Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-04
Дугаар 505
Хэргийн индекс 120/2017/0210/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагч ХНХ-ын сайд
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0540 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0639 дүгээр магадлалтай, Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12/ШШ2017/0540 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн 36.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 дугаар тушаалыг хүчингүй болгож Б.Э-ийн Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Б.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин 5,942,929 /тавин сая есөн зуун дөчин хоёр мянга есөн зуун хорин есөн/ төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмж авсан 1,658,335 /нэг сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун гучин таван / төгрөгийг хасаж нийт 4,284,594 /дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуун ерэн дөрвөн/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0639 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0540 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Э-ийг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын даргыг томилох, чөлөөлөх эрхтэй эсэхэд шүүхүүд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Өмнө нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /хүчингүй болсон/-ийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар “...аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “...аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” зохицуулалттай юм.

Дээрх хуулийн хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг агентлагийн даргатай зөвшилцөж, тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлдөг байсан.

Харин 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй, Хүүхдийн эрхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг дүүргийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргыг Засаг дарга томилж, чөлөөлөх тусгайлсан хуулийн зохицуулалт /Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт/ хүчингүй болсон юм.

Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх” эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргыг сайд томилж, чөлөөлөх эрхтэй болсон.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ томилох эрх хэмжээ сайдад байхгүй байсан гэж үзэж маргаж буй учраас талуудын өөр өөр байр суурьтай байгаа дээрх хууль хэрэглээний зөрүүтэй нөхцөл байдалд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн тайлбар хийж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч талын үзэж байгаачлан сайдад томилох эрх хэмжээ байхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

Уг хууль хэрэглээний маргааныг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлах зайлшгүй шаардлага үүсээд байгааг хүлээн авч, тайлбарлаж өгнө үү.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгчийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн.

Харин шинэ байгууллагын даргаас томилохоос Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/ гэдэг байгууллага байхгүй болсон тул байгууллагын даргын албанаас нэхэмжлэгчийг чөлөөлж, шинээр байгуулагдсан газрын даргаар томилоогүй юм. Учир нь уг шинээр байгуулагдсан газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох хууль зүйн зохицуулалттай билээ.

Мөн нэхэмжлэгч нарыг өмнөх ажлын байр буюу Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлснөөс бус шинээр байгуулагдсан аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөөгүй.

Гэтэл нэхэмжлэгч нь сайдын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, улмаар даалгах нэхэмжлэлийн хүрээнд асуудал шийдвэрлэх хэрэг байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байхад дотогш чиглэсэн акттай холбоотойгоор захиргааны хэрэг үүсгэн шалгаж, уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх баримтыг хариуцагч талаас гаргуулахаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн ажилгүйдлийн даатгалын санд ямар нотлох баримт бүрдүүлж, тэтгэмжийг хэзээ авсан тухай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Иймд хэргийг бүхэлд нь хянаж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй хуулийг хэрэглэсэн алдааг болон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох заалтад агуулгын хувьд зөвтгөн найруулгын өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцжээ.

Иймд хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 дугаар тушаалаар Б.Э-ийг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч нь ”...байгууллагын нэрийг бага зэрэг өөрчилж, түүнийгээ  өөрчлөн байгуулагдсан гэж байгаа нь үндэслэлгүй...” гэж маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар, хариуцагч нь “...байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан, ... ажилчдаас гарсан гомдол, ...ёс зүйн хувьд Б.Э-ийг шинэ албан тушаалд томилох боломжгүй байсан...” гэж тайлбарлан маргажээ.

Мөн хариуцагчийн зүгээс “...Засаг даргын эрхийн асуудлын хүрээнд хамаарах бүтцийн байгууллага байсан нь өөрчлөгдсөнөөр тухайн байгууллагын чиг үүргийг сайдын эрхийн асуудлын хүрээнд хамруулсан, ...сайд шинэ байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэх тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ болгон тайлбарласан байна.

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, харин төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, байгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн тохиолдолд хуульд заасан баталгаагаар хангагдахыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдэд тодорхой зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдөх нь түүнийг албан тушаалаас нь өөрчлөх үндэслэл болохгүйг дээрх хуульд тодорхой заасан, энэ нь “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцсэн гэж үзнэ.

Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгч Б.Э-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, албан тушаал хэвээр байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Э-ийг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/282 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг шүүхүүд зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй гэж үзнэ.

                 Иймээс “...нэхэмжлэгчийг байхгүй болсон албан тушаалаас чөлөөлсөн нь буруу биш, түүний эрхийг хөндөөгүй, ...дотогшоо чиглэсэн акт, ... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

                 Түүнчлэн нэхэмжлэгч нь Сайдын “төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх эрх”-ийн тухайд маргаагүй тул хяналтын шатны шүүх энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0639 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

               2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

                 ШҮҮГЧ                                                                        Л.АТАРЦЭЦЭГ