Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-29
Дугаар 494
Хэргийн индекс 128/2017/0342/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч С.Ж
Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Б, Д.Г нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.Ж-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, А.З, хариуцагч А.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, С.Ж-гийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Б, Д.Г нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0534 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0648 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0534 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 4.3, 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 360004034 дугаар актын 2 дахь хэсгээр ногдуулсан 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү, нийт 2,880,791.20 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 18,032,963.00 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0648 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0534 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-гийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 360004034 дүгээр актын Тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт 180,329,633.00 төгрөгийн орлогод ногдуулсан 18,032,963.00 төгрөгийн нөхөн татвар, 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү, нийт 20,913,754.20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 360004034 дүгээр актын 2 дахь хэсгээр ногдуулсан 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү, нийт 2,880,791.20 төгрөгийг төлөх хариуцлагаас нэхэмжлэгч С.Ж-г өршөөн хэлтрүүлсүгэй гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 534 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 648 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна.

Гомдлын үндэслэл: Анхан шатны шүүхээс татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 360004034 дугаар актын 2 дахь хэсгээр ногдуулсан 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү, нийт 2,880,791.20 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 18,032,963.00 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу 2,880,791,20 төгрөгийг төлөх хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд 18,032,963 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай байна. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд 18,032,963.00 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид тусалж дараахь үйлчилгээг үзүүлнэ”, 15.1.1-д “татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах” үүргээ биелүүлээгүй учраас 18,032,963.00 төгрөгийн нөхөн татварыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хариуцагч байгууллага дээрх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч өөрийгөө татвар төлөгч мөн эсэх талаар мэдэх боломж байгаагүй бөгөөд энэ талаар нотолсон хангалттай нотлох баримт хэрэгт цугларч чадаагүй шүүхийн шийдвэр гарч хэт нэг талыг баримталсанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь өөрөө мэдэх ямар ч боломж байгаагүй, энэ талаар мэдэгдэж анхааруулга, сануулга, мэдэгдэх хуудас ирүүлсэн эсэх талаарх баримтыг хангалттай сайн цуглуулж чадаагүй бөгөөд хариуцагч байгууллагын тайлбарт үндэслэн, нотлох баримтад үндэслэж шийдвэр, магадлал гараагүй болно.

Тодруулбал,  Татварын  ерөнхий  хуулийн  28  дугаар  зүйлийн  28.1, 2-т “татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөгөө өгч үйлчлэх” эрхээ хэрэгжүүлж бидэнд мэдээлэл өгөөгүй. Мэдээлэл өгсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шийдвэрлэсэн нь өөрөө учир дутагдалтай, хэт нэг талыг барьж нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хангалттай сайн ойлгож хэрэгжүүлж чадаагүйгээс хохиролтой явж байна.

Шүүх зөвхөн хариуцагч байгууллагын тайлбарт үндэслэж төлөх ёстой, мэдсэн байх ёстой гэх боловч бидэнд мэдэгдсэн эсэх талаарх баримтыг хангалттай сайн цуглуулж чадаагүй, бүрэн дүүрэн нотолж чадаагүй байхад 18,032,963,00 төгрөгийн нөхөн татварыг төлөх шийдвэр гаргасанд гомдолтой байх тул хэргийг нэг талын тайлбарт үндэслэж бус нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх шаардлагатай байх тул нэхэмжлэгч С.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Татварын улсын байцаагч Д.Г, А.Б нар нэхэмжлэгч С.Ж-гийн 2010-2014 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 2013, 2014 онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй 180,329,633.00 төгрөгийн зөрчилд 18,032,963.00 төгрөгийн нөхөн татвар, 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү, нийт 20,913,754.20 төгрөгийн төлбөр ногдуулсан 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 360004034 дүгээр актын 2 дахь заалт нь  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т заасантай нийцсэн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт ...бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байхаар зохицуулсан байна.  

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр” гэж ...иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана”, 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна” гэж тус тус заажээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Ж нь 2012 онд урлагийн тоглолтоос 20,000,000.00 төгрөгийн орлого олж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох хуульд заасан шаардлагыг хангасан мөртлөө харьяалах татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, улмаар 2013-2014 онуудад явуулсан урлагийн тоглолт, зар сурталчилгаанаас 180,329,633.00 төгрөгийн орлого олсон байх боловч уг орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон байна. 

Иймд, маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 360004034 дүгээр актын 2 дахь заалтаар С.Ж-гийн гаргасан 180,329,633.00 төгрөгийн зөрчилд 18,032,963.00 төгрөгийн нөхөн татвар, 2,826,692.30 төгрөгийн торгууль, 54,098.90 төгрөгийн хүү нийт 20,913,754.20 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэстэй бөгөөд шүүхүүд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар актаар тогтоосон төлбөрөөс торгууль, хүүгийн нийт 2,880,791.20 төгрөгийг төлөх хариуцлагаас нэхэмжлэгчийг өршөөн хэлтрүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. 

Нэхэмжлэгчээс “Татварын алба, татварын улсын байцаагч нар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаагүй байж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үйл ажиллагаанд зөвхөн татвар төлөгчийг буруутгасан нь өрөөсгөл...” гэж маргаж байх боловч энэ нь түүнийг татвар төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо бичиглэлийн алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцжээ.  

Иймээс магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА/2017/0648 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА