Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-27
Дугаар 488
Хэргийн индекс 128/2016/0087/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Г.Х, Б.Г, Б.Г нар
Хариуцагч Баягаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд "Х а а т ш у ү н"
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.Х, Б.Г, Б.Г нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Г.Х, Б.Г, нэхэмжлэгч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Д, гуравдагч этгээд төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0524 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0640 дүгээр магадлалтай, Г.Х, Б.Г, Б.Г нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Г, Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0524 дүгээр шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.5, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн “Х а а т ш у т ү н”-д олгосон 0.28 га газрын бусдын 300 м кв газраар давхцалтай хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 300 м кв газар ашиглах эрхийг хангаж, “Х а а т ш у т ү н”-д олгосон газар ашиглуулах 2013/37 тоот гэрчилгээний 1554.5 метр газартай холбоотой хэсгээс Г.Х-ийн үлдэх 2013.5 м кв болон нэхэмжлэгч Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 513 м.кв газрыг тэнцүү хувааж ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Г.Х, Б.Г, Б.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Д болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0640 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0524 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.5, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн “Х а а т ш у т ү н”-д олгосон 0.28 га газрын бусдын 513.5 м.кв газраар давхцалтай хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Х-д 513.5 м.кв газар эзэмшүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, үлдэх “Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 513 м.кв газрыг ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Б.Г, Б.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан байх тул энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу.

1. Нэхэмжлэгч бид маргаан бүхий газарт 1973, 1976 онуудаас буюу төрөхөөсөө эхлэн өдий хүртэл амьдарч байгаа уугуул иргэд илээ. Энэхүү газраа бид асар их хогноос нь цэвэрлэн нөхөн сэргээж хашиж хамгаалан амьдарч байгаа тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 35 дугаар зүйлүүдэд заасны дагуу эзэмшиж ашиглах эрхтэй гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 1994 оны хуулийн үйлчлэл бид хоёрт хамаарахгүй гэж үзсэн нь буруу байна. Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсгийн газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим зөрчигдлөө.

2. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлэх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн заалтыг бүрэн зөв хэрэглэсэнгүй. Нэхэмжлэгч Б.Г би 2012 оны 4 дүгээр сарын 20, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд, нэхэмжлэгч Б.Г би 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд болон дүүрэг, нийслэлийн газрын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа газар ашиглах хүсэлтүүд гаргаж байсан нь хэрэгт байгаа олон баримтаар нотлогдоно. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуулийн дагуу үнэлэлгүй биднийг газар эзэмшиж, ашиглах хүсэлт гаргаж байгаагүй мэтээр дүгнэсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчдийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй “М а а э ш х”-д маргаан бүхий газрыг ямар нэг байдлаар хамааруулан 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 033 дугаартай гэрчилгээ өмнө нь олгож байжээ. Мөн хүрээлэнд Нийслэлийн Засаг дарга 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 0149244 дугаартай гэрчилгээ олгосон ба тус хүрээлэн газрын төлбөр байнга төлдөг аж. Энэхүү маргаан бүхий газар дээр байгаа цехийн барилга, гарааш нь “М а а э ш х”-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй болох нь олон нотлох баримтаар нотлогдож байгаа. Иймд гуравдагч этгээдэд энэхүү маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь илэрхий хууль бус, үндэслэлгүй байгаа билээ. Мөн гуравдагч этгээдийн газар ашиглах гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга гарын үсэг зураагүй нь уг гэрээ бүрэн хүчин төгөлдөр биш болохыг харуулж байна.

Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Б.Г, Б.Г бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэн байх тул мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.4 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн гомдлыг хүлээн авч хэлэлцэхээс татгалзсан болно.

Анхан шатны шүүх “Нэхэмжлэгчдийн амьдарч байгаа газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа хэдий ч нэхэмжлэгч Г.Х талийгаач нөхөр, үр хүүхдүүдийн хамт он удаан жил тухайн газрын нөхцөл байдлыг сайжруулж үл хөдлөх хөрөнгө барин амьдарч, 2012 оны 4 дүгээр сараас Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа (өргөдөл нь 2 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас), дүүргийн болон Нийслэлийн газрын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа газар ашиглах хүсэлтүүдийг гаргаж байсан, ... гэвч хариуцагч тэдний хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгч Г.Х-ийн бодитойгоор амьдарч буй газраа баталгаажуулах, тухайн газрыг ашиглан амьдрах эрх зөрчигдсөн, ... Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-235 дугаар тушаалаар  Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд тэнд суурьшсан 440 гаруй иргэнд амьдарч байгаа газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч Г.Х-ийн хүсэлт гаргасан газрыг газрын давхцалтай гэсэн үндэслэлээр шийдвэрлээгүй нь төрөөс газрыг ашиглуулахад шударга ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчимтай нийцээгүй” гэж зөв дүгнэсэн атлаа “Г.Х-ийн гэр бүлийн хэрэгцээнд түүний нөхөр А.Б-ын нэр дээр өмнө нь 300 м.кв газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж байх үед тэдгээр нь газрын хэмжээний талаар маргаж байгаагүй байна” гэсэн хэрэгт хамааралгүй, хүчингүй болсон захирамжид үндэслэн нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжилсэн 513.5 м.кв газраас 300 м.кв хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаадрлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн нэхэмжлэгч Б.Г нь 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эх Г.Х-ийн хамт Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ өгсөн нь 2 дугаар хавтаст хэргийн 192 дугаар талд авагдсан өргөдөл зэргээр нотлогдож байхад /шүүх энэхүү нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан/ “нэхэмжлэгч Б.Г нар 2015 оны 11 дүгээр сараас өмнө газар ашиглах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргаж байгаагүй” гэх үндэслэлээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Ийнхүү анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн байхад давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөөгүйгээс гадна тус шүүх нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа 513.5 м.кв газрыг “эзэмшүүлэх”-ийг хариуцагчид даалгасан нь тусгай хамгаалалттай газар нутагт Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн газар “ашиглах” эрхтэй байх талаарх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт /1 дүгээр зүйл, Долдугаар бүлэг/, мөн “ашиглах эрх”-ийн хувьд 0,05 га-аас илүүгүй байх талаарх Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байна.

Хэдийгээр Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг нь гадаадын иргэнд хамааралтай боловч Монгол Улсын иргэнд тусгай хамгаалалттай газар нутагт “хувийн гэр, орон сууцны хашааны” зориулалтаар газар ашиглуулахад хэрэглэгдэх учиртай.

Давж заалдах шатны шүүх “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсан 1994 оноос өмнө Богдхан уулын Дархан цаазат газар, Зайсангийн аманд хашаа хатган суурьшин амьдарч байгаа иргэдийн хувьд 1994 онд батлагдсан хуулийн үйлчлэлд хамруулахгүйгээр, иргэдэд өөрийн он удаан жил суурьшин амьдарсан хашааны газраа цаашид ашиглах эрхийг төрөөс баталгаажуулах зорилготой, харин уг тогтоолоор Зайсангийн аманд гэр бүлийн хамт амьдарч байсан бүх хүн уг амны аль нэг хэсэгт дураараа хашаа хатган, газар ашиглах “давуу эрх”-ийг олгоогүй гэж үзэхээр байна” гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч Б.Г-ын хувьд Зайсангийн аманд буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 2 дугаар гудамжны 1 тоотод өөрийн эцэг, эх, ахан дүүс, гэр бүл, үр хүүхдүүдийн хамт он удаан жил амьдарч байгаа, 1994 оны хууль батлагдах үед 18 насанд хүрсэн /газар эзэмших, ашиглах эрхтэй/, маргаж буй газар нь түүний анхнаасаа амьдарч байсан газар /Зайсангийн амны өөр нэг хэсэгт дураараа хашаа хатгаагүй/ байх тул дээрх шийдвэрийн хүрээнд бусдын адил амьдарч буй газраа баталгаажуулах эрхтэй юм.

Харин нэхэмжлэгч Б.Г нь газар ашиглах хүсэлтээ 2015 оноос өмнө өгч байсан нь нотлогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Гуравдагч этгээд “Х а а, ш у т н” нь Засгийн газрын 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор анх үүсгэн байгуулагдсан гэх боловч маргаан бүхий газрыг ашиглах эрх нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 дугаар тушаалаар анх удаа үүссэн байх бөгөөд энэ үед нэхэмжлэгч нар нь уг газар дээрээ олон жилийн өмнөөс амьдарч байсан, газар ашиглах хүсэлтээ холбогдох байгууллагуудад нь өгч байсан байна.

Иймээс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” зарчмын үүднээс нэхэмжлэгч Г.Х болон Б.Г нарын амьдарч байсан газрыг нь баталгаажуулахын тулд хуульд заасан шаардлагад нийцүүлэн тус бүрт нь 0.05 га газар олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0640 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... бусдын 513.5 м.кв газраар давхцалтай хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Х-д 513.5 м.кв газар эзэмшүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, үлдэх “Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 513 м.кв газрыг ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”...” гэснийг “... бусдын 1000 м.кв газраар давхцалтай хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.Х, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Г.Х, Б.Г нарт тус бүр 500 м.кв газар ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, үлдэх “Г.Х-д 13.5 м.кв, Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 13 м.кв газар ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.4-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ