Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-11
Дугаар 512
Хэргийн индекс 128/2017/0135/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Г.О
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0542 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0642 дугаар магадлалтай, Г.О-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0542 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Г.О-ийг Монгол Солонгосын политехник коллежийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Г.О-т ажилгүй байсан 144 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,752,453 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0642 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 542 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.О-ийг Монгол-Солонгосын политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 542 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 642 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6, итгэмжпэлээр олгогдсон эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж дүгнэн, хариуцагчийг төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд хэрэглэгдэхгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс мөн л нэхэмжлэгчийг “...Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа боловч, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан төрийн жинхэнэ албан хаагч” гэж дүгнэлээ.

Шүүхүүд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын тухай дүгнэхдээ Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг баримталж төрийн үйлчилгээний албан хаагч боловч, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэдэг үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагч гэж дүгнэсэн нь огт хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9.1.2 дах заалтаар төрийн үйлчилгээний албан хаагч болох бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зуйлийн 3.4 , 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч биш болох нь тодорхой байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан
тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж хуульчилсан. Хэрвээ нэхэмжлэгчийг шүүхүүдийн дүгнэсэн шиг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзвэл нэхэмжлэгч нь төрийн захиргааны, эсхүл төрийн тусгай албан хаагчийн аль нэг байх ёстой бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан албан тушаалын аль нэг түшмэлийн ангилалд хамаарах ёстой болно. Гэтэл хууль тогтоогч төрийн албан хаагчийн албан тушаалын ангиллыг тогтоохдоо ямар ч хоёрдмол салаа утгагүйгээр, өрсөлдөх хэм хэмжээгүйгээр хууль зүйн техникийн хувьд жагсаалтын аргыг хэрэглэж, тоочих замаар маш тодорхой хуульчилсан байтал мэргэшсэн шүүхүүд хууль зүйн илт үндэслэлгүй дүгнэлт хийж буйд хамарсалтай байна.

Харин нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд холбогдох хуулийг хариуцагч зөв хэрэглэсэн юм.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг хуульд заасан зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халах үндэслэл журмыг нарийвчилсан зохицуулалтай байтал эдгээр зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж хариуцагчийг гол буруутгах үндэслэлээ болгожээ.

Дээрх дүгнэлтүүдээрээ анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх уг алдааг залруулсангүй анхан шатны шүүхтэй адил дүгнэлт хийлээ. Иймд шүүхүүдийн дээрх алдаатай дүгнэлтийг залруулж өгнө үү.

Хэрвээ шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч юм
бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан”-ыг Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх хуулийн заалттай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг тодорхой заасан байна. Хариуцагч нь энэ асуудлыг давж заалдах гомдлын нэг үндэслэлээ болгосон боловч давж заалдах шатны шүүх нэг ч дүгнэлт хийгээгүй тул магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Зүй нь шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримталж буй бол мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтын дагуу маргаан шийдвэрлэгдсэн эсэхийг шалгах шаардлагатай байсан гэж үзэж байна. Энэ ажиллагаа нэгэнт хийгдээгүй учраас уг маргааныг шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж болно. Түүнчлэн, уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь ердийн харьяаллын буюу иргэний хэргийн шүүх мөн л Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлагыг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа болно.

Хоёр. Шүүхүүд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ажлаас халах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэхээр зөрчил биш гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас зөвхөн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02-06-050/1248 дугаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын албан шаардлагыг үнэлж, хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, уг зөрчлийг хэзээ гаргасан, ямар зөрчил гаргасан, тэр зөрчлийг юугаар баримтжуулсан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэжээ. Гэтэл өмнөх дүгнэлтээрээ шүүх Хөдөлмөрийн хуулийг уг харилцаанд хэрэглэх нь буруу гэж хариуцагчийг буруутгасан боловч дараагийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 131 дэх заалтыг баримтлан “хөдөлмөрийн сахилгын зөрчил” нь нотлогдохгүй гэж дүгнэлтүүд нь өөр хоорондоо ч утга, агуулгын авцалдаагүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Хавтаст хэрэгт хяналт шалгалтуудын тайлан, улсын байцаагчийн актууд, хуралдааны тэмдэглэл зэрэг зөрчлийг тогтоосон нотлох баримтууд нь бүгд нотлох баримтын шаардлагыг хангасан баримтууд бөгөөд хариуцагч талаас уг баримтуудад тулгуурлан мэтгэлцсэн байтал шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн. Шүүхүүд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг зөрчил биш гэж үзээгүй боловч ямар хэмжүүрээр ажлаас халах хэмжээний зөрчил биш гэж үзсэнийг ойлгох боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс мөн л ажлаас халах шийтгэл нь зөрчилд нь тохирсон байх ёстой гэж дүгнэхдээ Хөдөлмөр, халамжийн ерөнхий газраас хийсэн шалгалтын зорилго нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх байсан зорилгоосоо хазайж, шууд ажлаас халсан гэсэн дүгнэлтийг хийжээ. Гэтэл шалгалтыг агентлаг зохион байгуулсан, сайд ажлаас халсан 2 тусдаа үйл баримтыг шүүх нийлүүлж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Гурав. Шүүх нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд шууд харьяалах төсвийн шууд захирагчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасны дагуу хариуцлага тооцсон. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий акт гарснаас хойш буюу Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй хамт хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баримталж үйл баримтад дүгнэлт өгсөн нь буруу хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болно.

Өөрөөр хэлбэл шүүх маргаан бүхий акт гарах цаг хугацаанд үйлчилж байсан Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг баримталж шийдвэр гаргах ёстой байтал уг хуулийг баримталсангүй. Давж заалдах шатны шүүх Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Дээрх байдлаар шүүх нотлох баримтыг дутуу, буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Мөн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан анхан шатны шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг шүүхэд төлөөлөх эрхийг дэд сайд нь сайдын өмнөөс итгэмжлэлээр олгосон байгаа нь хууль зүйн хувьд боломжтой эсэхийг нягтлан үзэх шаардлагатай байжээ. Засгийн газрын гишүүн сайдыг эзгүй байсан ч дэд сайд биш аль нэг сайд төлөөлөх зохицуулалт Засгийн газрын тухай хуульд байна, харин дэд сайдад итгэмжлэл олгогдсон тохиолдолд сайдын нэрийн өмнөөс шийдвэр гаргах агуулга хуульд тодорхой байна. Энэ тохиолдолд сайдын байр суурь, давхар итгэмжлэлийг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0542 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0642 дугаар магадпалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл зөв боловч хэргийн үйл баримтыг дутуу /буруу/ дүгнэсэн, хууль хэрэглээний алдаатай байх тул хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:..”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэснээс үзвэл төрийн үйлчилгээний албан хаагчийн статус буюу хөдөлмөрийн харилцааг тодорхойлох гол шалгуур нь Хөдөлмөрийн хуулийн хүрээнд байгуулагдах “хөдөлмөрийн гэрээ” байхаар байна.

Харин нэхэмжлэгч Г.О-ийн эрхэлж байсан Монгол-Солонгосын Политехник коллежийн захирлын албан тушаал нь хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа боловч тэрээр Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албанд орсон, хариуцагчтай “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажилладаг, төрийн /үйлчилгээний/ байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагч болох хувьдаа “төрийн захиргааны” чиг үүргийг гүйцэтгэдэг тул түүний хөдөлмөрийн харилцаа нь, тодруулбал төрийн албанд авах, ажиллах, албанаас чөлөөлөх, халах харилцаа нь “нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн” байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэгэн адил төрийн үйлчилгээний албан тушаалтан боловч бодит байдал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, харин төрийн албаны сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг “удирдах” албан тушаалтнуудын эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасанчлан Хөдөлмөрийн тухай хуулиар шууд тодорхойлох боломжгүй, энэ утгаараа анхан болон давж заалдах шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган авч үзсэнийг шууд буруутгах үндэслэлгүй.

Гэхдээ маргаан бүхий актын агуулгаас үзвэл, нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагчийнх нь хувьд “Төсвийн тухай хууль зөрчиж санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж, байгууллагад хохирол учруулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” /тушаалын 1 дэх заалт/ гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь Төрийн албаны эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэл гэхээсээ илүүтэй төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тусгайлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг /нийтийн эрх зүйн хэм хэмжээг/ үндэслэн гарсан, энэ утгаараа захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх захиргааны акттай холбоотой маргаан байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд төрийн жинхэнэ албан хаагчийг /түүнтэй адилтгах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг/ зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн дагуу төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах ёстой байтал хэрэглэгдэхгүй хуулийг үндэслэсэн гэдгээр хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлох ерөнхий хууль нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль бөгөөд харин тэдгээрт заасан үндэслэлийг тусгай хуулиудаар нарийвчлан зохицуулдаг. Үүний нэг нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг тусгайлан зохицуулсан Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэг /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өөрчлөлтөөс өмнөх/ юм.

Иймээс уг хуулийг эрх бүхий этгээд, тухайлбал хариуцагч буруутай албан тушаалтанд /тэр нь төрийн жинхэнэ, эсхүл үйлчилгээний аль нь ч байж болно/ сахилгын шийтгэл оногдуулахдаа хэрэглэх эрхтэй. Гагцхүү энэхүү маргааны хувьд хариуцагч Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь уг зүйлд заасан хариуцлага хүлээлгэх хэмжээний /төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/ ноцтой зөрчил биш байна. Энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй тул “шүүх уг дүгнэлтийг хийхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй.

Иймээс маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9.1.2 дахь заалтаар төрийн үйлчилгээний албан хаагч болохыг хууль тогтоогч ямар ч хоёрдмол салаа утгагүйгээр, өрсөлдөх хэм хэмжээгүйгээр хууль зүйн техникийн хувьд жагсаалтын аргыг хэрэглэж, тоочих замаар тодорхой хуульчилсан байтал мэргэшсэн шүүхүүд нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэсэн хууль зүйн илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагч хэрэглэх ёстой Хөдөлмөрийн хуулийг зөв хэрэглэсэн байхад Төрийн албаны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг үндэслээгүй хэмээн буруутгаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, иймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн эсэх нь эргэлзээтэй, ...” гэсэн утгатай гомдлыг хангах боломжгүй.

Мөн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэл болгосон тул нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй тул “энэ журмыг хэрэглэх боломжгүй байсан” гэж дүгнэж болохоор тул “шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал татгалзаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “шүүх нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд шууд харьяалах төсвийн шууд захирагчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасны дагуу хариуцлага тооцсон. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий акт гарснаас хойш өөрчлөлт орсон хуулийг баримталж үйл баримтад дүгнэлт өгсөн нь буруу хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэсэн нь үндэслэлтэй хэдий ч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, харин хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэл болно.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0542 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0642 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /2011 оны 12 дугаар сарын 23-ны/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.О-ийг Монгол-Солонгосын Политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ