Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-20
Дугаар 476
Хэргийн индекс 128/2017/0252/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч ТВ ХХК
Хариуцагч АМ,ГТГ-т
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“ТВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Л.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0564 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0619 дүгээр магадлалтай, “ТВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0564 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.6, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ТВ” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Төв аймгийн Баян сумын нутагт орших 914,67 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг “ТВ” ХХК-д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0619 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор хандсан ба хариуцагчийн зүгээс энэхүү эс үйлдэхүйгээ орон нутгаас буюу Төв аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгох саналыг “дэмжихгүй” санал ирүүлсэнтэй холбож тайлбарладаг. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг шаардлага хангасан хуулийн этгээдэд олгох онцгой бүрэн эрх, нөгөө талаараа үүргийг төрийн захиргааны байгууллагад оноосон ба аймгийн засаг даргын саналаас болж энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д зааснаар аймгийн Засаг дарга нь тодорхой хугацаанд нутаг оронд нь тусгай зөвшөөрөл олгох асуудалд “дэмжих”, эсвэл “дэмжихгүй” санал ирүүлэх бөгөөд хуульд заасан “дэмжихгүй” санал ирүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага түүнийг хүлээн авах журамтай. Үүнийг мөн Улсын Дээд шүүхийн тогтоол (2010 оны 4 сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 10 дахь хэсэг)-д тодорхой тайлбарласан. Цаашлаад Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Дотоод заавар батлах тухай” тушаалд ч энэ талаар зохицуулсан ба хуульд заасан үндэслэлгүйгээр орон нутгаас “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгохоор зохицуулжээ.

Гэвч анхан шатны шүүх аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь захиргааны акт, нэхэмжлэгч нь энэхүү Төв аймгийн Засаг даргын Ашигт малтмалын газарт явуулсан саналыг Төв аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд хандаж, хуульд нийцсэн эсэхийг тогтоолгох ёстой, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх энэхүү саналын хуульд нийцсэн эсэхийг хянахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч компанийн хувьд тусгай зөвшөөрөл хүссэн тул эрх ашиг сонирхол нь тусгай зөвшөөрөл олгогдох эсэх дээр хөндөгдөнө. Нэхэмжлэгчийн зүгээс Төв аймгийн засаг даргын саналыг биш, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан болно.

Цаашлаад анхан шатны шүүхээс хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохгүй асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтаар олгосон эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзсэн ба тус 11.1.6 дахь заалт нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг уургийг хэрэгжүүлнэ хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих” гэсэн зохицуулалттай. Үүнд тусгай зөвшөөрөл олгох, олгохгүйтэй холбоотой ямар ч агуулгагүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч болсны дараах үйл ажиллагаанд хяналт тавих талаар зохицуулжээ. Ямар үндэслэл шалтгаанаар дээр дурдсан заалтын дагуу хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь зөв гэж үзсэн нь үнэхээр ойлгомжгүй бөгөөд шүүх хэрэг маргааныг тал бүрээс нь судлаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо “дэмжихгүй” гэдэг санал ирүүлсэн эсэхээс үл хамааран бусад шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогдох ёстой, энэ нь Ашигт малтмалын тухай хууль, Улсын Дээд шүүхийн тогтоолд тодорхой тусгагдсан гэдэг үндэслэл тавьсан.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна, нэгэнт Аймгийн засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэсэн ерөнхий дүгнэлт л хийсэн байна. Улсын Дээд шүүх энэ асуудалд тодорхой дүгнэлт өгөх биз ээ.

Практик дээр ийм асуудал маш олон тохиолдож байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст байна уу, эсвэл тухайн орон нутагт байна уу гэдэг асуудал ч хөндөгдөж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0564 тоот шийдвэр, түүнийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0619 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Төв аймгийн Баян сумын нутагт орших 914,67 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай “Терра виста” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Төв аймгийн Засаг даргаас ирүүлсэн “...дэмжихгүй...” гэсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчийн тус аймгийн Баян сумын нутагт орших 914,67 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн захиргааны байгууллагын шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасантай нийцсэн, хариуцагчийг хуульд заасан чиг үүргээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих, эсэх санал нь тухайн тусгай зөвшөөрөл олгоход тавигддаг үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болохыг дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, 19.6 дахь хэсэгт зохицуулжээ.

Аймгийн Засаг даргын санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч нь энэ саналын талаар маргаагүй тул “...татгалзсан санал нь хууль бус...” гэх нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийх боломжгүй талаар шүүхүүд зөв дүгнэсэн, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийн талаарх шүүхийн дүгнэлт буруу биш юм.

Иймээс “...дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн эсэхээс үл хамаарч бусад шаардлагыг хангаж байгаа нөхцөлд тусгай зөвшөөрөл олгогдох ёстой,...бид Засаг даргын саналыг биш, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “...тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан...” гэж зөв дүгнэсэн атлаа үүнд хамааралгүй Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтыг үндэслэсэн нь буруу, энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй, хууль хэрэглээний уг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй орхигдуулжээ.

Дээр дурдсаны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй, харин хуулийн заалтыг зөвтгөж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0564 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0619 дүгээр магадлалын “ТОГТООХ” хэсгийн 1-д “...11.1.6 гэснийг 11.1.16...” гэж өөрчилж, шийдвэр,  магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ