Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-21
Дугаар 481
Хэргийн индекс 128/2017/0374/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч нэр бүхий 27 компань
Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчны газар, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тусгай зөвшөөрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Нэр бүхий 27 компанийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч нэр бүхий 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Н.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0430 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0576 дугаар магадлалтай, нэр бүхий 27 компанийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчны газар, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0430 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 26 дугаар зүйлийн 26.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.2, 14.4-т заасныг тус тус баримтлан нэр бүхий 27 компанийн нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /хуучин нэрээр/, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолын “Ч” ХХК-д холбогдох хэсэг болон нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын /хуучин нэрээр/ нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгч нарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч 18 компанийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0576 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нэр бүхий 3 компанийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан зохицуулалтаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөрийн нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд санал өгөх эрхтэй байна. Ийнхүү санал өгөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “л”-д заасан “тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх” гэх бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэж, саналаа гаргасан байна. Хүсэлт гаргасан талбай байрлаж байгаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас хуульд заасны дагуу ирүүлсэн саналыг үндэслэж нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх эдгээр асуудлаар үндэслэлтэй дүгнэжээ...” гэжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно...” гэж заасан байдаг. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “...нэг тусгай зөвшөөрлөөр олгох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу “25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна” гэж заасан. Энэ нь хуулийн ерөнхий шаардлагыг нэхэмжлэгч нар бүрэн хангасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд хайгуулын талбай дараах шаардлага хангасан байх ёстой гэж заасан бөгөөд 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн...”, 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй...”, 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй...”, 17.3-т “энэ хуулийн 17.2.2, 7.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно”, 17.3.1-д “улсын хил...”, “17.3.2-т “нөөцөд авсан талбай...”, 17.3.3-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар...”, 17.3.4-т “энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай... ”, 17.3.5-д “хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц...”, 17.4-т “нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна...” гэж тус тус заасан.

Уг шаардлагын хүрээнд авч үзвэл нэхэмжлэгч нэр бүхий 3 компани нь ямар нэгэн давхцалгүй, зөрчилгүй. Гэтэл энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр буюу суурьшлын бүстэй хэт ойр гэдэг үндэслэлээр олгохоос татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай, илт хууль зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Нийслэлийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй. Хуулийн 14.3-т “...өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ...” гэж заасан. Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн байгууллагын судалгаа, санал, дүгнэлт чухал ач холбогдолтой. Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 09/719 тоотоор тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ирүүлсэн 38 аж ахуйн нэгжийн талбай, байршлын судалгаанаас харахад нэхэмжлэгч нэр бүхий 3 компанийн хүсэлт гаргасан талбайн уг хуулийн 14.3-т заасан хязгаарлалтад хамаарахгүй байна. Уг судалгаагаар нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь суурьшлын бүстэй хэт ойр, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дугаар тогтоолоор батлагдсан “иргэд шинээр өмчлүүлэх байршилтай хэт ойр” гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. Эдгээр нь хуульд зааснаар татгалзах үндэслэл болохгүй. Мөн мэргэжлийн байгууллага нь хайгуулын зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариуг ирүүлсэн байдаг юм.

Нэхэмжлэгч нэр бүхий 3 компанийн хүсэлт гаргасан талбайн иргэнд өмчлүүлэх газрын байршилтай давхцалгүй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нутаг дэвсгэртэй ч гэсэн огт давхцал байхгүй бөгөөд сүүлд ирүүлсэн баримтаар буюу Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 09/719 тоотоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ирүүлсэн 38 аж ахуйн нэгжийн талбай, байршил дээр “хэт ойрхон” гэдэг үндэслэлээр татгалзсан байдаг. Гэтэл шүүх нэг талыг барьж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн талаас нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нарийн шинжлэн судлахгүйгээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд бодит үнэнд нийцэхгүй харагдаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...нэхэмжлэгч компаниудын тусгай зөвшөөрөл хүссэн талбай иь иргэдийн амьдрах бүсэд ойр гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлүүд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “л”-д “тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж, шийдвэр гаргах шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх” гэж заасан бүрэн эрхэд хамаарч байна... ” гэжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан анхан шатны шүүлтийг нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газрын талбай, мөн түрүүлж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжүүдийн талбай нь хоорондоо давхцалтай эсэхэд шалгалт хийхэд манай 3 компани нь давхцалгүй байгаа юм. Огт давхцалгүй байхад зөвшөөрөл олгохоос татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Өмчийн газрын харилцааны албанаас 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 09/719 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн материал дээр Ашигт малтмалын тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд огт заагаагүй үндэслэлээр буюу нэр бүхий 3 компанид “суурьшлын бүстэй хэт ойрхон, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 тогтоолоор батлагдсан иргэнд шинээр газар өмчлүүлэх байршилтай хэт ойрхон” гэж үзэж хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан.

Уг хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэрийг үндэслэж шүүх нотлогдож байна гэсэн үндэслэлээр тухайн асуудлыг сайн судалж, хуулийн хүрээнд асуудлыг үнэн зөв шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч нэр бүхий 15 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид тухайн тусгай зөвшөөрөл авахаар ирүүлсэн саналд тус дүүргийн холбогдох ажил хариуцсан захиргааны байгууллагаар судалгаа гаргуулж улмаар суурьшлын бүсэд хамаарах, тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалтай, голын ай сав бүхий хамгаалалтын бүсэд орсон, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх зэрэг үндэслэлээр санал гаргажээ. Иймд нэхэмжлэгч нэр бүхийн 3 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б “нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэр бүхий 15 компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан, тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалгүй, гол сав бүхий хамгаалалтын бүсэд ороогүй болохыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хариу албан бичиг, Ашигт малтмалын газрын 2015 оны 11 сарын 29-ний өдрийн албан бичгээр тус тус тогтоогдож байгаа тул дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/04 болон 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А\21 дүгээр тогтоол нь дээрх дүүргийн ажилтны хийсэн судалгааг үндэслэсэн гэж тайлбарладаг. Гэтэл Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас гаргасан гэх судалгаа нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны 09/719 дугаартай албан бичгээр буюу маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш 3 сарын дараа гарсан байгаа юм. Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гарсан шийдвэр нь ямар нэгэн судалгаа мэдээлэл дээр үндэслэж гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн тухайн захиргааны акттай холбогдуулан захиргааны маргаан үүсчихсэн байхад маргааны үйл баримтад тааруулж дахин судалгаа гэх баримт, мөн акт гаргаж байгаа нь хууль бус байна.

Нэхэмжлэгч нэр бүхий 15 компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан, тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалтай, гол мөрний сав бүхий хамгаалалтын бүсэд ороогүй болохыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хариу албан бичиг, Ашигт малтмалын газрын 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр тогтоосон. Харин шүүхийн үндэслэл болгож буй Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанаас гаргасан гэх судалгаа нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны 09/719 дугаартай албан бичгээр тусгай хамгаалалтын бүсэд орсон, суурьшлын бүстэй ойр, гол мөрний ай сав бүхий хамгаалалтын зурвастай давхацсан гэсэн баримтууд хэрэгт авагдсан.

Ийнхүү нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Ашигт малтмалын газраас ирүүлсэн дүгнэлтүүдээр тусгай зөвшөөрөл хүссэн талбайнууд нь ямар нэгэн давхцал үүсээгүй, хуулиар хориглосон, хязгаарласан бүсэд хамаарахгүй болохыг нэгэнт тодорхойлчихсон байхад Хан-Уул дүүргийн зүгээс маргаан бүхий акт гарсны дараа хийгдсэн гэх баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Гэтэл нэхэмжлэгчдийн зүгээс дээрх 2 баримтуудтай холбоотой дахин нийслэлийн Өмчийн харилцаа болон хариуцагчаас давхцалтай эсэх талаарх баримтуудыг гаргуулъя гэсэн хүсэлтийг гаргасан. Харин шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Магадлалын хянавал хэсэгт “ийнхүү Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “л”-д “тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх” гэж заасан ба бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэж, саналаа гаргасан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд санал өгөх эрх бүхий субъект нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна.

Харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1 дэх хэсгийн “г, е, ж”, 18.1.2 дахь хэсгийн “ж, з”, 18.1.3 дахь хэсгийн “в, г, ж, з, к, л, н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөөт цагт хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилжээ.

Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “л”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хурлын чөлөөт цагт Хурлын тэргүүлэгчид хэрэгжүүлэх бүрэн эрх нь хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт хамаарахгүй, 18.1.2 дахь хэсгийн “л”-д заасныг хэрэгжүүлэх эрх хэмжээ олгогдоогүй байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоол болон 2016 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн А/21 дүгээр тогтоолыг гаргах эрх хэмжээ олгогдоогүй байх тул хууль бус байна.

Маргаан бүхий актын “иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөөр байгаа” гэсэн үндэслэлийн талаар: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан ““түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” ойлгох бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийж, газрын гадаргуу дахь байгалийн баялгийг судалснаар иргэдийн эрүүл, аюул амьдрах эрх нь хэрхэн, яаж, ямар хэмжээгээр зөрчигдөхөөр байгаа нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагчийн тайлбарлаж буйгаар тухайн ашигт малтмалын ашигласнаар тоосжилт их гарч байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бус хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн байхад үндэслэлгүй, зорилгодоо нийцээгүй санал ирүүлсэн. Мөн хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс маргаан хянан шийдвэрлэх явцад тухайн маргааны үйл баримт, хууль зүйн үндэслэлд тааруулж 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр А/04 дүгээр тогтоол гаргасан нь хууль бус байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж тус тус заасны дагуу нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй байна.

Ийнхүү нийслэлийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах, шийдвэрлэх эрх бүхий субъект болохын хувьд захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа буюу өргөдлийг хянан шалгах явцдаа хуульд заасан байгууллагуудаас санал авахдаа дээрх хуульд заасан үндэслэлд хамаарч, нийцэж байгаа эсэхийг хянаж шийдвэрлэх үүрэгтэй. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн санал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан үндэслэл байгаа эсэх, 14.4-т заасан эрх бүхий этгээд санал гаргасан эсэхийг шалган тогтоох үүргээ биелүүлээгүй нь хууль бус байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан 38 аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт гаргасан талбайн байршлын талаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар /энэ тогтоолын үйлчлэлд нэхэмжлэгч 26 компани хамаарсан/, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр /энэ тогтоолын үйлчлэлд нэхэмжлэгч “Ч” компани хамаарсан/ тогтоолуудаар “иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөнө” гэх үндэслэлээр эдгээр 27 компанийн хүсэлт болгосон талбайд “тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн; уг тогтоолуудыг үндэслэн “тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болох”-ыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлүүдээр нэхэмжлэгч 27 компанид тус тус мэдэгдсэн; Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дээрх 38 аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл гаргасан талбайн байршлыг дахин хэлэлцэж А/04 дүгээр тогтоолыг батлан гаргасан, уг тогтоолын 1 дэх заалтаар “суурьшлын хилийн бүсэд хамаарах, тусгай хамгаалалттай газар нутгийн давхцал, голын ай сав бүхий хамгаалалтын бүсэд орсон, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжих боломжгүй” гэж үзсэн, 2 дахь заалтаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолын үйлчлэлийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дуусгавар болсонд тооцсон байна.

Нэхэмжлэгч 27 компани Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/21, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоолуудын тус компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлүүдээр /албан бичгээр/ “тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан”-ыг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч 27 компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газар болон нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаж, “...хуулиар эрх олгогдоогүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хууль зүйн үндэслэлгүйгээр, таамаглаж “дэмжихгүй” тогтоол гаргасан, уг тогтоолуудад үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх эрхийн тусгай зөвшөөрөл хүссэн 38 аж ахуйн нэгжийн өргөдөлд “санал” авахаар нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 02-06/191 дугаартай, нэхэмжлэгч “Ч” компанийн өргөдөлд “санал” авахаар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02-06/696 дугаартай албан бичгийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн, Хурлын Ажлын алба “өргөдөл”-д тусгасан талбайг харьяалах 10, 12, 13, 14 дүгээр хороодын иргэдийн Нийтийн Хурлын “санал”-ыг авах ажлыг зохион байгуулж, тэдгээрээс санал авахад тус хороод нь уг асуудлыг иргэдээр хэлэлцүүлж “өмнө олгосон тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийдэггүй, ...уулын тал нь байхгүй болсон, нийслэл, дүүргийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгасан аялал жуулчлал, амралт сувилал, ой мод үржүүлэг, фермерийн аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай зөрчилдсөн, иргэдэд эзэмшүүлэх, өмчлүүлэхээр төлөвлөгдсөн газарт давхцалтай” гэж “дэмжихгүй санал” өгснийг үндэслэл болгож, Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолоор “...тусгай зөвшөөрөл олгуулах боломжгүй” гэж шийдвэрлэжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар, тухайн асуудлаар иргэдийн Хурал “санал” гаргахаар байх боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...дүүргийн Хурал нь ...тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ; 18.1.2-ын “з”-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”, 20 дугаар зүйлийн 20.1-д “...дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн..., 18.1.2.“з”,...-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болох”-оор заасан байна.

Иймд, харьяалах нутаг дэвсгэрт хамаарах газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын “тусгай зөвшөөрөл олгуулах” асуудлаар тухайн талбай байрших иргэдийн Нийтийн Хурлын саналыг авч, шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг тус иргэдийн Хурлын бүрэн эрхэд шууд халдсан гэж буруутгах боломжгүй ба “иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх”-ийг таамаглаж гаргасан гэж үзэх үндэслэлгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэжээ.

Түүнчлэн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаас үзвэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн “дэмжээгүй санал”-ын үндэслэлийг хянах агуулгагүй тул нийслэлийн Засаг дарга “хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй” гэх нэхэмжлэгч 18 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Үүний зэрэгцээ нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/493 дугаар захирамжаар бүрэн эрх олгосон байгууллага болох нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас нэхэмжлэгч нарт тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, энэ тухайг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл гаргагч нарт мэдэгдсэний дараа Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоол гарсан боловч уг тогтоол нь нийслэлийн Засаг даргын “тусгай зөвшөөрөл олгох”-оос татгалзсан үндэслэлийг өөрчлөхгүй, мөн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/21 дүгээр тогтоолууд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин ,ногоон хөгжлийн газраас нэхэмжлэгч нарт “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-оос татгалзсан үйлдлийг дээр дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч 27 компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг бичээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0430 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0576 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолын нэхэмжлэгч нэр бүхий 26 компанид холбогдох хэсэг” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Л.О нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ