Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-20
Дугаар 472
Хэргийн индекс 128/2017/0343/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "М Т" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“М Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0573 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0673 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: “М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

2017 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ...... тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрийг бүртгэж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0573 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ...... тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрийг бүртгэж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0673 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2. 56.2, 56.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, .......  тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг бүртгэж тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд харин тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөх боломжит хугацаанд “М т” ХХК-ийн захирал Б.Б гадаадад зорчсон, мөн эмчлүүлж байсан гэж тайлбарлан холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөр болон алданги төлөх нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс багагүй хугацааны дараа хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцалсан нь бодит байдалд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв” гэж дүгнэсэн байдаг.

Дээрх дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасантай нийцээгүй хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч компани нь хайгуулын ....... тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 7 дугаар сарын 2-ны өдөр урьдчилан, эсхүл түүнээс хойш 30 хоног тоолон алдангийн хамт төлөх үүрэгтэй. Энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0573 дугаар шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байдаг. Хэргийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэн бодит дүгнэж шийдвэр гаргах нотлох баримтууд болон хариуцагч талын анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргүүд нь мөн үндэслэлтэй болно.

Гэтэл Давж заалдах шатны шүүх хуулийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг байр суурийг баримталж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0673 магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин давж заалдах шатны шүүхийн маргааны зарим үйл баримтын талаарх дүгнэлтийг залруулах шаардлагатай байх бөгөөд энэ нь магадлалыг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч “М т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, .......  тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрийг бүртгэж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Маргаан бүхий шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдэд анх 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төлөх тухай үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, гагцхүү хуулийн хугацаа хэтрүүлсэн үйл баримттай холбогдуулан маргасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл хоног байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.

Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хуульд заасан хугацаанаас хойш 30 хүртэл хоногоор хэтрүүлэн төлөх боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон, нэхэмжлэгчийн тухайд энэхүү хэтрүүлсэн хоногийг нэмж тооцвол, 2016 оны 8 дугаар сарын 2-ны дотор тусгай зөвшөөрлийг төлөх үүрэгтэй атал 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлсөн байна.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага зөрчил үүссэн тухайн цаг хугацаанд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаагүй атлаа нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа буюу төлбөр төлсний дараа нэхэмжлэгчээс гэрчилгээний үнэ гаргуулах, алдангийг төлүүлэх зэргээр тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байснаар нэхэмжлэгчид итгэл төрүүлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай.

Тодруулбал, захиргааны байгууллагын шийдвэр гаргасан 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн байсан буюу захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалтай тохироогүй,  захиргааны илрүүлсэн зөрчил нэгэнт арилсан байжээ.

Нөгөө талаар иргэний хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмыг захиргааны байгууллагаас хөндсөн гэж үзлээ.  Учир нь захиргааны байгууллага хуулиар олгогдсон хугацааг бүх аж ахуй нэгжид адилхан тохиолдолд адил хугацаагаар тооцож шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл тухайн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр үүссэн байхад 5 сарын дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалж, өөрийн үзэмжээр хугацаа тогтоосон, ийнхүү 5 сар шийдвэр гаргаагүй удаасан захиргааны үйл ажиллагааны хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх юм.

Тодруулбал, нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай болохыг захиргааны байгууллага мэдсэн атлаа итгэл үзүүлсэн үйлдэл  гаргаж, нэхэмжлэгчээс  гэрчилгээний үнэ, хугацаа хэтэрсний алданги гаргуулсан тул нэхэмжлэгчийн “итгэл хамгаалагдах” зарчим үйлчилнэ гэж үзлээ.

Хариуцагчийн “нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад шүүхээс хэт нэг талын байр суурийг баримталсан” тухай гомдлын тухайд:

Дээрх байдлаар захиргааны байгууллага өөрөө нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрч, шийдвэрийг тухайн цаг хугацаанд гаргаагүй, үндэслэлгүй хугацаа алдсан, шийдвэр гаргах ажиллагааны дараалал, журам зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн нь дээрх байдлаар хууль ёсны байна.

Анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацааг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч захиргааны шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалд тохироогүй байгааг анхаараагүй, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн судлалгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0673 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ