Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-29
Дугаар 497
Хэргийн индекс 128/2017/0150/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "Г.М" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисс болон Кадастрын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд "Г.О" ХХК
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“Г.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 598 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0696 дугаар магадлалтай, “Г.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисс болон Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г.М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос ““Г.М” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д заасныг баримтлан “Г.М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Сонгон шалгаруулалтын комиссоос “Г.М” ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-20740 дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0696 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 598 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын “...54.1.5” гэснийг “...54.1.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Бусад оролцогч нар хуулийн шаардлагыг хангаж ирүүлсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчид энэ шаардлагыг хангаж ирүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна”, “Мөн Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4.5 дахь заалтад “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг” гэж сонгон шалгаруулалтын саналд тавигдах шаардлагыг тодорхойлсон, мөн журмын 7.2.4-т “сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 5.4-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд саналыг хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө” гэж зааснаас үзэхэд сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаагүй саналыг хүчингүйд тооцож буцаах эрх нь Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комисст олгогдсон байна”, “Нэгэнт дээрх хууль болон журмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комисс нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг шаардлага хангаагүй гэж буцаах эрхтэй байхад түүний гаргасан шийдвэр нь илт хууль бус болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан нөхцөлд хамааралгүй гэж шүүх дүгнэв” гэжээ.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана” гэж заасан байдаг.

Бид сонгон шалгаруулалтад материал бүрдүүлэхдээ Сонгон шалгаруулах комиссоос гарган өгсөн солбицлын градус, минут, секундийг нь ашиглан зургийг үйлдэж хавсаргасан. Өөрөөр хэлбэл Сонгон шалгаруулах комисс нь солбицлын градус, минут, секундийг сонгон шалгаруулалтад өгсөн болохоос нэг загварын зураг дээр үйлдэх тухай шаардлага огт тавиагүй. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газраас баталсан нэг загварын зураг огт байхгүй. Гэтэл Сонгон шалгаруулах комисс нь огт байхгүй зүйлийг шаардаж сонгон шалгаруулалтад оролцохоос хассан нь шийдвэр гаргасан. Энэ нь хууль болон журмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулах комисс нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг шаардлага хангаагүй гэж буцаах эрхтэй боловч энэ эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж “Г.М” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй байхад хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэж байна.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгоход хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасны дагуу Сонгон шалгаруулах комисс нь “Г.М” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан шийдвэр, татгалзсан үндэслэлээ бичгээр мэдэгдэх үүрэгтэй байсан ба энэ үүргээ огт хэрэгжүүлээгүй. Мэдэгдэхтэй холбогдуулан хуулийн ийм шаардлага байхад давж заалдах шатны шүүх амаар мэдэгдсэнийг мэдэгдсэнд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын даргын /тухайн үеийн нэрээр/ 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн а/40 дүгээр тушаалаар “сонгон шалгаруулалтын журмаар олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн 7 хэсэг талбай”-г хавсралтаар баталж, 6 дугаар сарын 23-ны өдөр нийтэд зарласан, нэхэмжлэгч “Г.М” ХХК-ийн Увс аймгийн Малчин сумын нутаг “Улаан толгой” нэртэй газрын 188.09 га талбайд ирүүлсэн саналыг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн захирал М-ыг байлцуулан нээж, саналд хавсаргасан талбайн зураг нь “Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр саналыг нь хүчингүйд тооцож, тус оролцогчид буцааж өгсөн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн а/43 дугаар тушаалаар Сонгон шалгаруулалт зохион явуулах комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулсныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 195 дугаар тушаалаар дээрх талбайд санал ирүүлж, шалгарсан оролцогч “Г.О” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогджээ.

Нэхэмжлэгч “Г.М” ХХК нь “тус компанийг тендерт шалгаруулахаас татгалзсан Комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Г.О” компанид олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХV-20740 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талбайн зураг нь хувийн компанийн зурсан эсэхээс үл хамааран Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д заасан шаардлагыг хангасан байхыг шаардсаныг илт гуйвуулан тайлбарлаж манай тендерээс татгалзсан нь хууль бус гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосны дагуу Уул, уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан ба ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар олгохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулахаар хуульчилсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зарласан 7 хэсэг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан дээрх журмын дагуу зохион байгуулж явуулсан, Сонгон шалгаруулалтын комисс нэхэмжлэгч “Г.М” ХХК-ийн саналд хавсаргасан хайгуулын талбайн байршлын зургийг Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д заасны дагуу “төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр үйлдээгүй /зураагүй/ байна” гэсэн үндэслэлээр “журам”-ын 7.2.4-т заасны дагуу тус компанийн саналыг хүчингүйд тооцож, ирүүлсэн бичиг баримтыг нь буцааж өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Уул, уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан дээрх журмын 13 дугаар зүйлийн 13.1-д “...комиссыг энэхүү журамд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах”-аар, 13.2-т “төрийн захиргааны байгууллагын дарга нь гаргасан гомдлын дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсгийг томилох бөгөөд ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэх”-ээр, 13.3-т “оролцогч нь төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу гомдол гаргах”-аар зааснаас үзвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд гомдол гаргах хугацаа, гомдлыг шалгаж шийдвэрлэх тусгайлсан зохицуулалттай, нэхэмжлэгч нь хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж эрхээ хамгаалуулахаар “журам”-ын 13.1-д заасан хугацаанд гомдол гаргаагүй, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан...” гэж үзэхгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг мөн хуулийн 14.5-д “...захиргааны акт, ...илт хууль бус болох, ...нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэсэнд хамааруулан хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын зохицуулалтыг тухайн маргаанд тайлбарлаж хэрэглээгүйгээс “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу байх тул “сонгон шалгаруулахаас татгалзсан хариуцагчийн үйл ажиллагаа” хууль ёсны эсэхэд хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлага буюу гуравдагч этгээд “Г.О” ХХК-ийг шалгарсанд тооцож, олгосон хайгуулын ХV-20740 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Г.М” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг үнэлүүлэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх өөр үндэслэлээр татгалзах өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь буруу болсон байна.

Сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн санал нь хүчингүйд тооцогдож, улмаар санал, саналд хавсаргасан бичиг баримтыг буцааж өгсөнд хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, “Г.М” ХХК гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, иймээс саналд тавигдах шаардлага хангасан оролцогчдын “санал”-ыг үнэлэх ажиллагаа тогтоосон хугацаанд явагдаж, улмаар ялагчийг сонгон шалгаруулсан /“Г.О” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон/ шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан, дээр дурдсанаар нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтын “санал” буцаагдсан тул нэхэмжлэгч нь ялагчийг шалгаруулсан Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэртэй маргах, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч “саналаа үнэлүүлэхийг даалгах” шаардлагыг “санал”-ыг нь хүчингүйд тооцож, үнэлэхээс татгалзсан шийдвэртэй уялдуулан гаргасан байхад “бие даасан шаардлага” гэж үзэхгүй гэж буруу дүгнэлт хийж, захиргааны шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзсэн нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас бүхэлд нь татгалзах өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 598 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 ба 2 дахь заалтыг нэгтгэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0696 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “...“Г.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисс болон Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын “Г.М” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “Г.О” ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын ХV-20740 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, “Г.М” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ