Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-14
Дугаар 466
Хэргийн индекс 128/2016/0234/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ж.Н
Хариуцагч Улсын ерөнхий прокурор, Прокурорын мэргэжлийн зөвлөл
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ж.Н-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нарыг оролцуулан хийж, Ж.Н-гийн нэхэмжлэлтэй, Улсын ерөнхий прокурор болон Прокурорын мэргэжлийн зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0658 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаар шийдвэрээр: Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.1.6, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.5 дахь заалтад заасныг баримтлан Ж.Н-гийн нэхэмжлэлээр Улсын ерөнхий прокурор, Прокурорын мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргаснаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Н-д холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулж, Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын ерөнхий прокурорт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0658 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Прокурорын мэргэжлийн зөвлөл, Улсын ерөнхий прокурорыг хариуцагчаар татсан Ж.Н-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаар шийдвэрээрээ хэрэгсэхгүй болгосон ба уг шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0658 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Ж.Н нь анх 2016 оны 3 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нотлох баримт дутуу, бүрэн гүйцэд цуглаагүй үндэслэлээр удаа дараа хурал хойшилж байгаад нотлох баримт бүрэн бүрдсэн гэж үзэн 2016 оны 12 дугаар сард анхан шатны шүүх хурал болж шийдвэр гаргасан. Улмаар хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сард хэлэлцэн анхан шатны шүүхэд хэргийг буцаасан ба үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан шаардлагуудыг бүрэн гүйцэд дүгнээгүй гэж үзсэн.

2017 оны 6 дугаар сард анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримт бүрэн гүйцэт цугларсан, харин Ж.Н нь шалгалтанд 54 оноо авснаа тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн өгсөн шалгалтуудынхаа хамгийн өндөр оноо авсан буюу хяналтын ажлын чанар үр дүнгийн 30 онооноос 20 оноо авсан хэсэгтээ маргаад, бусад бага оноо авсан хэсгүүдтэйгээ маргахгүй байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Дээр дурдсан удаа дараагийн буюу нийт 4 удаагийн шүүх хуралдаанд нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нотлох баримт бүрдээгүй талаар хэлэлцэгдэж, яригдаж байгаагүй ба зөвхөн шалгалтын онооны талаар нэхэмжлэгч тал маргаж байсан.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь анхан шатны шүүхийн үйл ажиллагаа болон талуудаас гаргуулсан нотлох баримтын бүрдлийн талаар цухас дурдсан төдийгүй Прокурорын байгууллагын тухай хууль /2002 оны/ 4.1, 18.1.4, 18.1.6, 42.1, 43.1, 43.1.5 дахь үндэслэл бүхий заалтууд нь тухайн үйл явдлыг шийдвэрлэх боломжтойг илтгэсэн атал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үйл баримтыг нотолсон нотолгоог үнэлээгүй нь шүүх шийдвэрлэх боломжтой үйл явдлыг шийдвэрлэхээс татгалзаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан хэргийг буцаасан нь хэрэгт цугларсан үйл баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Чухамдаа энэ хэрэгт өмнө нь уг шийдвэртэй адилаар “нотлох баримтыг цуглуулж, тал бүрээс нь харьцуулан үзэж, дүгнэлт хийгээгүй” гэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0223 дугаар магадлал гарсан байдаг. Энэ талаас харвал өмнө нь тус хэргийн нотлогдвол зохих зүйлсийг тодорхойлсон, анхан шатны шүүх тухайн шийдвэрийн дагуу нотлогдвол зохих баримт, нотолгоог цуглуулан авсан, мөн анхан шатны журмаар шийдвэрлэхдээ зайлшгүй нотлох шаардлагатай зүйлсийн нотлох баримтуудыг гаргуулан хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй төдийгүй шийдвэрлэсэн байдал нь тухайн үйл явдлыг олж тогтоон, цаг хугацааны хувьд зөрүүтэй байсан үйл баримтуудыг шинжлэн судалж шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ үйл явдлыг магадлалдаа харж үзэх ёстой байсан хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Прокурорын мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0658 дугаар магадлалыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гардан авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Учир нь, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгаж, дүгнэх Улсын ерөнхий прокурорын орлогч толгойлсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана”, 42.3-д “Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхийлөгч батална” гэж хуульчилж өгсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийн 264 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралтаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Мөн дээрх зарлигийн хавсралтаар батлагдсан журамд нийцүүлэн Улсын ерөнхий прокурорын 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/65 дугаар тушаалын хавсралтаар “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журам”-ыг батлан гаргасан.

...“Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 3 дугаар зүйлд Зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээг нарийвчлан зохицуулсан. Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслахууд, аймаг, нийслэл, тээврийн прокурорын саналын дагуу тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх” гэсэн чиг үүргийн хүрээнд Булган аймгийн прокурор Б.Эрхэмбаатараас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1/428 дугаар албан бичгээр “...Хяналтын прокурор Ж.Н нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 дугаар зүйлд заасан ...заалтыг болон ...аргачилсан зааврыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс 2013 онд 4 хэрэг, 2014 онд 3 хэрэг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар 5 хэрэг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж, прокурорын ажлын гологдолд тооцогдсон... Хяналтын прокурор Ж.Н нь ...хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдсөн байхад хяналтаараа илрүүлж чаддаггүй, мөрдөн байцаалтын ажиллагааг удирдах чадвар хангалтгүй, эрүүгийн хэрэг, материал хянах, шалгах явцдаа холбогдох хуулийг хэрэглэх ур чадвар хангалтгүйгээс ажлын гологдол гаргасан гэж дүгнэж байна. ...Ж.Н-гийн гаргасан алдаа зөрчлийг аймгийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар 3 удаа хэлэлцэж, аймгийн прокурорын тушаалаар 3 удаа сахилгын шийтгэл хүлээлгэсэн... Хяналтын прокурор Ж.Н нь прокуророор ажиллах хугацаандаа удаа дараа ноцтой зөрчил гаргаж байгаа тул мэргэшлийн түвшинг шалгуулж, эрхэлсэн ажилдаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулах санал гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргасан.

“Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 4.5 дахь хэсэгт заасны дагуу Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Э хяналтын прокурор Ж.Н-гийн хяналтын ажлыг шалгахыг Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б-д даалгаж, дээрх саналын нүүрэн хэсэгт цохолт хийсэн. Тодруулбал, Мэргэжлийн зөвлөлийн дарга прокурорын хяналтын ажлыг шалгуулахаар даалгахдаа санал дээр бичгээр цохолт хийдэг болохоос ямар нэгэн эрхийн акт гаргадаггүй, эрхийн акт гаргана гэсэн заалт дээр дурдсан 2 дүрэмд тусгагдаагүй байхад огт байхгүй эрхийн актыг хэрэгт хавсаргуулахаар магадлалын 5-р дугаар хуудсанд “Түүнчлэн 2005 оны 11 дүгээр сард Д.Б-ыг Ж.Н-гийн ажлыг шалгаж, танилцуулга бичүүлэхээр томилсон ямар шийдвэр байна гэдгийг тогтоох шаардлагатай. Хариуцагчийн тайлбараар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Э нь Д.Б прокурорыг томилсон” гэж олонтаа дурдагдаж байгаа боловч чухамхүү Д.Б-ыг томилсон ямар нэгэн эрхийн акт хэрэгт авагдаагүй байна гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б-ын 2015 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 10 дугаар танилцуулга нь мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авах, эсхүл авахгүй байх гэсэн үр дагаваргүй.

Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 4.1-д “Энэ журмын 3.1-д заасан бүх тохиолдол нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг заавал шалгаж, тогтоох, дүгнэлт гаргах үндэслэл болно” гэж Прокурорын мэргэжлийн зөвлөлд санал гаргасан тохиолдол бүрт прокурорыг мэргэшлийн шалгалтанд оруулж, дүгнэлт гаргах талаар тодорхой зааж өгсөн байхад давж заалдах шатны шүүх “Танилцуулга нь мэргэшлийн шалгалт авахгүй байх үр дагавартай юм бол Ж.Н-гийн ажлыг 2015 оны 11 дүгээр сард Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс хүн томилогдон очиж шалгаж байгаа үйлдэл нь “мэргэшлийн шалгалтын нэг хэсэг” болж чадахааргүй байна” гэж буруу дүгнэлт хийсэн. Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б хяналтын прокурор Ж.Н-гийн хяналтын ажлыг 2014 он, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар газар дээр нь очиж биечлэн шалгаж байгаа шалгалт нь “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 4.8.г-д заасан “хяналтын ажлын чанар, үр дүнгийн талаар судалгаа авч, ажилтай нь биечлэн танилцах замаар үнэлгээ дүгнэлт өгөх” гэсэн шалгалтын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ үеэс шалгалтын ажиллагаа эхэлсэн гэж үзнэ.

Дээрх хяналтын ажлын чанар, үр дүнгийн талаар судалгаа авах, ажилтай нь биечлэн танилцах ажиллагаа буюу хяналтын прокурорын ажлыг шалгах ажиллагаа нь “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 4.5, “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх, журам”-ын 3.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу урьдчилан хийгддэг бөгөөд хяналтын прокурорын ажлыг хэдий хугацаанд шалгах талаарх зохицуулалт мөн адил байдаггүй. Хяналтын прокурорын ажлыг шалгасны дараа Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Э 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэр гаргаж, прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, шалгалтын товыг тогтоосны дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авсан. Энэ шийдвэр нь шалгалтыг эхлүүлж байгаа шийдвэр биш, харин 5 чиглэлээр прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгаж, дүгнэх товыг тогтоож, мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд үүрэг даалгавар өгч буй хэлбэр юм.

Мэргэжлийн зөвлөлийн гишүүд “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 4.7-д заасны дагуу 5 чиглэлээр прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх ажиллагааг үүрэг даалгавар өгөгдсөнөөс хойш 15 хоногт багтаан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан байхад давж заалдах шатны шүүх нэгэнт шалгаж тогтоосон зүйлийг дахин шалгуулахаар “шалгалт хэзээний, ямар шийдвэрээр эхэлсэн гэж үзэх вэ” гэдгийг тогтоогоогүй байна ... 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын хэсэг томилж байгаа шийдвэр нь шалгалтыг эхлүүлж байгаа шийдвэр юм уу, эсвэл Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б прокурорыг томилж, Ж.Н-гийн ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний байдлаар шалгуулж байгаа нь “шалгалт эхэлж байгаа хугацаа” юу гэдгийг тоггоох шаардлагатай байна ... 2015 оны 11 дүгээр сард Ж.Н-гийн ажлыг шалгаж эхэлснээр прокурорын мэргэшлийн шалглт эхэлж байгаа бол энэ нь холбогдох дүрэм, журам болон хуулийн аль зүйл, заалтаар энэ цаг үеэс эхэлж байгаа гэж анхан шатны шүүх үзээд байгаа болохоо үндэслэх шаардлагатай... 15 хоног гэсэн хугацаа байна. Энэ хугацааг хэзээнээс яаж тоолох юм гэдэг талаар дүгнэлт хийх шаардлагатай” гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Ж.Н нь гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шалгалтанд 30 оноо авахаас 6 оноо, ярилцлаганд 20 оноо авахаас 14 оноо, прокурорын эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах шалгалтанд 10 оноо авахаас 4 оноо, үндэсний монгол бичгийн шалгалтанд 10 оноо авахаас 10 оноо, хяналтын ажилд 30 оноо авахаас 20 оноо тус тус авч, нийлбэр дүнгээрээ 54 оноо авч, “Хангалтгүй” гэж үнэлэгдсэн. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шалгалтын дүнг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, уг журмын 5.11 дэх хэсэгт заасны дагуу 60-аас доош оноо авсан тул “Прокурорын албан тушаалд тэнцэхгүй” гэсэн 01 дүгээр дүгнэлт гаргасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

“Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх, журам”-ын 4.1-д заасны дагуу хяналтын ажлын үнэлгээг 0-30 хүртэл оноогоор дүгнэдэг бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б, Ж.Н-гийн хяналтын ажилд 20 оноо өгсөн талаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтэд “Аймгийн прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 тоот тушаалаар “хяналтын ажлын алдаа гаргаж, шүүхээс 3 хэрэг буцаасан” гэсэн үндэслэлээр сахилгын сануулах, мөн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/08 тоот тушаалаар “эрүүгийн 201406000214 дугаартай хэргийн мөрдөн байцаалт явуулах 1-3 дугаар хугацааг өөрөө дур мэдэн сунгасан, эрүүгийн 201406000214, 201406000268, 201406000189 дугаартай хэргүүдийн мөрдөн байцаалтын хугацааг сунгуулалгүй, хэтрүүлсэн байхад хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, эрүүгийн 201406000410 дугаартай хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн зөрчлийг хяналтаараа илрүүлж засуулаагүй, эрүүгийн 201406000191 дугаартай хэргийг бүрдэл хангагдаагүй байхад шүүхэд шилжүүлснээс шүүх нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан үндэслэлээр албан тушаалын цалинг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ тус тус авагдсан, 2014-2015 оны 11 дүгээр сарын 09-ний байдлаар түдгэлзүүлсэн 5, хэрэгсэхгүй болгосон 2, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 1 тогтоол нь аймгийн прокурорт хянагдаж хүчингүй болгогдсон, мөн мэргэжлийн зөвлөлийн шалгалтаар хянагдсан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 9 хэргийнх нь шийдвэрт өөрчлөлт оруулах, 2 хэргийнх нь шийдвэрийг хүчингүй болгож сэргээхээр байгаа зэргийг харгалзан хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлтээс 10 оноо хасч, дүгнэсэн” гэж тодорхой дурдсан.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б хяналтын прокурор Ж.Н-гийн ажлыг 2014, 2015.11.09-ний өдрийн байдлаар шалгаж, өөрөөр нь судалгаа гаргуулж, түүний гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан өөрийн дотоод итгэлд тулгуурлан хяналтын ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгсөн болохоос зөвхөн 103 асуулт бүхий судалгааны хүснэгтэнд тулгуурлан үнэлгээ өгөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх “Нөгөө талаас “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б шалгалт хийсэн үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлтийг өөрөөр нь гаргуулаад шалгаж байгаа прокурор хянадаг” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал “үүнтэй танилцаагүй, сүүлд нөхөж зуруулсан хэрэгт байгаа. Үүнийг сүүлд мэдсэн” гэж маргадаг. Үүнийг тодруулж, шалгалт хийх үедээ уг үзүүлэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасан юм уу, нэхэмжлэгчийн гаргасан үзүүлэлт аль нь болох, түүнийг хянаж шалгаад Д.Б прокурорын шалгасан нь аль нь болох, сүүлд засвар ямар үндэслэлээр орсон эсэхийг шалгах, маягттай нийцүүлэн өөрчилсөн гэж тайлбар бичсэнийг тодруулж, ямар ямар үзүүлэлтийг өөрчилсөн юм, ийнхүү үзүүлэлтийг өөрчилснөөр Ж.Н-гийн ажлын үзүүлэлтэд нөлөөлсөн эсэхийг тогтоох шаардлагатай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, энэ ажиллагааг хийх шаардлагагүй байна.

Анхан шатны шүүх 2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.1.6, 42 дугаар зүйлийн 42.1. 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.5 дахь заалтад заасныг баримтлан Ж.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж, бодитой дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг огт хэрэглэлгүйгээр, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.2-т заасныг зөрчиж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр маргааны үйл баримтыг буруу дүгнэж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 43 дугаар зүйлийн 43.1.5, “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.12 дахь заалтыг баримтлан “мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа “тэнцэхгүй” гэж дүгнэгдсэн” гэсэн үндэслэлээр Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Н-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.   

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шалган, хэрэгт  шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, тухайн маргаанд хамааралтай Прокурорын байгууллагын тухай хууль болон “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын зохих заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэстэй байна.   

Нэхэмжлэгч Ж.Н нь түүнийг ажлаас чөлөөлсөн дээрх Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “...Прокурорын мэргэжлийн зөвлөл журмын дагуу ажиллаагүй, прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгаж дүгнэхдээ хууль, журмыг зөрчсөн нь шалгалтын дүнд нөлөөлж, миний эрх ашгийг ноцтой зөрчсөн...” гэж маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.   

 Учир нь, маргаан бүхий актын үндэслэл болсон Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д Улсын ерөнхий прокурор нь прокурорыг мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан бол албан тушаалаас нь чөлөөлөхөөр зохицуулжээ.

Мөн “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 3.1-д зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж, 3.1.2-т “...аймаг, ... прокурорын саналын дагуу тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх” гэж, мөн 5.12-т “Прокурорын албан тушаалд “тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гарсан нь тухайн прокурорыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д зааснаар албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болох ...” гэж тус тус заасан байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Булган аймгийн прокурор Б.Э нь дээрх журмын 3.1.2-т заасан үндэслэлээр Прокурорын мэргэжлийн зөвлөлд хандан “хяналтын прокурор Ж.Н-гийн мэргэшлийн түвшинг шалгуулж, эрхэлсэн ажилдаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулах” санал хүргүүлснийг тус зөвлөл хүлээн авч, дээрх журмын 4.1, 4.5-д заасны дагуу зөвлөлийн дарга Г.Э нь саналыг шалгуулахаар зөвлөлийн гишүүн Д.Б-д хувиарласан байх ба гишүүн Д.Б нь тухайн прокурорын  ажлыг 2014-2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар шалгаж, өөрөөр нь судалгаа гаргуулж, шалгалтын үр дүнгийн тухай танилцуулга бичиж, танилцуулгад мэргэжлийн түвшин тогтоох шалгалтанд оруулах саналыг гаргажээ.  

Улмаар Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр хэд хэдэн прокурор, түүний дунд Ж.Н прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлын хэсгийг томилж, шалгалт авах ажлыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу, томилогдсон ажлын хэсэг мөн өдөр шалгалт авахад нэхэмжлэгч нийт 54 оноо буюу “Хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан байдаг.

Тус мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл тус хуралдаанд нэхэмжлэгч Ж.Н өөрөө оролцсон байх бөгөөд зөвлөлийн гишүүн Д.Б тухайн прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгасан дүнгийн талаар танилцуулж, зөвлөл прокурорын санал бодлыг сонсоход нэхэмжлэгч нь “шалгалтын үнэлгээ, Мэргэжлийн зөвлөлийн өгсөн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал гомдол, тайлбар байхгүй, шударга шалгагдсан, харин би өөрөө хангалтгүй дүн авсандаа гэмшиж байгаа, ...дахин алдаа дутагдал гаргахгүй, итгэл хүлээлгэж ажилд хэвээр үлдээж өгөхийг хүссэн” тайлбар гаргаж байжээ. 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл: Прокурорын мэргэжлийн зөвлөл  зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн нь тогтоогдоогүй бөгөөд хяналтын прокурор Ж.Н-гийн үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлсэн үнэлгээг үндэслэн прокурорын албан тушаалд “тэнцэхгүй” гэж дүгнэсэн нь “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.11, “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчөөгүй, уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/47 дугаар тушаал нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д заасантай нийцсэн байна.

 Харин давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, тус хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай буюу прокурор Ж.Н-гийн үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалган, үнэлж дүгнэсэн шалгалтын материал, холбогдох баримтууд хэрэгт бүрэн авагдсан байхад хэрэгт хамааралгүй асуудлаар нотлох баримт цуглуулах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.    

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0658 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                         Б.МӨНХТУЯА