Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-04
Дугаар 500
Хэргийн индекс 109/2016/0009/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "О М" ХХК
Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“О М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0699 дүгээр магадлалтай, “О М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Н, Я.Н нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр: 1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8, 13.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Н, Я.Н нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаартай актын төлбөрийг 29 470 955.2 төгрөгөөр багасгаж, 29 981 200 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “О М” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0699 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-т заасныг баримтлан “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “О М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, хоёр дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална” гэж заасан байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.2, 27.6.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Татварын ерөнхий газрын дарга 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаар тушаалаар “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг батлан гаргаж 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхээр заасан. Гэтэл Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Н, Я.Н нар нь хууль дээдлэх зарчмыг болон дээд шатны байгууллагын журам зааврыг үл тоон илт эрх зүйн зөрчилтэй акт гаргасан. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмаар татварын хяналт шалгалт хийх журмыг батлан гаргаж 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан. Уг журмын 5 дугаар зүйлийн 5.7-д “татварын улсын /ахлах/ байцаагчаар өмнө шалгасан татвар төлөгчийг давтан шалгуулахгүй байх, хэрэв энэхүү байдлыг мэдээгүйгээс дахин шалгахаар томилолт олгогдсон бол тухайн татварын улсын /ахлах/ байцаагч энэ талаар томилолтыг олгосон албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн. Татварын улсын байцаагч Я.Н, Ч.Ө нар “О М” ХХК-д 2012 оны үйл баримтад хяналт шалгалт хийж 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101168 тоот актаар 6 331 900 төгрөгийн төлбөр тавьж байсныг компани төлж барагдуулсан. Энэ талаар маргаан бүхий актын хавсралт 1-д тодорхой дурдсан маргаан байхгүй.

Журмын 5.9-д “татварын хяналт шалгалт хийх томилолт авсан татварын улсын /ахлах/ байцаагч нь өөр ажилд шилжсэн, сэлгэн ажилласан, хууль хяналтын байгууллагад шалгагдан эрх нь түдгэлзсэн, татвар төлөгч болон холбогдох төрийн болон хууль хяналтын байгууллагын албан тушаалтан тодорхой шалтгаанаар тухайн татварын улсын байцаагчаар шалгалт хийлгэхээс татгалзах хүсэлтээ албан ёсоор гаргасан бол шийдвэрийг үндэслэн өмнө олгосон томилолтод өөрчлөлт оруулах, эсвэл хүчингүйд тооцож шинээр олгож болно” гэж заасан бөгөөд энэхүү заалтаар байцаагч Ч.Ө хяналт шалгалт хийх боломжгүй болсон өдрөөс хойш уг томилолтод өөрчлөлт оруулах байсан. Гэтэл татварын алба анх олгосон томилолтынхоо зөвхөн нэрийг өөрчилж эрх зүйн зөрчил гаргасан. Журмын 7.11-д “ТХШАЭН-ийн даргыг албан ёсоор түр орлон гүйцэтгэх татварын улсын /ахлах/ байцаагч нь томилогдсон хугацаандаа татварын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхгүй, хэрвээ зайлшгүй шаардлагаар татварын хяналт шалгалт хийсэн тохиолдолд түүний бичсэн акт, дүгнэлт, илтгэх хуудсыг, тухайн татварын албаны дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурна”, 7.12-т “аймгийн Татварын газар, хэлтсийн ТХШАЭН-ийн дарга /татварын улсын ахлах байцаагч/-ийн бичсэн акт, дүгнэлт, илтгэх хуудсыг аймгийн Татварын газар, хэлтсийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурна” гэж тус тус заасныг зөрчсөн. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад ТХШАЭН-ийн дарга өөрөө хяналт шалгалт хийгээд үүнийгээ өөрөө баталгаажуулж гарын үсэг зурсан зөрчил байна, үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэж хэлсээр байтал актыг хэвээр баталсан нь хууль дээдлэх зарчмыг үгүй хийж байна. Журмын зохицуулалтаар бол Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дарга уг актыг хянан баталгаажуулж гарын үсэг зурахаар зохицуулсныг ноцтой зөрчсөн.

Журмын 11.1.2-д “татварын улсын /ахлах/ байцаагч нь татварын хяналт шалгалт хийхэд оролцоогүй бол татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, илтгэх хуудас, татварын хяналт шалгалттай холбоотой бусад баримт бичигт гарын үсэг зурж, тэмдэг дарах”-ыг хориглосныг зөрчиж хяналт шалгалт хийгээгүй ТХШАЭН-ийн дарга Р.Н акт тогтоосон байцаагчаар гарын үсэг зурсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч болон тэдгээрийн төлөөлөгч нар дүгнэлтээр илрүүлсэн зөрчлөө бид дахин шалгах шаардлагагүй гэж акт тавьж төлбөр тогтоосон гэдэг. Үүнийгээ баталж дүгнэлтийн үргэлжлэл болохоор дахин томилолт олгох шаардлагагүй гэж тайлбарладаг. Давж заалдах шатны шүүхэд энэ талаар гомдол гаргахад хууль зүйн үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд хууль бус томилолтыг шүүх буруу үнэлсэн. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичдэг. Тэгтэл татварын алба нэг удирдамж томилолтоор хоёр өөр эрх зүйн акт гаргасан нь хууль зөрчсөн. Татварын ерөнхий хуульд ямар тохиолдолд, яаж акт, дүгнэлтийг хүчингүй болгох талаар тодорхой зохицуулсан. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн Татварын албаны даргын тушаалаар дараах үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 100000662 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон тушаал гаргаагүй атлаа дүгнэлтээ шууд акт болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн. 155 403 000 төгрөгийн зөрчлийн тухайд дурдвал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...иргэн Г.Б нь байрны үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, 12 615 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, иргэн н.Б байрны төлбөр 55 100 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус тус төлсөн болох нь кассын орлогын ордер, орлогын баримтаар тус тус тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Маргаан бүхий татварын акт 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гарсан бөгөөд компани уг зөрчилтэй холбоотой татварыг 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд тайлагнаж холбогдох татварын тооцоо хийснийг шүүх тогтоосон байна.

Хяналт шалгалтыг журмын дагуу бодитой хийсэн бол Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасны дагуу 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд торгууль, алданги тогтоох байсан юм. Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах үндэслэл бүрдсэн тул шүүх энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байсан. 144 400 000 төгрөгийн зөрчлийн тухайд, шүүх уг орон сууцыг бусдад бэлгэлсэн тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан “хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ” гэж үзсэн нь илт хуулийг гуйвуулсан. Шүүхийн дүгнэснээр бусдад бэлгэлсэн болгон нь хувийн хэрэглээний бараа болж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т  “харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийнхээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн” бол татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн үнийг тодорхойлж татвар суутгахаар заасан. Энэхүү заалтаар компани бусдад бараагаа үнэгүй бэлгэлсэн ч гэсэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр зохицуулсан. ...Татварын алба өнөөгийн хугацаанд 2014-2016 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийн бусдад бэлгэлсэн орон сууцыг зах зээлийн үнээр тооцон гаргаж татвар төлүүлэх зохицуулалттай боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хамгаалалтад орсон. Энэхүү хуулийн зорилго нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Хэрвээ шүүх “О М” ХХК-ийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулахгүй бол шударга бус явдал болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хянавал:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Н, Я.Н нар “О М” ХХК-ийн 2012.01.01-2013.12.31-ийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд өмнө 2014 оны 4 дүгээр сард хийсэн шалгалтаар илэрсэн 404 812 000 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т заасныг тус тус үндэслэн нийт 59 452 155.20 төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг бичсэн, Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “зөрчлийн дүнг 105 000 000 төгрөгөөр бууруулж, үүнд ногдуулсан 15 781 500 төгрөгийн төлбөр”-ийг хассан, нэхэмжлэгч “О М” ХХК нь “2013 онд 77 701 500 төгрөгийн борлуулалтын орлого байгууллагад ороогүй байсныг шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолоор тогтоосон, ...орж ирээгүй орлогод... албан татвар тооцох үндэслэлгүй, ...худалдан авсан орон сууц нь манай компанийн хувьд бараа тул төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлтэй,... татварын шалгалтыг томилолт, удирдамжгүйгээр хийсэн” гэж маргажээ.

- “...хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүй хийсэн” талаар: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Ө, Я.Н нар “О М” ХХК-ийн 2012-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд шалгалт хийж, илрүүлсэн 404 812 000 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгүүлэхээр татварын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 100000662 дугаар дүгнэлт бичсэн, тус аймгийн Прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор “О М” ХХК-ийн захирал Ж.Б-д холбогдох “татвар ногдох их хэмжээний орлого санаатай нуусан” гэх эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж хэрэгсэхгүй болгосон, уг “дүгнэлт”-ийг “акт” болгон бичсэн үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих...”, 34.2-т “татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаас үзэхэд “акт”, “дүгнэлт” аль аль нь татварын хяналт шалгалтын үр дүнд бичигдэх бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1-д зааснаар татварын улсын байцаагч нь татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх эрхгүй болно.

Харин татварын улсын байцаагч Р.Н, Я.Н нар нь дахин хяналт шалгалт хийлгүйгээр “дүгнэлт” гаргах үндэслэл болсон баримтууд дээр тулгуурлан, хариуцлага ногдуулах зорилгоор “акт” бичсэн үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” /энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/, 74 дүгээр зүйлийн 74.1-д “...татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “...нөхөн төлүүлэх татварт алданги тооцох...” /уг зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэж заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...татварын улсын байцаагчаар өмнө шалгасан татвар төлөгчийг давтан шалгуулахгүй байх, ...өмнө шалгасан байцаагчийг томилсон томилолтод өөрчлөлт оруулаагүй, ...хяналт шалгалт хийгээгүй... тасгийн дарга актад гарын үсэг зурж, өөрөө баталгаажуулсан, ...нэг удирдамж, томилолтоор хоёр өөр эрх зүйн акт гаргаж хууль зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй” гэх хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.

- “...борлуулалтын орлогыг тайланд тусгаж, татвараа тодорхойлж төлөх” талаар: Нэхэмжлэгч “О М” ХХК нь Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 25 айлын орон сууцны барилга барьж, 2013 онд борлуулсан, үүнээс иргэн Ж.Б, Г.Б нартай 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний дагуу тэдэнд худалдсан 2 орон сууцны төлбөр болох 77 701 500 төгрөгийн борлуулалтын орлогыг 2013 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдох орлогод тооцоогүй гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн боловч уг төлбөр нь 2013 онд төлөгдөөгүй буюу компани ийм хэмжээний орлого олоогүй тул “борлуулалтын орлогоор тооцож тайлагнахгүй” гэж маргажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлөх”-өөр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...“нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг ойлгох”-оор заасан тул нэхэмжлэгч “О М” ХХК нь өөрийн үндсэн үйл ажиллагааны орлого болох 2 орон сууцнаас олох орлогыг хүлээн авснаас үл хамааран 2013 онд аж ахуйн нэгжийн орлогын тайланд тусгаж, төлөх татвараа тодорхойлох нь татвар төлөгчид хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.

Иймд, дээрх орлогыг 2013 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй нэхэмжлэгчийн эс үйлдэхүй нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан...”, 74.1.3-т “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах” гэж заасан зөрчил тул 7 770 150 төгрөгийн нөхөн татвар, 2 331 045 төгрөгийн торгууль, 186 252 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.

Харин “акт” бичих үед нэхэмжлэгч нь уг орлогыг хүлээн авч, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж, холбогдох татвараа төлсөн байсан нь тогтоогдсон хэдий ч татварын хяналт шалгалтанд хамрагдсан 2013 оны хугацааны хамаарлаар уг зөрчлийг гаргасныг үгүйсгэхгүй, энэ үндэслэлээр актыг буруутгах үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалд уг төлөгдсөн татварыг “суутган” тооцуулах боломжтойг дүгнэсэн учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын “...хяналт шалгалтыг журмын дагуу хийсэн бол 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны торгууль, алданги тогтоох байсан, ...гэвч Өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгох байлаа” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

- “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг... төлөх татвараас хасахгүй” талаар: Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод 144 400 000 төгрөгийн орон сууц худалдан авч, уг худалдан авалтанд 14 440 000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, орон сууцыг худалдан борлуулах зорилгоор худалдан авсан тул “нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох ёстой” гэж, хариуцагч нь “хасалт хийхгүй” гэх үндэслэлээ “амьдран суух зориулалтаар хувьдаа худалдаж авсан” гэж тайлбарлажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.4-т нэмэгдсэн өртгийн албан татварыг “хасч тооцох” бараа, ажил, үйлчилгээг, мөн 14.2, 14.3, 14.4-т нэмэгдсэн өртгийн албан татварыг “хасч тооцохгүй” нөхцөлийг болон бараа, ажил, үйлчилгээг тус тус нэрлэн заажээ.

Маргааны үйл баримтад холбогдох орон сууцыг /бараа/ худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд “хасч тооцох”-оор заагаагүй, нэхэмжлэгчийн “худалдах зориулалтаар авсан” гэх үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэдэгт хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл, уг орон сууцыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.1-д заасан “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдаж аваагүй”, 14.1.2-т “худалдах зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа”-нд мөн хамааралгүй, татварын улсын байцаагч нар акт тогтоохдоо хуулийн 14.4.2-т заасан “хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ”-нд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг “хасч тооцохгүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар “нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлогоор тооцож тайлагнаагүй” гэх зөрчлийн асуудлаар гомдол гаргаагүй учир хяналтын шүүх шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж мөн өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиас өмнө буюу 2014 онд хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн хувьд уг хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тул “шинээр тайлагнасан,... уг хуулийн хамгаалалтанд орсон, ...хуулийн үйлчлэлд хамруулахгүй бол шударга бус явдал болно” гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа “татварын улсын байцаагчийн 2014 оны 100005092 дугаар актыг хүчингүй болгуулах, Татварын маргаан таслах зөвлөлөөс хэвээр үлдээсэн нөхөн төлбөр болох 29 981 200 төгрөгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “актыг хүчингүй болгуулах, Татварын маргаан таслах зөвлөлөөс хэвээр үлдээсэн нөхөн төлбөр, торгууль, хүү, алдангийн 43 670 655.2 төгрөгийг хүчингүй болгуулах” гэж тодруулан, 2 удаа бичгээр илэрхийлж, уг шаардлагаа анхан шатны шүүх хуралдаанд дэмжсэн, анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг хэрэглэж, нэхэмжлэгчид хүлээлгэсэн захиргааны шийтгэлийг өршөөсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд байхад давж заалдах шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлгүй өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0699 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

             ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ