Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-13
Дугаар 516
Хэргийн индекс 128/2017/0085/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Б.Г
Хариуцагч НХААГ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0574 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0703 дугаар магадлалтай, Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0574 дүгээр шийдвэрээр: 1 дэх заалтаараа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд томилохыг, 2 дахь заалтаараа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Г-т 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.290.180 /гурван сая хоёр зуун ерэн мянга нэг зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М-221/МА2017/0703 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 574 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...27.2.4...” гэснийг хасч, “... Б.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд томилохыг...” гэснийг “...Б.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг...” гэж, хоёр дахь заалтын “... Б.Г-т 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.290.180 /гурван сая хоёр зуун ерэн мянга нэг зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох...” гэснийг “...Б.Г-т 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс жирэмсний амралтаа авах өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцож нэхэмжлэгчид олгох...” гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт Б.Г-ийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж шийдвэрлэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах гээд 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан.

Өөрөөр хэлбэл сул орон тоо гарсан тохиолдолд л дээрх хуулийн заалт хэрэгжихээр байна. Гэтэл дээрх хуулийн зүйл заалтад нийцүүлсэн байдлаар Б.Г-ийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж шийдвэрлэсэн дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна. Учир нь сул орон тоо гарсан тохиолдолд л сонгон шалгаруулахаар заасан байхад албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь сонгон шалгаруулалт явуулж томилгоо хий гээд байгаа нь өөрөө хуулийг буруу хэрэглэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг удиртгал болгон 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар авч үзвэл “...Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэйг халахыг хориглосон” хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Энэ зүйлд заасан үндэслэлүүдэд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт болсон үйл явдал хамаардаггүй болох нь хуулийн заалтаас тодорхой харагддаг. Анхан шатны шүүх ч энэ талаар тодорхой дүгнэдэг. Үндсэндээ Б.Г-ийг жирэмсэн байсан гэдгийг хариуцагч мэдэж байсан болох нь тайлбар, баримтуудаар нотлогдож, анхан шатны шүүх дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэлгүй, үргэлжлүүлэн ажиллах ёстой гэсэн ойлголт байдаг.

Энэ заалтыг давж заалдах шатны шүүхийн магадлал мөн буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг үндэслэлгүй байна гэж дүгнэсэн атлаа ажлын байр нь хэвээр хадгалагдан үлдэх ёстой, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ажилтанг дахин сонгон шалгаруулалтаар оруулж томилох нь өөрөө хуульд үл нийцнэ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” төрийн албан хаагчийн баталгаагаар нь хангасангүй.

Магадлалд дурдсан дүгнэлт буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “...чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” заасныг баримталсан нь буруу юм. Өөрөөр хэлбэл Б.Гэрзлцэцэгийн эрхэлж байсан орон тоо нэг л байсан, чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд байхгүй. Байгууллагын бүтэц нь өөрчлөгдсөн байдаг.

Энэ нь Төрийн жинхэнэ албан хаагч Б.Г-ийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан баталгаагаар нь төр хангах ёстой гэсэн энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Тиймээс Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь магадлал нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 703 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0574  дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаал зэргийг үндэслэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 5 хэлтэс, 45 орон тоотой байсныг 3 хэлтэс 35 орон тоотой байхаар өөрчилсөн байна.

Шинэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгч Б.Г-ийн ажиллаж байсан Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтсийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь Сургалт сурталчилгаа, төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтний буюу Захиргаа, санхүүгийн хэлтэст хуваагдан шилжсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож, хэргийн оролцогчид энэ үйл баримтын тухайд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь орон тоо цөөрсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүрэг бусад 2 албан тушаалд нэгтгэгдсэн үйл баримтын тухай маргаагүй атлаа “...дүйцэхүйц албан тушаалд томилуулах..” гэж маргаж буй нь маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

Учир нь, өөрт үл хамаарах шалтгаанаар төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол хуулиар тавигдсан шаардлагыг хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт тодорхой заажээ.

Иймээс Б.Г-ийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалын ажлын байранд тухайн албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдаас шалгаруулалгүйгээр, нэхэмжлэгчийг шууд чөлөөлсөн нь хууль бус талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг жирэмсний амралт авах өдөр хүртэлх хугацаагаар хязгаарлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан  давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Учир нь, жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацааг захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй байсан нөхцөл гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин бүтэц, орон тооны өөрчлөлтийн үр дүнд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаа, төрийн албан хаагчийн баталгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу тус тус зохицуулагдахаар тусгайлан, тодорхой заасан байх тул, Хөдөлмөрийн тухай хууль энэ маргаанд хамааралгүй.

Иймд, “...жирэмсэн...” гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн захиргааны байгууллагын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “...ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг...ажлаас халахыг хориглоно“ гэж заасныг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт буруу, төрийн албан хаагчийн хувьд хуулийн эдгээр заалт нь ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн үед хэрэглэгдэнэ.

Тодруулбал, шүүхийн дээрх дүгнэлт нь захиргааны байгууллагыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар “сонгон шалгаруулж ажилд томилох” тухай хуулийг буруу хэрэгжүүлсэн гэж шүүхээс гаргаж байгаа шийдвэртэй зөрчилтэй болжээ. 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамааралтай Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0703 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

                 ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ