Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-27
Дугаар 485
Хэргийн индекс 128/2017/0417/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч А.О, Ш.Д, Ц.М, Э.Э нарын
Хариуцагч ХСИС-ын захирал
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

            А.О, Ш.Д, Ц.М, Э.Э нарын нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/491 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0660 дугаар магадлалтай, А.О, Ш.Д, Ц.М, Э.Э нарын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/491 дүгээр шийдвэрээр: Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Их сургуулиас хасах тухай” Б/225 дугаар бүхий тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0660 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орж шийдвэрлэсэн.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт ...“Хууль сахиулахын их сургуулийн багш ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1-д "энэхүү дүрмийг Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа багш, ажилтан, сонсогч дагаж мөрдөх"-өөр заасан, уг дүрмийн 6.6.12-т Сонсогч нь “...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх", “...зүй бус шаардлага тавих...харилцааны соёлыг үл баримтлах .сургууль хамт олны дунд болон орчинд биеэ зүй бус авч явах, үлгэргүй байдал үзүүлэх"-ийг хориглосон хэм хэмжээг нэхэмжлэгч нар зөрчсөн нь тогтоогдож байгаа хэдий ч хариуцагчаас захиргааны актыг гаргахдаа Албаны шалгалт явуулах журмын 5.7.2-т зааснаар “сахилга ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэл, хэрэв хэд хэдэн...оюутан хамтран сахилга, ёс зүйн зөрчил гаргасан бол оролцсон албан хаагч нарын үйлдэл тус бүрийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгыг тогтоох” ёстой атал нэхэмжлэгч нарын үйлдэл тус бүрийг ялгаж салгаж тогтоогоогүй нь үндэслэлгүй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Албаны шалгалтын явцад сонсогч нар архи согтууруулах унааны зүйл хэрэглэсэн, бусадтай зүй бусаар харьцаж биед нь гэмтэл учруулсан гэсэн 2 төрлийн зөрчил гаргасныг албаны шалгалтаар тогтоосон бөгөөд шүүхээс ч мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг нь хангалттай нотолсон гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэгч нарыг үйлдэл тус бүрийг тогтоогоогүй гэж дүгнэсэнд харамсаж байна. Бусадтай зүй бус харьцаж биед нь гэмтэл учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй учраас хохирогчид гомдлоо цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй гэдгийг нь тайлбарлаж өгсөн.

      Шүүхээс маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгч нараас хэн нь Ц.Басхүүг хэл амаар доромжилсон, хэн нь түүний биед гэмтэл учруулсан нь тодорхойгүй байхын дээр албаны шалгалт явуулсан этгээдээс зөрчил гаргасан сонсогч нарт ногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг ялгавартайгаар дүгнэж саналаа ирүүлсэн байхад хариуцагч нь А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нарт ижил арга хэмжээ буюу бүгдийг нь “сургуулиас хасах"-аар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын гаргасан зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл нь тохироогүй байна гэж шүүх дүгнэв...” гэснийг эсэргүүцэж байна. Албаны шалгалтаар Ш.Д бусдын гарыг хазсан үйлдэл нь тогтоогдон, гараа хазуулсан гэх сонсогчийг нь Цагдаагийн байгууллагад хандах эрхтэй гэдгийг нь тайлбарлан зөвхөн архидан согтуурсан үйлдлээр нь их сургуулиас хассан байхад хэн нь хүний биед гэмтэл учруулсан гэж дүгнэсэнд харамсаж байна.

      Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа мөн л маргаан бүхий 2017 оны Б/225 дугаар тушаалын 1 дэх хэсэгт 2 төрлийн зөрчилд нь их сургуулиас хасах сахилгын шийтгэл оногдуулсан байхад зөвхөн биед халдсан зөрчилд захиргааны шийтгэл ногдуулсан мэт дүгнэсэнд гомдолтой байна.

      Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0660 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

            Хууль сахиулахын их сургуулийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар Цагдаагийн сургуулийн Цагдаа ”Хууль сахиулах ажил” 1/1/1 бакалаврын хөтөлбөрийн 317 дугаар дамжааны түрүүч А.О, дэд түрүүч Э.Э, сонсогч Ш.Д, 318 дугаар дамжааны сонсогч Ц.М нарыг сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж их сургуулиас хасахаар шийдвэрлэжээ.

            А.О, Э.Э, Ш.Д, Ц.М нар нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гадуур түр чөлөөтэй байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн их сургуулийн шалган нэвтрүүлэх байрны замын баруун талд байрлах “Бөхөд найман” нэртэй дэлгүүрийн үүдэнд Цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч Ц.Басхүүтэй маргалдсан, Ш.Д нь Ц.Басхүүгийн гарыг хазаж гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

            Харин нэхэмжлэгч нар “...тухайн өдөр болж өнгөрсөн үйл явдлын бодит үнэн, нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр холбогдох хууль, дүрмийг зөрчиж их сургуулиас хасах тушаал гаргасан...”  гэж маргаан бүхий Б/225 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгохыг хүсчээ.

Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар “…Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг их сургууль, дээд сургууль, коллежийн дүрмээр тогтооно” гэж, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 12.1.18-д “Суралцагчийг анги дэвшүүлэх, сургуулиас хасах, сургалт хойшлуулах, сургалтаас чөлөөлөх, чөлөө олгох, суралцагчид цол олгох, бууруулах, хураах” гэж тус тус зааснаар сургуулийн захирал нь дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй сонсогчийг сургуулиас хасах шийтгэл хүлээлгэх эрхтэй байна.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлагдсан “Багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-ийн 8.4-д “...сонсогчид холбогдох албаны шалгалтыг Ёс журам бэлэн байдлын газар Захиргааны удирдлагын газрын эрх бүхий ажилтны хяналт дор явуулж саналаа захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэж зааснаар гаргасан зөрчлийг албаны шалгалтаар тогтоож, дүнг захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргахаар зохицуулжээ.

Гэтэл Хууль сахиулахын их сургуулийн захирал 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.О, Ш.Д, Ц.М, Э.Э нарыг сургуулиас хассан шийдвэр гаргахдаа албаны шалгалт явуулсан боловч, дүнг захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд захирлын тушаал гаргасан үйл ажиллагаа нь дээрх хууль, дүрэмд нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...шийдвэр нь үндэслэл бүхий байх...” гэж заасан захиргааны акт гаргах үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байна.

Захирлын зөвлөлийн шийдвэргүйгээр тушаал гаргаснаар нэхэмжлэгч нэг бүрд зөрчлийг ялгамжтай байдлаар тогтоогоогүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байх бөгөөд үүний улмаас тэдний эрх хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох нь зөв болно.

Харин нэхэмжлэгч нарын зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад “ноцтой” болохыг тогтоогоогүй, шийтгэл тохироогүй гэх зэргээр дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхүүд маргааны үйл баримтад хамаарах хууль, холбогдох дүрэм, журмыг зөв тайлбарлан дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0491 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0660 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       М.БАТСУУРЬ

                 ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ