Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-11
Дугаар 513
Хэргийн индекс 119/2016/0005/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "Э" ХХК
Хариуцагч Орхон аймгийн ЗД, АТТ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чагнаадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0664 дүгээр магадлалтай, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга болон Орхон аймгийн Автотээврийн төвд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч, хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу Орхон аймгийн Засаг даргаас 42 225 000 /дөчин хоёр сая хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийн хохирол гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0664 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа, өмгөөлөгч М.Ганзориг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх магадлалаараа “Орхон аймгийн Засаг даргаас 42,225,000 төгрөгийн хохирол гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Орхон аймгийн Засаг дарга нь захирамжаараа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4б-д, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар өөрт нь харъяалуулсан чиг үүргийг бусад байгууллагаар гүйцэтгүүлсэн нь түүнийг хуульд заасан чиг үүргээ буруу хэрэгжүүлснээс учирсан хохирлыг нөхөн төлөхөд саад болохгүй юм. Хэдийгээр Орхон аймгийн Засаг дарга “Э” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаагүй боловч уг шийдвэр гаргах эрх хэмжээг Орхон аймгийн автотээврийн төв гэх төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын салбарт шилжүүлсэн ба шилжүүлсэн захирамжид заасан үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс, мөн өөрт нь хуулиар харъяалуулсан чиг үүргийг хэрэгжүүлээгүйгээс Орхон аймгийн Автотээврийн төв нь “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж, одоогийн байдлаар 1 жил 9 сарын хугацаанд тээврийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байдалд хүрээд байна. Гэтэл шүүхээс “Э” ХХК-ийн тээврийн хэрэгслийн мэдээллийн сангийн баримт, тээврийн хэрэгслийн хураамжийн тооцоо, жолооч нарын ТҮ-1, ТҮ-2 үйлчилгээг хийлгэсэн бүртгэл, автомашины дулаан граж, засварын газар, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, хамтран ажиллах гэрээ зэрэг баримтаар хохирол нотлогдохгүй байна. Хуулийн этгээдийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээний хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна гэж дүгнээд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид хохирол бодитойгоор шууд учирсан гэж Орхон аймгийн Автотээврийн төв, Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах үндэслэлгүй байна гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн нь ийнхүү давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон байна.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх” тухай заалтад дүгнэлт хийлгүйгээр хуулийн этгээдийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээний хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэрээг үндэслэл болгосон байна. Гэвч энэ гэрээ нь уг хугацаагаар дуусгавар болохоор байгуулагдсан түр гэрээ байсан. Түр гэрээг цаашид харилцан тохиролцсон хугацаагаар сунган байгуулж болдог. Гэтэл Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаал гарч үйл ажиллагааг маань зогсоосноор гэрээг үргэлжлүүлэн байгуулах боломжгүй болсон. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримт нь хэрэв “Э” ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол жолооч нараас хураамжаар хурааж авахад л компанид орж ирдэг орлого гэдэг нь нотлогддог. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-д зааснаар магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4б, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байхад энэхүү хуулийн зүйл, заалтыг буруу ойлгож буруу хэрэглэж " Э” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагаас Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, үүнийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0664 дүгээр магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь мөн хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль бус буруу шийдвэр, магадлал гарлаа гэж үзэж байна.

Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны 01 тоот тушаал нь Засгийн газрын “Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 127 тоот тогтоолыг хэрэгжилт, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.1, аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 тоот захирамжийг үндэслэн гарсан. Засгийн газрын 127 дугаар тогтоол нь Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтыг үндэслэн 1 дэх заалтаараа Тохирлын баталгаанд заавал хамрагдах бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг хавсралтаар шинэчлэн баталсан. Уг тогтоолын хавсралтын В үйлчилгээ гэсний 9-д нийтийн тээвэр гэж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгохоор заасан. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд заавал хамруулна” гэж байгаа. “Э” ХХК нь Автотээврийн төвийн даргатай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх түр гэрээ, “Аймаг доторх таксийн үйлчилгээний түр гэрээ”, “Аймаг хооронд суудлын авто машинаар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ”-нүүдийг байгуулсан ба тус гэрээний хугацаанд стандартын шаардлагыг хангаж тохирлын гэрчилгээ авах, хангаагүй тохиолдолд хариуцлага хүлээх талаар гэрээнд тусгасан. Дээрх байгуулсан түр гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Орхон аймгийн Автотээврийн төвийн дарга 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг гаргахдаа 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02, 03 дугаар дүгнэлт, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн товч тайлан, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/17 тоот албан бичиг зэргийг үндэслэн гаргаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмар ...ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагыг заавал оруулдаг. Мэргэжлийн хяналтын газраас тээврийн улсын байцаагч, Автотээврийн байгууллагаас хяналтын улсын байцаагч оруулсан. Ажлын хэсэг удирдамж, стандартын дагуу үнэлсэн гэж тайлбарласан байдаг. Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй заавал дагаж мөрдөх стандарт МNS5012:2011, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага. МNS35122:2013 дугаар таксийн үйлчилгээ ерөнхий шаардлагыг "Э” ХХК мөрдөж ажиллаагүй. Дээрх стандартуудын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө гэж стандартууд дээрээ заасан.

Тус аж ахуй нэгжийн стандарт шаардлага хангаж чадахгүй байгаа нь өмнө байгуулсан болон удаа дараа сунгалт хийсэн гэрээ, өөрсдийн гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Ийм байсаар байхад төрийн байгууллагын зүгээс иргэдийнхээ ая тухтай, аюул осолгүй, техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр, мэргэжлийн түвшинд тээвэрлүүлэх нь нэн чухал асуудал тул Автотээврийн төвөөс тус шийдвэрийг гаргасан юм. Нийтийн тээвэр нь ард иргэдийн амь нас, аюулгүй байдалтай шууд хамааралтай нийгмийн чухал салбар, харилцаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд “хүн амьд явах эрхтэй”, Засгийн газрын 127 тоот тогтоолын хавсралтын “В.Үйлчилгээ гэсний 9-д нийтийн тээвэр байгаа”, Автотээврийн тухай хуульд “Иргэдийг техникийн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр аюул осолгүй тээвэрлэх”, бусад дүрэм, журам, стандартуудад тодорхой заасан байна. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны 01 тоот тушаалыг хүчингүй болгож байгаа нь иргэд зорчигчдын амь нас, эрүүл мэнд, аюул осолгүй тээвэрлэх, техникийн хувьд бүрэн бүтэн байх гэсэн нөхцөл байдал алдагдаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр, магадлалаар 42,225,000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг, хариуцагч нь Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгосныг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд заавал хамруулна” гэж, Монгол Улсын Засгийн газрын “Стандартчилал тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” 2005 оны 127 дугаар тогтоолд нийтийн тээврийн үйлчилгээнд тохирлын гэрчилгээг заавал олгохоор тус тус заажээ.

“Э” ХХК-ийн тохирлын үнэлгээнд хамрагдахаар гаргасан хүсэлтийг үндэслэн Орхон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс болон Автотээврийн төвийн даргын хамтран баталсан удирдамжийн дагуу тохирлын гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэх зорилготой байгуулагдсан ажлын хэсгийн үнэлгээгээр тус компанийн такси үйлчилгээ 89, зорчигч тээврийн үйлчилгээ 85 оноогоор тус тус дүгнэгдсэнийг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02, 03 дугаар үнэлгээний хуудсаар баталгаажуулжээ.

Нэхэмжлэгчийн тухайд хууль болон тогтоолоор тавигдсан тохирлын үнэлгээ хийлгэх, гэрчилгээтэй байх шаардлагыг үгүйсгэж маргаагүй, харин дээрх үнэлгээг зөвшөөрөөгүй, 90 онооноос дээш байх шаардлага хангаагүй гэх үндэслэлээр “Э” ХХК-ийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох тухай Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

Маргаан бүхий дээрх 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа стандартын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буюу дээрх ажлын хэсгийн үнэлгээнд үндэслэж гарчээ.

Иймд, шүүх эдгээр үнэлгээтэй холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрдүүлж, дүгнэлт хийж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий байна.

Тодруулбал, шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч Т.Ариунболдыг оролцуулсан, ажлын хэсгийг хуралдаанд нэхэмжлэгч Ш.Чагнаадоржийг оролцуулаагүй зэргээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “...хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэж заасныг зөрчсөн, холбогдох  хуульд нийцэж гараагүй талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь буруу биш.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх...” гэж заасныг үндэслэн олох ёстой байсан орлого гэж 42,225,000 төгрөгийг хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв байна.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл ”Автотээврийн төв” ТӨҮГ болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан “Зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ”, “Аймаг доторх такси үйлчилгээний түр гэрээ”, “Аймаг хооронд суудлын автомашинаар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ”-нүүдийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус дуусгавар болсон, тохирлын үнэлгээнд хамрагдаж, гэрчилгээ аваагүй нөхцөлд гэрээ байгуулах боломжгүй болохыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэж байжээ.

Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор гэрээ байгуулах, тээврийн үйлчилгээ явуулах нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхгүй, харин сонгон шалгаруулалтад орох, тохирлын үнэлгээг дахин хийлгэн, нэхэмжлэгчийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хуульд заасан журмын дагуу үргэлжлүүлэн байгуулах боломж нээгдэхээр байна.

Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ” гэж зааснаас гадна нэгэнт гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгчийн хувьд тохирлын гэрчилгээ аваагүйгээс гэрээг үргэлжлүүлэн байгуулах боломжгүй байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “...хохирол учирсан нь тогтоогдвол...” гэсэн шаардлага хангагдаагүй,  “...үйл ажиллагаагаа хэвийн явуулсан бол олох ёстой орлого...” гэж  хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч хохирол нь баримтаар тогтоогдсон бодитой байхын зэрэгцээ захиргааны акт, учирсан хохирол хоёр нь шалтгаант холбоотой байх, шаардлага энэ тохиолдолд хангагдахгүй байна.

Шүүхүүд маргааны үйл баримтад хамаарах Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Стандартчилал,тохирлын үнэлгээний тухай хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0664 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             М.БАТСУУРЬ

                 ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ