Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-11
Дугаар 511
Хэргийн индекс 128/2015/0044/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Б.Д
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд У.Ж, Л.М нар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0557 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0704 дүгээр магадлалтай, Б.Д-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0557 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Ж-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжийн Л.М-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Б.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0704 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Магадлалын Хянавал хэсэгт “...нэхэмжлэгч Б.Д-ын эзэмших ёстой байсан гэж маргаж байгаа 317 м.кв газар нь Төрийн өмчийн хорооны 2007 оны дуудлага худалдаагаар худалдсан соёлын төвийн барилгын эдэлбэр газар буюу Л.М-ын газартай, дараа нь шилжүүлэн авсан У.Ж-ы газартай давхацсан ба нэхэмжлэгч 1997 оноос Соёлын төвийн барилгын сахиулаар уг газарт олон жилийн турш амьдарч байсан бодит байдал нь түүнд тухайн газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол үүссэн гэж үзэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм” гэж дүгнэхдээ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Д миний бие гэр бүлийн хамт 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл бодитоор оршин суусаар ирсэн. Тухайн үед амьдарч буй газраа өөрийн нэр дээр авахаар төрийн байгууллагуудын холбогдох хүмүүст удаа дараа хүсэлтээ гаргаж байсан болно. Мөн түүнчлэн тухайн үед Соёлын төвийн барилгыг ахмадын зөвлөлд шилжүүлж, хүлээлгэн өгсөн байдаг ба Б.Д надад миний амьдарч буй газрыг хувьчилж өгсөн тухай ахмадын зөвлөлийн даргын тодорхойлолтоор ч мөн тогтоогдож байгаа юм. Түүнчлэн соёлын төвийн барилгын хажууд ахмадын зөвлөлийн шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл хувьчилж авсан айлууд ч байгаа бөгөөд энэ сансрын зургаас ч харагддаг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар газар эзэмших тухай хүсэлт гаргасан газар дээр иргэн аж ахуйн нэгж байгууллага бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг сайтар нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэрээ гаргахаар хуульчилсан байна. Гэтэл газар дээр нь Б.Д миний бие гэр бүлийн хамт бодитоор эзэмшиж, албан ёсоор тухайн газар дээр бүртгүүлэн амьдарч байхад хариуцагчийн зүгээс нягталж шалгалгүйгээр бусдад эзэмшүүлснээр давхцал үүсч тухайн газар дээр амьдарч байгаа миний болон гэр бүлийн маань эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хохироосон хууль бус магадлал гаргасанд гомдолтой байна. Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь миний бие уг амьдарч буй газраа өөрийн нэрээр эзэмших, өмчлөх тухай хүсэлтээ удаа дараа төрийн байгууллагуудад гаргаж байсан. Мөн 1995 оноос албан ёсоор гэр бүлийн хамт бодитойгоор эзэмшиж, амьдарч ирсэн байхад хариуцагчийн зүгээс газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооноос 2007 оны 5 дугаар сард зарлан явуулсан дуудлага худалдааны үр дүнд Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаар тогтоол гарч хилийн 0119 дүгээр ангийн соёлын төвийн барилгыг гуравдагч этгээдэд худалдсан. Ийнхүү шилжүүлэхдээ агуулахын зориулалттай 324 м.кв талбайтай обьект, эдэлбэр газрын байршлыг тодорхой заасан. Харин Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар иргэн Л.М-т газар эзэмшүүлэхдээ эдэлбэр газрын хэмжээ, байршлыг өөрчилж, манай эзэмшиж байсан газартай давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус байна. Анх Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар гуравдагч этгээдэд худалдсан соёлын төвийн барилгын эдэлбэр газрын хэлбэр нь тэгш өнцөгт хэлбэртэй байсныг Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Г хэлбэртэй болгон байршлыг өөрчилж олгосон. Энэ нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгохдоо миний амьдарч буй газартай давхцуулан олгосон болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/4613 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “М-О т” ХХК-ийн хилийн цэргийн 0119 дүгээр ангийн соёлын барилгын гадна талын фото зураг зэргээр тогтоогдож байна. Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 704 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Б.Д нь 1995 оноос хойш маргаан бүхий газар гэр бүлийн хамтаар бодитойгоор эзэмшиж, амьдарч байгаа гэх боловч тэрээр 2007 он хүртэл Цэргийн 0119 дүгээр ангийн Соёлын төвийн сахиулаар ажиллаж байсан /энэ талаар талууд маргадаггүй/, иймээс Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2007 оны 278 дугаар тогтоолоор 756 м.кв эдэлбэр газар бүхий Соёлын төвийн барилгыг гуравдагч этгээд Л.М-ын өмчлөх эрхэд шилжүүлэхдээ тус төвийн сахиулаар ажиллаж байсан Б.Д-д хувьчлалын орлогоос хөдөлмөрийн хөлсийг нь олгож байсан /Хэргийн 1 дүгээр хавтас, 6 дахь тал/, энэ үед нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших талаарх хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргаж байгаагүй /2012 оноос буюу гуравдагч этгээдийн эрх үүссэнээс хойш хүсэлт гаргасан/ зэрэг үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа Цэргийн 0119 дүгээр ангийн эдэлбэр газарт сахиулын ажлыг хийж байснаас бус бусдын эзэмшил, ашиглалтгүй сул чөлөөтэй газар түрүүлж оршин сууснаар эзэмших эрх нь эхэлж үүссэн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлага нь хууль ёсны дагуу үүссэн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн газартай давхцахгүй байх тухай зохицуулалт болохоос бус зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, эрхээ баталгаажуулаагүй этгээдийн зөвхөн  “бодитойгоор” эзэмшиж, ашиглаж байгаа гэх нөхцөл нь хуулийн уг үндэслэлд хамаарахгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар газар эзэмших тухай хүсэлт гаргасан газар дээр иргэн аж ахуйн нэгж байгууллага бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг сайтар нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэрээ гаргахаар хуульчилсан байтал хариуцагчийн зүгээс нягталж шалгалгүйгээр бусдад эзэмшүүлснээр давхцал үүсч тухайн газар дээр амьдарч байгаа миний болон гэр бүлийн маань эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг ноцтой зөрчсөн” гэсэн утгатай гомдол үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар иргэн Л.М-т газар эзэмшүүлэхдээ эдэлбэр газрын хэмжээ, байршлыг өөрчилж, манай эзэмшиж байсан газартай давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус байна” гэж гомдол гаргаж байгаа боловч энэхүү үйл баримт нь нотлогдохгүй, эсрэгээр хэрэгт авагдсан нотлох баримт болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны А/131 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “Иргэн Л.М, У.Ж нарын эзэмшиж буй газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэхдээ 2007 оны Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар худалдсан Соёлын төвийн барилга, эдэлбэр газар болон 756 м.кв газартай талбайн хувьд тохирч байна” гэх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэн хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүх бүрэлдэхүүн “хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн” гэсэн утгатай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0557 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0704 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ