Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-21
Дугаар 483
Хэргийн индекс 128/2017/0046/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “Г г и и” компани
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд “М и” ХХК
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“Г г и и” компанийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, Г.Х нарыг оролцуулан хийж, “Г г и и” компанийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0539 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр  сарын 21-ний өдрийн 221/МА2017/0684 дүгээр магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0539 дүгээр шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4-д тус тус заасныг баримтлан “М и” ХХК-ийг “Г о г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас “Улсын бүртгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Г о г” ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/0684 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г г и и” компанийн өмгөөлөгч нар болон гуравдагч этгээд “М и” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/0684 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “Британийн Виржиний Арлууд Улсын Г г и инк”, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах үед хавсаргасан “Британийн Виржиний Арлууд Улсын Г г и и”-ээс Б.Н-д олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “...итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.4.2-т “итгэмжлэлд олгосон он, сар, өдрийг заах” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй байсан. Дээрх шаардлагыг хангаагүй итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.

Ийнхүү хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Гуравдагч этгээдийн зүгээс дээрх хууль зөрчсөн асуудлын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд /1хх-ийн 70/ бичгээр хүсэлт гаргасан байсан боловч шүүхээс хүсэлтийг шийдвэрлээгүй, гуравдагч этгээдийн эрхийг мөн зөрчсөн.

Мөн нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9988 дугаар захирамжаар Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч улсын бүртгэгчийн мэдэгдлийг мэдсэн хугацаагаа нуун дарагдуулж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо зөвхөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-д өгсөн хугацааг /1хх-ийн 40/ баримтлан гаргасан. Энэхүү албан бичигт нэхэмжлэгч хэзээ Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт гомдлоо гаргасан нь байхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ямар гомдол гаргасан нь хэрэгт авагдаагүй байгаа нь бүр ч сонирхол татаж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШТ2016/0847 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 94.1, Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт тус тус заасан “Захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол” нөхцөлийг хэрхэн биелүүлсэн талаар хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр болсон. Энэ үед мөн итгэмжлэл хүчин төгөлдөр бус байсныг зөвтгөөгүй болно.

Үүнээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасан “шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчдын төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгах” /хх-ийн 63, 71, 73/ үүргээ биелүүлээгүй хууль зөрчин хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох үүргээ биелүүлээгүй, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ биелүүлээгүй, мөн анхан болон давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг ямар хууль зүйн үндэслэлээр нөхөн өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, заалттай нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд заах үүрэгтэй.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянах хэсэгт “Нэхэмжлэгч Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй Г г и и” компанийн захирал Л Ж О-оос Монгол Улсын иргэн Б.Н-д “нэхэмжлэл гаргах” эрх олгосон, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн итгэмжлэлд он, сар, өдөр байхгүй боловч хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нөхөн ирүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.Н-д бүх эрхээ олгосон АНУ-ын Калифорни мужийн нотариатчаас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажуулсан итгэмжлэлийг мөн хэрэгт өгсөн байх тул Б.Н-г нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргахгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, төлөөлүүлэгчээс удаа дараа олгосон итгэмжлэлүүдээр төлөөлөгчийн эрх үгүйсгэгдэхгүй байна” гэж нөхөж өгч байгааг хүлээн зөвшөөрсөн байтлаа нөхөж өгсөн нь ямар хуулийн зүйл, заалтад нийцэж байгаа талаар хууль зүйн үндэслэлээ заагаагүй.

Хэрэв давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр нэхэмжлэл гаргах үед шаардлага хангаагүй материал байсан ч нөхөн ирүүлж болдог гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах зохицуулалт ямар ч үр нөлөөгүй бөгөөд эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчим алдагдаж байна. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Г г и и” нь “Г о г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “М и” ХХК-ийг  бүртгэсэн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Г о г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хувьцааг худалдан авах давуу эрхийг хязгаарласан, хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдэж хүргүүлээгүй, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө байгуулсан, “М и” ХХК нь уг хувьцааны шилжилтийг бүртгүүлэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй” гэж тодорхойлон маргасан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээр заажээ.

“Г о г” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгүүлэхээр гуравдагч этгээд “М и” ХХК нь Өмгөөллийн “Соёмбо легал партнерс” ХХН-аар дамжуулан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байх ба хариуцагч улсын бүртгэлийн газар нь уг өөрчлөлтийг бүртгэхдээ маягтын дагуу гаргасан өргөдөл, “Г о г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шаардлага, хурал хуралдуулах тухай шийдвэр, хурлаар хэлэлцэх асуудлын талаарх баримтууд, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, “М и” ХХК-ийн болон “Г о г” ХХК-ийн дүрэм, компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ зэрэг болон бусад баримтуудыг үндэслэн бүртгэснийг хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс “тус компанийн хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нар нь хууль зөрчиж, компанийн хувьцааг худалдан авах давуу эрхийг хязгаарласан, хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэж хүргүүлээгүй” гэж маргасан нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь “Г о г” ХХК-ийн хувьцааны 70 хувийг, Ж.Ж, Д.Г нар нийтдээ 30 хувийг эзэмшдэг байх бөгөөд хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нар нь өөрсдийн эзэмшлийн хувьцааг худалдахаар Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-5.9-д заасны дагуу тус компани болон хувьцаа эзэмшигч “Г г и и”-ийн захирал Л Ж О-д санал болгож бичгээр мэдэгдсэн нь 2015 оны 10 дугаар сарын 23, 26, 27-ны мэдэгдэл хүргүүлэх тухай баримтууд, Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн 01/104, 01/113 тоот албан бичгүүд болон шуудангаар хүргүүлсэн баримтуудаар тогтоогджээ.

 Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нар нь Компанийн тухай хуулийн 60.1, 60.3, 61.2, 61.7 дахь хэсгүүдэд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр компанийн захирал Л Ж О-д хүргүүлж, ээлжит бус хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулахаар тогтоож хурлын зарыг, мөн өдрийн товлосон хурлыг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр хойшлуулж, хойшлогдсон хурлын зарыг хуульд заасан журмын дагуу мөн захиралд хүргүүлж, улмаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хурлыг хуралдуулж, өөрсдийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг “М и” ХХК-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ. Энэхүү “Г о г” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр, эдгээр шийдвэрийг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл: “Г о г” ХХК-ийн 30 хувийн хувьцааг худалдан авах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нь тогтоогдоогүй бөгөөд хуулийн дагуу 30 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгэсэн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч “Г г и и” /70 хувийн хувьцаа эзэмшигч/-ийн эрх зөрчигдөхгүй тул уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ. 

Харин улсын бүртгэгчээс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Г о г” ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзаж 01 тоот мэдэгдэл гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: ...62.1.3-д “компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох” ...” гэж заажээ.

“Г о г” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар өрийг хувьцаагаар солих асуудлыг хэлэлцэн, нэрлэсэн үнэ бүхий 192,595 ширхэг хувьцааг нэмж гаргаснаар “Г г и и”-ийн эзэмших хувьцааны тоо нэмэгдэж хувьцааны эзлэх хувь 98.52 хувь, харин 30 хувийн хувьцаа эзэмшигчийн эзэмших хувьцаа багасаж хувьцааны эзлэх хувь 1.48 хувь болж өөрчлөгдөн, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.    

Энэхүү шийдвэрийн улмаас компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдөхөөр байх тул улсын бүртгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Г о г” ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэстэй.

Түүнчлэн гуравдагч этгээд “М и” ХХК-ийн өмгөөлөгчийн  “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хүчин төгөлдөр бус, итгэмжлэлд он, сар, өдөр бичигдээгүй байхад уг итгэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэж хууль зөрчсөн” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Г г и и”-ийн захирал Л Ж О-оос иргэн Б.Н-д анх олгосон итгэмжлэлд “нэхэмжлэл гаргах” эрх олгогдсон боловч уг итгэмжлэлд он, сар, өдөр бичигдээгүй байсан, тэрээр шаардлага хангасан итгэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нөхөн ирүүлсэн, мөн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хуульд заасан бүх эрх олгосон итгэмжлэлийг АНУ-ын Калифорни мужийн нотариатчаас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажуулан ирүүлсэн байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-г нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0539 дүгээр шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр  сарын 21-ний өдрийн 221/МА2017/0684 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г г и и”-ийн гаргасан “Г о г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “М и” ХХК-ийг бүртгэсэн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Г о г” ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                                           ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА