Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-27
Дугаар 486
Хэргийн индекс 128/2017/0338/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Д.Ж
Хариуцагч ХСИС-ын захиралд
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0615 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0694 дүгээр магадлалтай, Д.Ж-ын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0615 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.8, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, 26.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин буюу төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний 12 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлал болох 650,817 төгрөг, ахмад цолны нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 30 хувь болох 195,245 төгрөг, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 8 хувь болох 52,026 төгрөг, албан ажлын онцгой нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 10 хувь болох 65,081 төгрөг, нийт сарын үндсэн цалин 963,169 төгрөг бөгөөд 2016 оны 11 дүгээр сараас хойшхи цалин болох 7 сарын хугацааны цалин 6,742,183 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий иргэн Д.Ж-ын нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0694 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Д.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны болон анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Д.Ж миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн захирал С.Баатаржавд хандаж Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтын дагуу өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч Хууль сахиулахын их сургуулийн захирал нь дураар аашилж, Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудыг хэрэглэхгүй шийдвэр гаргасан.

Учир нь миний бие Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/428 дугаар тушаалаар ажилд томилогдож ажиллахдаа хуульд заасны дагуу үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг дээд шатны албан тушаалтантай байгуулсан бөгөөд ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, шүүх хэт нэг талын байр суурийг хамгаалж хариуцагч талын хуурамч нотлох баримтуудыг хянаж үзэж дүгнэхгүй нотлох зарчмыг баримтлахгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны зөрчсөн нь илт хууль бус юм. Хууль сахиулахын их сургуулийн захирал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “..бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “...захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.”, 13.3-т “...захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 15 дугаар зүйлийн бүхий л заалт, 24 дүгээр зүйлийн 24.2-т ...заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.5-д “...захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй”, 25 дугаар зүйлийн 25.1.2-т ”...оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах..”, 27 дугаар зүйлийн 27.4, 27.5 дахь заалтууд, 47 дугаар зүйлийн 47.1.3-т “...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 48 дугаар зүйлийн 48.2.4-т “...захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж хууль бус захиргааны акт гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар нь дээрх хуулийн заалтуудыг хэрэглэхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0615 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0694 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн инновацийн төвийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилтан, ахмад Д.Ж-ыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халсан тус сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасантай нийцжээ.

Д.Ж нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ажил тасалж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/522 дугаар тушаалаар цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, тасалсан үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь “... өөрийн хүсэлтээр халагдах хүсэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн байхад шийдвэрлэлгүйгээр ажлаас халсан нь буруу...” гэж дээрх тушаалыг хүчингүй болгохыг хүсчээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “...энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна..” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “...ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч нь өргөдлийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд ажлаа үргэлжлүүлэн хийх үүрэгтэй, энэ хугацаанд ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь буруу байна.

Иймээс нэхэмжлэгч нь өөрөө халагдах өргөдөл өгсөн гэх үйл баримт нь Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “...төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл биш, “...өөрөө хүсэлтээ гаргасан байхад сахилгын шийтгэл ногдуулсан...” гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага тухайн үед Д.Ж-ын ажил тасалж буй шалтгааныг тодруулах, маргаан бүхий тушаалын талаар танилцуулахаар холбогдох ажиллагааг явуулсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь “...өргөдлөө өгсөн...” гэхээс өөрөөр ажил тасалсан шалтгаанаа тайлбарлаагүй, өмнө нь мөн шалтгаанаар сахилгын шийтгэл хүлээж байсан нь тогтоогджээ.

Мөн энэ талаар өөрт нь захиргааны зүгээс мэдэгдэж, шийдвэр гаргахаас өмнө сануулсан байх тул захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйлүүдэд заасан “...урьдчилан мэдэгдэх, өөрийг нь оролцуулах, нотлох баримт цуглуулах, хууль бус арга хэрэглэсэн...” зэрэг шаардлагыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

Шүүхүүд маргааны үйл баримтыг зөв дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0615 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0694 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

                 ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ