Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-13
Дугаар 457
Хэргийн индекс 116/2017/0005/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч ДОА-ын ХХҮГ-ын дарга
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд П.У
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням, хариуцагч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Мөнхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбавуу нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0463 дугаар магадлалтай, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0463 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, дүгнэлт гаргасан тухайд:

Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт бөгөөд энэхүү хуулийн хэм хэмжээг маргаан бүхий үйл баримттай холбон тайлбарлахдаа буруу тайлбарлаж, хэрэглэснээс хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “..чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх, цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн зохицуулалттай байна.

Чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тухайд нэхэмжлэгч Б.Б-ийг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тус хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.

Ийнхүү тус хэлтэст дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор "... төсвийн шууд захирагчтай байгуулсан менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт, албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, ... хүний нөөцийн хэрэгцээ, тавигдах шаардлагыг тодорхойлж, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, газрын албан хаагчдын мэдээлэл судалгааг нарийвчлан гаргаж, цалин хөлс, шагнал урамшууллын асуудлыг шийдвэрлүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх” гэх мэт хүний нөөцийн чиг үүргийг гүйцэтгэж байсан нь шууд харагддаг.

Шүүх хуралдааны явцад шинээр батлагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой заалт бүрээр харьцуулан, хэвээр хадгалагдан үлдсэн чиг үүргийг тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт дээрх агуулгаар мэтгэлцэж оролцсон.

Уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас шалгаруулж авах тухай зохицуулалтыг мөн шүүх буруу тайлбарлажээ.

П.У нь Хөдөлмөрийн хэлтэст 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд эрхэлж байсан чиг үүрэг нь хэлтсийн даргын чиг үүрэг юм.

Мөн бодит байдал дээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон /нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс тодорхой харагдаж байгаа/ Б.Цогтбаатар нь өмнө нь олон нийтэд түшиглэсэн нийгмийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсныг дурдах нь зүйтэй.

“Тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг” томилох тухай заалтыг мөн л буруу тайлбарласан.

Энэхүү шаардлагыг тайлбарлахдаа “Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар баталсан “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан Хүний нөөц дотоод ажилтан хариуцсан мэргэжилтэн нь байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б- нь сэтгүүлч мэргэжилтэй, П.У нь багш, нягтлан бодогч мэргэжилтэй...” хэмээн бодит байдлыг буруугаар тайлбарлажээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар ажлын байрны тодорхойлолт огт батлаагүй бөгөөд, зөвхөн орон тоог тогтоосон.

Мөн Б.Б-ийг “сэтгүүлч мэргэжилтэй” гэж харьцуулан дүгнэсэн нь “Б.Б-ийн чиг үүрэг хадгалагдан үлдээгүй” гэсэн эхний дүгнэлттэйгээ зөрчилдөж байна. Хэрэв чиг үүрэг нэгэнт хадгалагдан үлдээгүй бол хооронд нь харьцуулан шалгаруулж авах хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй юм. Эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэсэн зохицуулалтыг шалгаагүй.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар болон хариуцагч тайлбартаа шалгаруулах талаар бүрэлдэхүүн, ажлын хэсэг томилсон зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Шаардлагатай хэргийн оролцогчийг хэрэгт татан оролцуулаагүй, хэрэгт хамааралгүй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан тухайд: Б.Б-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж буй албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс, хариуцагчийн тайлбарлаж буйгаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хэрэг шийдэгдэх өдөр хүртэл иргэн Б.Цогтбаатар хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа баримт хэрэгт хавсаргагдсан. Мөн П.У нь хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа баримт хэрэгт авагдсан.

Гэтэл шүүхээс хэргийн шийдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь огт хөндөгдөхгүй этгээд болох П.У-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулж, харин эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох Б.Цогтбаатарыг маргаан бүхий ажлын байранд ажиллаж байгаа гэдгийг тогтоогдсоор байхад гуравдагч этгээдээр татан оролцуулсангүй.

Ингэснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг ноцтой зөрчсөн.

Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй тухайд нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоонд П.Урантогосыг биш, Б.Цогтбаатарыг томилсон бөгөөд Б.Цогтбаатарт ажил хүлээлгэн өгсөн тухай мэдүүлсэн. Б.Б-ээс Б.Цогтбаатарт ажлын материалуудаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн баримт хэрэгт хавсаргагдсан.

Энэхүү нэмэлт тайлбарыг нотлох зорилгоор өмгөөлөгч нарын зүгээс гаргасан Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тушаалууд, цалингийн хавтгай, харилцагч банкинд сар бүр шилжүүлдэг ажилчдын нэр албан тушаал бүхий хавтгай зэргийг харьцуулан шалгуулж, үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисон.

Өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3.2-т зааснаар хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхээс хүсэлтийг хангах, хэрэгт ач холбогдолгүй бөгөөд нотлох шаардлагагүй бол хэрэгсэхгүй болгох үүрэгтэй.

Мөн эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулахаар шүүхээс шаардлагатай ажиллагаа хийж болох байсан боловч шүүхээс өөрийн санаачлагаар ямар ч ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлэх замаар л нотлох баримт цуглуулж, хэргээ шийдсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй:

Хариуцагч талаас тайлбарынхаа үндэслэл болгож байгаа, “П.У нь Б.Б-ээс илүү тухайн ажлын байрны шаардлагад нийцэж байгаа тул түүнийг шалгаруулж, ” “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ээр авсан гэх тайлбарыг бодит байдалтай нийцээгүй болохыг нотлох зорилгоор өмгөөлөгч нараас үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг гаргасан.

Хүсэлтийн дагуу байгууллагын тушаалд үзлэг хийхэд, тушаалын дугаар олгосон бүртгэл байхгүй, нэг ч тушаал архивлаж үдэгдээгүй, хуудаслан хадгалдаг байрлалыг нь солих, нэмж хасах бүрэн боломжтой уутан хавтсанд хадгалагдаж байсан.

Мөн П.У нийгмийн даатгалын дэвтэрт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон бичилт байхгүй, Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтнээр томилсон бичилтийн он сарыг гараар засварласан болох нь энгийн нүдээр харахад тодорхой байсан.

Харин одоо хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй Б.Цогтбаатарын нийгмийн даатгалын дэвтэрт мөн л урьд нь ажиллаж байсан гэж гэрчээр мэдүүлсэн хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр томилсон бичилт байхгүй, мөн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон тухай бичилтийн сар, өдрийг засварласан байсан.

Гэтэл шүүх дээрх үзлэгээр илэрсэн баримтад ямар ч дүгнэлт өгөлгүй шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-ийн 3 дахь хэсэгт “П.Урантогосын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт “хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон бичилт байхгүй, ... бичилтийн он, сар, өдрийг засварласан талаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна гэх дүгнэлтээ ...он, сар, өдөр засвартай байгаа нь тухайн албан тушаалтныг буруутгах үндэслэл болохгүй”... гэж дүгнэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Мөн шүүхээс Үндэслэх хэсгийн 3 дахь заалтад “Төрийн албаны салбар зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 04 дүгээр тогтоол”-ыг нотлох баримтын эх сурвалж болгон иш татаж, энэ баримт болон бусад баримтаас үзэхэд хууль зөрчөөгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Дээрх Төрийн албаны зөвлөлийн 04 дүгээр тогтоол нь тухайн хэргийн нотлох баримт биш, харин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр болно.

Эцэст нь дурдахад П.У нь чиг үүргийн дагуу тухайн шалгаруулж орсон гэх ажилдаа томилогдоод 10 гаруй хоносны дараа өөр ажилд шилжүүлэх тухай өргөдөл гаргаж, түүний дагуу П.У, Б.Цогтбаатар нарын ажлыг сольсон мэтээр хариуцагчаас баримт бүрдүүлэн өгч, энэ нь нийгмийн даатгалын бичилт байхгүй, маргаан бүхий тушаалын тэмдэглэсэн сар, өдөр засвартай зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байсаар байтал хэт нэг талыг баримталж, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүйгээс буруу шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймээс уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн..., ...шаардлагатай хэргийн оролцогчийг татан оролцуулаагүй..., ...нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй..., ...нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэн аймгуудын Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон өөрчлөн зохион байгуулагдаж, аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар тус хэлтсийн нийт 56 ажилтан, албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, ажилтнуудыг цалингийн сангийн хамт Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн, үүнд нэхэмжлэгч Б.Б хамрагдсан байна.

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн “1” байхаар тогтоожээ.

Үүнийг үндэслэн аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б, Хөдөлмөрийн хэлтэст Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан П.У нарын албан тушаалын чиг үүрэг нь шинэ бүтцээр бий болсон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ний ажлын байрны чиг үүрэгт нэгтгэгдэж, эдгээр албан тушаалтнуудаас сонгон шалгаруулах зарчмаар уг ажлын байрыг хангах шаардлага бий болсон гэх маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-ийн тухайд сэтгүүлч мэргэжилтэй байгаа нь “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд тавигдах “хүний нөөц, бизнесийн удирдлага, хууль эрх зүйч, нягтлан бодогч” байх ерөнхий шаардлагад нийцээгүй байна.

Иймд “багш, нягтлан бодогч” мэргэжилтэй П.У аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/80 дугаар тушаалаар маргаж буй албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ” ...тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нь П.У албан тушаалд томилсон дээрх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/80 дугаар тушаалын тухайд маргаагүй бөгөөд захиргааны байгууллагын маргаж буй албан тушаалд тухайн чиг үүргийг гүйцэтгэж байсан албан тушаалтнуудыг өрсөлдүүлэн, сонгон шалгаруулсан үйл ажиллагааг буруутгах боломжгүй юм.

Иймээс Б.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 дугаар тушаалын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.  

 

Мөн уг албан тушаалын томилгооны дараа П.У, Б.Цогтбаатар нарын хүсэлтийг үндэслэн тэдний албан тушаалыг сэлгэж, Б.Цогтбаатарыг “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ээр, П.У Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/85, Б/86 дугаар тушаалууд нь, энэ үйл баримт болох Б.Б, П.У нараас сонгон, П.У албан тушаалд томилж, Б.Б-ийг чөлөөлсөн үйл баримттай хамааралгүй, Б.Цогтбаатарыг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв болно.

Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх үйл баримттай холбоотой буюу өөрт хамааралгүй захиргааны актуудыг үндэслэж, Б.Б-ийг ажлаас чөлөөлсөн 2016 оны Б/76 дугаар тушаалын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0463 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                  ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ