Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-04
Дугаар 501
Хэргийн индекс 128/2017/0398/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Д.О
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 дүгээр магадлалтай, Д.О-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Д.О болон түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Д.О-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” дугаар Б/113 тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Д.О-ийг Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.О-д 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,118,320 (гурван сая, нэг зуун арван найман мянга, гурван зуун хорь) төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “Д.О-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” дугаар Б/113 тоот тушаалын...” гэснээс “дугаар” гэснийг хасч, “...Д.О-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэснийг “...Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн нараас шалгаруулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.О болон түүний өмгөөлөгч С.Галцацрах нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын иргэн Д.О миний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 724 дүгээр магадлалыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн магадлалд ...”Д.О-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтиий албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэснийг “...Өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн болон Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн нараас шалгаруулж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэсэн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0634 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

            Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар Д.О-ийг “өргөдөл гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн”-ий албан тушаалаас чөлөөлсөн, хариуцагч уг тушаалын үндэслэлээ “... орон тоо хасагдсан” гэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... орон тоо хасагдаагүй ... ажлын байрны нэр өөрчлөгдсөн” гэж тус тус тодорхойлжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.О нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст, “өргөдөл гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн”-ий албан тушаалд, “...иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч, өгөгдсөн програмд бүртгэх, хуулийн дагуу хугацаанд нь барагдуулах ажлыг зохион байгуулах, ... /өргөдөл гомдлын/ дүн мэдээ, тайланг нэгтгэх...” зэрэг чиг үүрэгтэй ажиллаж байсан, дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан, ингэхдээ “өргөдөл, гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн” гэх албан тушаалын орон тоог батлаагүй боловч уг албан тушаалын чиг үүрэг нь “Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын чиг үүрэгтэй нэгтгэгдэж, шинэчилсэн бүтцээр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн “иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал болж батлагдсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын “өргөдөл гомдол, мэдээллийн төвийн мэргэжилтэн”, “Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн” гэх хоёр албан тушаалын орон тоо нэгтгэгдэж, нэг орон тоо болж цөөрсөн, энэ тохиолдолд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” зохицуулалт хэрэглэгдэхгүй, “... төрийн байгууллага ...-ын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн .../өөр/ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах” зохицуулалт үйлчлэх юм.

Гэтэл хариуцагч маргаан бүхий тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан...” гэх үндэслэлээр, нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэлэг олгож, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь буруу, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “...орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан ... /албан хаагчдын дотроос/ шалгаруулж авах”  тусгайлсан журмыг анхаараагүй, шинээр бий болсон “иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд шууд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь буруу болсон, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, дээрх хуулийн заалтад нийцүүлж, шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй.

Иймд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 ... /дахь/ заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0724 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА