Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-27
Дугаар 492
Хэргийн индекс 115/2017/0015/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Н.Б
Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0700 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Н.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох,

2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 02, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Н.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 02, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Э.Т-г түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 04 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Б-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Б-н ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажлын 105 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6198360 төгрөгийг Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0700 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь хурлын Тэргүүлэгчдийн нарын бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлэх бүрэн эрхтэй” гэж заасан.

Тус зохицуулалтаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилохдоо л тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авах эрх олгосон ба чөлөөлөхөд Тэргүүлэгчдээс санал авах талаар тодорхойлсон зохицуулалт байхгүй. Гэтэл шүүхээс дээрх зохицуулалт байхгүй атал Тэргүүлэгчдийн нарын бичгийн даргыг чөлөөлөхөд мөн адил Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлж Тэргүүлэгчдийн тогтоолоор шийдвэрлэнэ гэж үзсэн нь үндэслэлгүй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Н.Б нь Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 02, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий захирамжаар “удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт мөрдөөгүй, утга найруулга, үг үсгийн алдаа гаргадаг” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Нэхэмжлэгчийн тухайд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд түүнийг ажлаас халсан захирамж нь илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, өөрт эрх олгогдоогүй асуудлыг шийдвэрлэсэн, шийдвэр гаргах ажиллагааны дараалал, журам зөрчсөн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсэгт зааснаар Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх эрхтэй байх бөгөөд Хурлын даргад ажлаас халах шийдвэр гаргах эрх олгогдоогүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд уг захиргааны актыг илт хууль бус захиргааны актад хамааруулсан, өөрөөр хэлбэл, нарийн бичгийн даргыг ажилд томилох, ажлаас халах шийдвэр гаргах эрх Хурлын Тэргүүлэгчдэд олгогджээ.

Хариуцагчийн “хуулийн зохицуулалтаар иргэдийн Хурлын нарийн бичгийн даргыг томилохдоо л Хурлын Тэргүүлэгчдээс санал авах эрх олгосон ба чөлөөлөхөд санал авах талаар хуулиар зохицуулаагүй” гэх гомдлын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулахаар заасан тул нэхэмжлэгчийг нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргасан Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдэх атал энэ тохиолдолд ажилд томилох шийдвэр гаргаагүй, хуулиар эрх хэмжээ олгогдоогүй Хурлын даргаас сахилгын шийтгэл оногдуулсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0700 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ      

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ