн гаргасан санхүүгийн зөрчлийг мэдсэн даруйдаа яамны удирдлагууд хуулиар тогтоосон хугацаанд багтаан, Төрийн албаны болон Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн холбогдох арга хэмжээнүүдийг авч, сайдын тушаалыг гаргуулсан. Д.Т нь Засгийн газрын тусгай санд байршуулах ёстой мөнгөн хөрөнгийг байгууллагынхаа данс руу шилжүүлэн авсан нь хууль бус юм. Тухайлбал, Байгаль орчны салбарын хуулиудад энэхүү асуудлыг дараах байдлаар хуульчилжээ.

Үүнд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаль хамгаалах санд оруулна”, ...“Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна..., 1/ойн санд учруулсан хохирол, энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсанаар тогтооно: 1/ ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэж”, “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Байгаль хамгаалах сангийн хөрөнгө энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ, 12 дугаар зүйлийн 12.1.4-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, 40 дүгээр зүйлийн 40.3-д “энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлбөр, хураамж, түүнчлэн хууль бусаар бэлтгэж хураалгасан мод, модон материал, ойн дагалт баялгийг борлуулсны орлого, энэ хуулийн 42.1-д заасан нөхөн төлбөрийг хуульд заасны дагуу төсөвт оруулна” гэж тус тус заасан байдаг. Төсвийн данс буюу Байгаль хамгаалах сангийн данс руу мөнгө тушаалгах, байгууллагынхаа дансаар уг мөнгийг авах нь хоёр өөр ойлголт юм.

Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэдий ч дээрх Байгаль орчныг хамгаалах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Т нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Засгийн газрын тусгай санд байршуулах ёстой мөнгөн хөрөнгийг байгууллагынхаа данс руу шилжүүлж авсан нь хууль бус...” гэж маргасан, нэхэмжлэгчээс “...3 сая төгрөгийг байгууллагын дансанд төвлөрүүлсэн нь хуульд заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлд хамаарахгүй, ...уг мөнгө нь хохирлын нөхөн төлбөр биш, модны экологи-эдийн засгийн үнэлгээний төлбөр” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасан бөгөөд энэ зүйлд заасан “хангалтгүй” биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолтод заасан болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.

Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/28 дугаар тушаалаар ““Хурдны зам” ХХК-аас зориулалтын бус 3,000,000 төгрөгийг хамгаалалтын захиргааны дансанд төвлөрүүлж хариуцлага алдсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Т-г Завхан аймаг дахь Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албанаас чөлөөлж, албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна.

Учир нь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн  4-д байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих үйл ажиллагаа явуулж болохыг хуульчилжээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Хурдны зам” ХХК нь 2013 онд зохих зөвшөөрөл, журмын дагуу Архангай аймгийн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэлх хатуу хучилттай зам барих ажлыг гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлын явцад Тарвагатайн нурууны Солонготын даваа орчимд зам барихдаа замын трасс /зураг/-т орсон 33 ширхэг нойтон модыг огтолж, тус модны экологи-эдийн засгийн үнэлгээний төлбөрт 3,000,000 төгрөгийг тус хамгаалалтын захиргааны дансанд төлсөн байна.

Тухайн үед, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын гаргасан 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 129 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Тарвагатайн нурууны хамгаалалтын захиргаанд: Батлагдсан зургийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа “Хурдны зам” ХХК-тай хийсэн гэрээнд модны экологи-эдийн засгийн үнэлгээг хамгаалалтын захиргааны дансанд төвлөрүүлэх талаар заалт оруулж, хэрэгжилтийг биелүүлэх...” гэж дүгнэсний дагуу хамгаалалтын захиргаанаас шаардсанаар тус компани модны үнэлгээний төлбөрийг хамгаалалтын захиргааны дансанд төлсөнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, “Хурдны зам” ХХК нь хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж, 33 ширхэг огтолсон модны экологи-эдийн засгийн үнэлгээний нөхөн төлбөрийг хамгаалалтын захиргааны дансанд төлснийг байгаль орчинд хохирол учруулсны нөхөн төлбөр гэж, уг төлбөрийг тусгай санд төлөх ёстой гэж үзэх үндэслэлгүй, уг төлбөр нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д заасан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэсэнд хамаарахгүй юм.  

Ийнхүү нэхэмжлэгч Д.Т-гийн албан тушаалыг бууруулах хуульд заасан үндэслэл бүрдээгүй буюу албаны чиг үүрэгт тусгагдсан үүргийг хангалтгүй  биелүүлсэн нь тогтоогдоогүй байхад хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан, хариуцагчаас 2013 онд гаргасан зөрчилд 2016 онд албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26.4-д заасныг зөрчсөн гэсэн буруу дүгнэлт хийсэн. 

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж, нэхэмжлэгч Д.Т-г албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй талаар хууль зүйн үндэстэй дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах маргаанд шууд хамааралгүй хуулийн заалтыг баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг магадлалд оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0577 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0330 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “26 дугаар зүйлийн 26.4” гэснийг хасч, “40 дүгээр зүйлийн 40.1” гэж нэмж” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ 

                               ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА