Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-13
Дугаар 458
Хэргийн индекс 128/2017/0125/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч П.Г нарын 6 иргэний
Хариуцагч ЧД-ын ХХҮХ-т
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

П.Г нарын 6 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.Базаррагчаа, П.Г, Б.Нарандолгор, Д.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0538 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0646 дугаар магадлалтай, П.Гнарын 6 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0538 дугаар шийдвэрээр: 1.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Д.Мөнхбатыг ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/72, П.Ганцэцэгийг ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64, Б.Нарандолгорыг ажлаас чөлөөлсөн 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, урьд эрхэлж байсан П.Ганцэцэгийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний, Д.Мөнхбатыг Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний, Б.Нарандолгорыг хороо хариуцсан халамжийн мэргэжилтний, ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны П.Ганцэцэгт 4666258 төгрөгийн, Д.Мөнхбатад 6623685 төгрөгийн, Б.Нарандолгорт 4015376 төгрөгийн цалин тус тус олгуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй.

2. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг баримтлан Б.Одцэцэгийг ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52, Ж.Цэвэлмааг ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон Б.Одцэцэгийг Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний, Ж.Цэвэлмааг Шинэ ажлын байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон урьд эрхэлж байсан Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх Б.Базаррагчаагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0646 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0538 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Ганцэцэгийг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4.666.258 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай. гэж өөрчлөн, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нарандолгор, Д.Мөнхбат, Б.Базаррагчаа нарын нэхэмжлэлийг хангаж, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/72, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нарандолгорт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4.015.376 төгрөг, Д.Мөнхбатад 6.623.685 төгрөг, Б.Базаррагчаад 4.015.376 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргуулан тус тус олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг, Хороо хариуцсан халамжийн мэргэжилтэн, Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах замаар шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгасугай. гэж нэмж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Давааням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Үүнд:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид “маргаан бүхий захиргааны актыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад “ ... Дээрх албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан  тухайн албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулах замаар Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зөв байна...” гэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн байна.

2. Мөн “нэхэмжлэгч Б.Нарандолгорт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4.015.376 төгрөг, Д.Мөнхбатад 6.623.685 төгрөг, Б.Базаррагчаад 4.015.176 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ... даалгасугай” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.", мөн хуулийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй гээд 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” хэмээн тус тус зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 36.1.2-т заасан зохицуулалтаас үзвэл ажил олгогч ажилтныг үндэслэлгүй халсан хэмээн шүүх үзэж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд л ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилоогүй атлаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн болохыг харуулж байна.

3. Давж заалдах шатны шүүхээс “Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоонд “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэх ажлын байрны орон тоо байхгүй болох нь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай” А/53 дугаар тушаалаар нотлогдож байх тул Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд нэхэмжлэгч П.Ганцэцэгийг эгүүлэн томилох нь үндэслэлтэй бөгөөд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ” гэж дүгнэсэн нь “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэсэн албан тушаал Халамжийн хэлтэст байхгүй учир уг албан тушаалд өөрчлөгдөөгүй орон тоо цөөрсөн гэж үзэхгүй хэмээн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дутуу үнэлсэн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Учир нь Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн" гэх албан тушаал нь Хөдөлмөрийн хэлтэс дэх “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтэн”, “Ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэсэн 2 орон тооны албан тушаалыг нэгтгэсний үр дүнд бий болсон бөгөөд “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтэн”-ий орон тоо 1, “Ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо 2 байсныг нэгтгэж, 1 орон тоотой болгосон.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын “Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/17 дугаар тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр тушаал зэргээр нотлогдож байгаа болно.

Өөрөөр хэлбэл П.Ганцэцэгийн ажиллаж байсан албан тушаалд шинэ чиг үүрэг нэмэгдэж, ажлын байр өөрчлөгдсөн байх тул П.Ганцэцэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй юм.

Иймд П.Ганцэцэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг, мөн нэхэмжлэгч П.Ганцэцэг, Б.Нарандолгор, Д.Мөнхбат, Б.Базаррагчаа нарт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгасан хэсгийг тус тус өөрчилж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар Д.Мөнхбатыг Хөдөлмөрийн хэлтсийн Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний, Б/64 дүгээр тушаалаар П.Ганцэцэгийг Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Б.Базаррагчааг Хөдөлмөрийн хэлтсийн Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар Б.Нарандолгорыг Нийгмийн хангамж, үйлчилгээний хэлтсийн 18 дугаар хороо хариуцсан халамжийн мэргэжилтний албан тушаалаас тус тус чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нэгдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болж өөрчлөгдсөнөөр дээр нэр дурдсан нэхэмжлэгч нарын урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан боловч орон тоо цөөрсөн нь тогтоогдсон, хариуцагч нь шинээр бий болсон ажлын байранд томилогдох ажилтныг ажилласан жил, ажлын байрны шаардлага зэргийг харгалзан шалгаруулах шаардлага бий болсон гэдгээ хүлээн зөвшөөрч, тайлбарлажээ.

Тодруулбал, маргаан бүхий тушаалуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл гэж ерөнхийлөн, мөн 27.2.4 гэж маргааны үйл баримттай холбогдолгүй зүйл заалтыг үндэслэсэн байгаа нь дээрх нотлогдсон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ” ...тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна” гэж заасныг буруу хэрэгжүүлснээс маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч Д.Мөнхбат, Б.Базаррагчаа, П.Ганцэцэг, Б.Нарандолгор нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эдгээр актуудыг хүчингүй болгох үндэслэлтэй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна. 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Базаррагчаагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу байгаагаас гадна шүүх, нэхэмжлэгч Д.Мөнхбат, Б.Базаррагчаа, Б.Нарандолгор нарт холбогдох захиргааны актуудыг хүчингүй болгосноор тэднийг өмнө нь эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг шилжсэн шинэ албан тушаалд шууд эгүүлэн тогтоох шийдвэр гаргах нь Төрийн албаны тухай хуулийг 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай зөрчилдөхийг анхаарахгүйгээр Д.Мөнхбат, Б.Нарандолгор нарыг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн зөв болно.

Тухайлбал, Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хороо хариуцсан халамжийн мэргэжилтэн, Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн буюу нэхэмжлэгч Д.Мөнхбат, Б.Нарандолгор, Б.Базаррагчаа нарт хамааралтай ажлын байрыг Төрийн албаны тухай хуулийг 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулах замаар хангах шаардлагатайг үндэслэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг давж заалдах шатны шүүхээс өөрчилсөн нь захиргааны байгууллагад дээрх хуулийг зөв хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг  бодитойгоор биелүүлэх боломжийг олгосон, хуульд нийцсэн шийдвэр бөгөөд нэхэмжлэгч нар нь энэ талаар маргаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч П.Ганцэцэгийн тухайд түүний ажлаас чөлөөлсөн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон Б/64 дугаартай 2 тушаал гарсан, эдгээр тушаалуудад үндэслэсэн хуулийн зүйл заалтууд өөр, өөр хариуцагч ийнхүү хоёр тушаал гаргасан үндэслэлээ тайлбарлаагүй болно. 

Давж заалдах шатны шүүх П.Ганцэцэгт холбогдох дээрх тушаалыг хүчингүй болгож, түүнийг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зөв байна.

Харин давж заалдах шатны шүүх “...Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн бүтцэд  “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо байгаагүй...” гэх буруу дүгнэлт хийсэн энэ талаарх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан нь үндэслэлтэй.

П.Ганцэцэгийн өмнө нь эрхэлж байсан Хөдөлмөрийн хэлтсийн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал болон тус хэлтсийн “Шинэ ажлын байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалын ажлын байруудыг нэгтгэж, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ийн ажлын байрыг бий болгосон, уг албан тушаалд П.Гтомилогдон ажиллах болзлыг хангасан, түүний ажлын байр хадгалагдан үлдсэн, “...миний оронд мэргэжлийн бус хүн томилсон...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбат, Б.Базаррагчаа, Б.Нарандолгор нар нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, тэдгээрийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон учир шүүх нэхэмжлэгч нарт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу биш юм.

Дээр дурдсанаас үзвэл, “...сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад... хэтрүүлэн дүгнэлт хийсэн..., ,...нотлох баримтыг буруу үнэлсэн.,...ажилд эгүүлэн тогтоолгох нөхцөлд ажилгүй байсан хугацааны цалин олгох тухай Хөдөлмөрийн хуулийг 69, 36 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн....” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч 6 иргэн өөрт холбогдох тус тусдаа 6 захиргааны актын тухайд маргаж нэхэмжлэл гаргасан атлаа П.Ганцэцэгээс бусад нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй байгааг шүүхүүд анхаараагүй, нөхөн төлүүлээгүй нь буруу байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0646 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1-д “2 дахь заалтаар” гэсэн хэсэгт “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 гэснийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх ...” гэж өөрчилж, 1 дэх заалтын дараа “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбат, Б.Одцэцэг, Ж.Цэвэлмаа, Б.Базаррагчаа, Б.Нарандолгор тус бүрээс нь 70,200 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, төсвийн орлогод оруулсугай” гэсэн 2 дахь заалтын шинээр нэмж, магадлалын 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ