Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-21
Дугаар 484
Хэргийн индекс 128/2017/0154/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч З.Д, Ц.Б нар
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд О.Э, Д.Н, С.С, Г.Ч, Г.Т
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

З.Д, Ц.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч З.Д, Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0550 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0656 дугаар магадлалтай, З.Д, Ц.Б нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0550 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан болон тус хуралдааны “Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай” 01, “Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал дахин шинэ акт гаргаагүй бол тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан болон тус хуралдааны “Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 01, “Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамж тус тус хүчингүй болохыг дурджээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0656 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0550 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Д, Ц.Б нарын Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан, мөн тус хуралдааны “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 01, “Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0656 дугаар магадлалд хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн /баримталсан/ хууль зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А гомдол гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017-2021 оны анхдугаар хуралдаан хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хуралдсан нь 27 дугаар хорооны иргэнд тухайн оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэний хувьд иргэн З.Д, Ц.Б нар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан хуралдаан, мөн өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцуулах гэж тодорхойлсон.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10-т “...хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн ... хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд...” гэж заасан бөгөөд хорооны аливаа иргэнд иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцох боломжийг хуульд заасны дагуу олгох, цаашлаад иргэдийн нийтийн хуралдаан болох өдөр, газрыг нийтэд мэдэгдэх үүднээс тодорхой хугацааны өмнө, эрх бүхий этгээд зарлаж, хорооны иргэдэд мэдээлдэг. Тухайлбал мөн хуулийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан болно.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11, 107.6-д заасны дагуу шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар шүүх шинэ захиргааны акт гарах хүртэл тодорхой хугацаанд захиргааны актыг түдгэлзүүлэх, шинэ захиргааны акт нь шийдвэрт заасан хугацаанд гараагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох асуудлыг шүүх шийдвэрлэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017-2021 оны анхдугаар хуралдаан нь эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хуралдсан болох нь, үүний улмаас 27 дугаар хорооны иргэн уг хуралдаан болох газар, хугацааг мэдээгүй, мэдэх боломжийг олгоогүй гэдэг нь тогтоогдсон.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь “анхдугаар хуралдааныг хуралдуулах хугацаа болсон байхад эрх бүхий этгээд нь зарлан хуралдуулаагүй тул зарим иргэд нийлж иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хийсэн нь зөв” гэсэн агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4, 23.10 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Хуульд заасан эрх бүхий этгээд хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тодорхой хугацааны өмнө зарлах нь хорооны аль ч иргэнд хуралдааны талаарх зар мэдээ хүрэх, цаашлаад хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцохыг сонирхсон аливаа иргэн өөрийн хувийн ажлаа урьдчилан зохицуулах боломжийг олгох үндсэн агуулгатай. Хорооны зарим иргэд “нийлж” хуралдсанаар ийм боломж бусад иргэдэд нь хаалттай болох юм. Иймд хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын үндсэн агуулга, зорилтыг зөрчсөн гарсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0656 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэл шууд хангагдаагүй ч хэргийг хэлэлцэх үед нотлогдсон үйл баримт, бусад нотлох баримтаар эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хуралдсан, хорооны иргэнд хурал болох талаар зар мэдээ хүргээгүй нь нотлогдсон тул шүүхээс маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн, шинэ захиргааны акт гаргаагүй тохиолдолд хүчингүй болгохоор шийдвэрлэснээр нэхэмжлэлийн үндсэн зорилго хангагдах юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд дахин анхдугаар хуралдааныг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь зарлан хуралдуулах нь ойлгомжгүй болсон байна.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь эрх зүйн үйлчлэлтэй сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх учиртай. Гэтэл анхан шатны шүүх бодит байдал дээр хэрэгжээд дууссан “хуралдааныг” түдгэлзүүлсэн нь буруу байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь хорооны иргэний хувьд шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргасан гэх боловч нэхэмжлэгч Ц.Б нь бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, нэхэмжлэгч З.Д нь тус хорооны Засаг дарга байсан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс “зөрчигдсөн” гэж үзэж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан журмын дагуу анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах нь нэхэмжлэгч Ц.Б даргатай Хурлын Тэргүүлэгчдийн үүрэг байжээ.

Гэтэл Хурлын Тэргүүлэгчид “тамгагүй” гэх хууль бус шалтгаанаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул тус хорооны хэсэг иргэд иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж дараагийн /шинэ/ Хурлын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад нэр дэвшигчийг сонгосныг буруутгах боломжгүй.

Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид дараагийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлахгүй тохиолдолд хэрхэх талаар уг хуульд тодорхой зохицуулалт байхгүй байна. Гэвч ийнхүү зарлахгүй байх нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болох ёсгүй. Жишээ нь, өмнөх Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлаагүйгээс болж дараагийн буюу шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрх нь хязгаарлагдах учиргүй. Энэ тохиолдолд хуульд хэдийгээр тодорхой заагаагүй ч шинээр сонгогдсон Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг өөрсдийн санаачлагаар хуралдах нь Үндсэн хуулиар заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд харшлахгүй.

Үүний нэгэн адил бүрэн эрх нь дуусгавар болсон баг, хорооны Хурлын Тэргүүлэгчид дараагийн дарга, тэргүүлэгчдийг сонгох анхдугаар хуралдааныг хууль бус үндэслэлээр зарлахгүй байх нь тухайн нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллага болох баг, хорооны Хурлын гишүүд /баг, хорооны иргэд/ хуралдааныг зарлаж, хуульд заасан бүрэн эрхээ, тухайлбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1. Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэгүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, 17.1.2. баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, ... хүсэлтийг сум, дүүргийн Засаг даргад уламжлах эрхийг хязгаарлахгүй юм.

Хэдийгээр 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан нь хүчинтэй эсэх /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан шаардлагыг хангасан эсэх/ нь нотлогдохгүй байгаа, энэ утгаараа маргаан бүхий актууд нь хууль бус байх боломжтой боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах шууд үндэслэл болохгүй юм.

Учир нь, захиргааны хэргийн шүүхийн зорилт нь хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл нь маргаан бүхий акт хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг.

Харин энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч Ц.Б, З.Д нар нь иргэний хувьд хорооны анхдугаар Хурлын хуралдаанд оролцох, сонгох, сонгогдох эрх нь хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүдээр /маргаан бүхий актууд/ гэхээс илүүтэй анхдугаар хуралдааныг зарлаагүй тус хорооны Хурлын дарга байсан нэхэмжлэгч Ц.Б-ын өөрийнх нь болон бусад Тэргүүлэгчдийн буруутай үйл ажиллагаанаас /эс үйлдэхүйгээс/ зөрчигдсөн гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нар нь иргэний хувьд хорооны иргэдээс зарласан 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн анхдугаар хуралдаанд оролцож сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан атал уг эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Иймээс, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн “давж заалдах шатны шүүх анхдугаар хуралдааныг хуралдуулах хугацаа болсон байхад эрх бүхий этгээд нь зарлан хуралдуулаагүй тул зарим иргэд нийлж иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хийсэн нь зөв” гэсэн агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4, 23.10 дахь хэсгийг зөрчсөн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0656 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ