Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-20
Дугаар 477
Хэргийн индекс 128/2016/0446/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "Б" ХХК
Хариуцагч СХД-ын ЗД-д
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "О" ХХК
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат, гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Очбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0416 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0611 дүгээр магадлалтай, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0416 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар “О” ХХК-д газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0611 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0416 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б” ХХК-д газар эзэмшүүлэхийг даалгах”-ыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно” гэж заасны дагуу маргаан бүхий газарт хиймэл нуур, цөөрөм, усан сан байгуулсан, мод тарьсан, нөхөн сэргээлт хийсэн, улмаар “усан парк” байгуулахаар холбогдох байгууллагуудад хандаж байсныг тодруулах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 21 дүгээр хурлын тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2009 оны 11/636, 11/182 дугаартай албан бичгүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2010 оны 6/1603 дугаартай албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан холбогдох байгууллагуудаас гаргуулах, “захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлтсийн дүгнэлтийг гаргуулж тодруулахаар хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүй гэж улмаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т гомдол гаргах шүүгчийн захирамжийг тодорхойлсон бөгөөд үүний дотор мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “3ахиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэсэн заалт хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд шүүх нотолгооны ач холбогдолтой, эсвэл шаардлагагүй гэж үзсэнээ тодорхой үндэслэлтэй шийдвэрлэж, улмаар хэргийн оролцогч гомдол гаргасан тохиолдолд шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэхээр заажээ.

Гэтэл шүүхээс 32 дугаар зүйлийн 32.4-т ”Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” хэргийн оролцогчийн эрх, үүргийг зохицуулсан хуулийн зүйл заалтыг баримтлан, энэ нь хэрхэн захирамжийн үндэслэл болж байгаа нь тодорхойгүйгээр нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан.

Түүнчлэн мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д “Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасны дагуу гомдол гаргах талаар шүүхэд тайлбарласан боловч хүлээн аваагүй болно.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1302 дугаар захирамжаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг дахин шинжилгээ хийлгэх, мөн Нийслэлийн Байгаль орчны газрын шинжээчийг шинжээчээр томилсон боловч эдгээр шинжээчийн дүгнэлтүүд гаргаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзахаар заажээ. Гэтэл эдгээр тохиолдол үүсээгүй байхад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас нэмэлт дүгнэлт ирүүлээгүй, мөн Нийслэлийн Байгаль орчны газраас “дүгнэлт гаргах шаардлагагүй” гэж тодорхойлолт ирүүлсэн нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 17 дугаар зүйлийн 17.1-д “тавигдсан асуултын дагуу шинжээч бичгээр дүгнэлт гаргаж, гарын үсэг зурахаар” заасныг зөрчсөн, шинжээчээр томилогдсон мэргэжилтэн Ж.Батзолбоог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан нь хэргийн талаар нөхцөл байдлыг мэдэх этгээд гэрч байх, тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй.

Гэтэл энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, гомдол гаргах эрхийг хязгаарласан эсэх тухайд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

Үүнээс гадна мэргэжилтэн Ж.Батзолбоо нь шүүх хуралдаанд “Бусад талбайд нөхөн сэргээлт хийсэн эсэхийг мэдэхгүй, мод бут тарьсныг зургаар баталгаажуулж авсан нь архивт байгаа, мод таригдсан, байгалийнх эсэх, хэдэн настай зэргийг тогтоох боломжтой, очиж үзээгүй болохоор мэдэхгүй” гэсэн мэдүүлэг өгснөөс үзэхэд тухайн асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүхээс өөрөө нотолгооны ач холбогдолтой гэж үзсэн шинжээчийн дүгнэлт, нотлох баримт хэрэгт авагдаагүй, цуглаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь мөн захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээр дурдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц баримтууд юм.

Түүнчлэн “...газар эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагад анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохоор байхад давж заалдах шатны шүүхээс анхаараагүй.

Иймд, шүүхүүд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагад бүхэлд нь дүгнэлт өгөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 416 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 611 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг бичилгүй орхигдуулсан, хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцэж байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон нэртэй газарт “Буянт цагаан бодь” ХХК-ийн 2014 оноос эхлэн эзэмшиж байсан 2 га газар эзэмших эрхийн гэрчилгээг “Оч наран” ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд эрх бүхий байгууллагын шийдвэрээр 73 га талбайд хайрганы уурхайн эдэлбэрт 2299А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2000 оноос эзэмшсэн, 2009 онд уг зөвшөөрөл нь цуцлагдсан, 2016 онд тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаагүй болно. 

Харин нэхэмжлэгч “...уг газарт бидний үл хөдлөх хөрөнгө байгаа, ...их хэмжээний хөрөнгө гаргаж тохижуулсан, ...эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээсэн, тухайн газарт Эко парк байгуулах төсөл хэрэгжүүлснийг дэмжсэн байгаа ...” гэж, хариуцагч болон гуравдагч этгээд нь “... ямар нэг давхцал байхгүй… тухайн газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй...” гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа газар нь гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцалгүй, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй болох нь нотлогдсоныг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой, зөв дүгнэжээ.

Энэ маргааны тухайд нэхэмжлэгчийн “...маргаж байгаа газарт нөхөн сэргээлт хийсэн, мод тарьсан...усан сан байгуулахаар хүсэлтээ гаргаж байсан ...” гэх тайлбар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан газрыг давуу эрхээр эзэмших үндэслэлд хамаарахгүй.

Учир нь, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбай нь гуравдагч этгээд “О” ХХК-ийн эзэмшиж байгаа газартай давхцаагүйг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөс гадна нэхэмжлэгч нь нөхөн сэргээлтийг гэрээний дагуу өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн, нотлох баримт, шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудлаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байх тул “....шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох”-ыг нэгэнт дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу биш, энэ нь “...дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол мөн үндэслэлгүй байна.

Дээрхээс үзвэл, анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, маргаанд хамаарал бүхий Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0611 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ