Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-13
Дугаар 521
Хэргийн индекс 119/2017/0016/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч С.Б
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурал болон Баян-Өндөр сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Г.Г
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээд Г.Г, түүний өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0678 дугаар магадлалтай, С.Б-гийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурал болон Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Г.Г-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0678 дугаар Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн...” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Тус багт харьяалалгүй 5 иргэн санал өгсөн гэх асуудлыг анхан шатны шүүх дүгнэлт хийсэн бөгөөд дээрх 5 иргэн тус багийн харьяалалгүй гэх боловч Засаг даргыг сонгох сонгуульд ялангуяа 249 хүн санал өгсөн иргэд дотор санал өгсөн эсэхийг нотлоогүй, түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анх Засаг даргад нэр дэвшихээр хуралдаанд оролцохоор ирсэн 270 хүний бүртгэлд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Бүртгэл, хаяг нь өөр боловч тухайн багт суурьшин амьдардаг эсэх, тухайн хуралдаанд санал өгсөн эсэх, Засаг даргыг сонгох саналд дээрх 5 иргэн оролцсон эсэх нь нотлогдоогүй байхад уг 5 хүнийг санал өгсөн байна гэж үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Миний бие 2 хүний саналын зөрүүтэй ялсан бөгөөд Засаг даргын санал өгсөн иргэдээс 5 хүчингүй саналын хуудас гарсан. Дээрх 5 хүний санал хүчингүй санал өгсөн 5 иргэн, зөрүүтэй санал өгсөн 2 иргэн, нийт 7 иргэн дотор байгаа эсэх, хүчинтэй санал өгсөн 224 иргэн дотор байгаа эсэх, санал өгөхөөр хуралдаанд ирсэн атлаа санал өгөлгүй явсан 21 хүн дотор байгаа эсэхийг шүүх дүгнэлт хийлгүй оролцсон байна гэж дүгнэсэн мөн үндэслэлгүй.

Улсын бүртгэлийн лавлагаа үнэн зөв гэж шүүх үзсэн, гэтэл иргэдийн Нийтийн Хурлын ирцийн бүртгэлийг иргэний үнэмлэх болон хүн амын өрхийн бүртгэлийг үзэж бүртгэл явагдсан. Хурал анхнаасаа улсын бүртгэлийн лавлагааг хэрэглэж, явагдахгүй, хурлын дэгээс иргэний үнэмлэх болон хүн амын өрхийн бүртгэлийг үзэж бүртгэнэ гэсэн учир хурлын дэгийн дагуу хийгдсэн ажиллагаа. Гэтэл улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар үнэлж, ирцийн бүртгэл бүхий нотлох баримтыг үнэлээгүй нь хэрэгт нэг талын нотлох баримтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ирцийн бүртгэл болон улсын бүртгэлийн лавлагаа зөрүүтэй байгааг шүүх анхаарч аль нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх вэ гэдгийг нягтлан үзэхийн тулд бусад нотлох баримтыг бүрдүүлж хэргийг шийдвэрлэх байтал бие биенээ үгүйсгэсэн дээрх хоёр баримтын нэгийг нь үнэн зөв гэж үзэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэгч талын хүсэлтийг мөн өдрөө захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан болох үед ирсэн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1044 тоот албан тоотыг хуралдаан дээр танилцуулсан уг нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд шууд нөлөөлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ уг баримтыг үндэслэн өөрчлөн мэтгэлцсэн. Үүнээс өмнө нэхэмжлэлийн үндэслэлдээ “Г.Г-гийн авсан санал дээр миний авсан саналыг нэмж тооцон хувь гаргасан байна” гэж хууль бус болсон гэх үндэслэлээ тайлбарлаж байсан. Дээрх баримтыг ирмэгц “харьяалалгүй хүн орсон байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдаан дээр тайлбарлан гаргасан.

Үүнээс өмнө харьяалалтай, харьяалалгүй хүн орсон маргаан мэтгэлцээний талуудын дунд үүсээгүй учир тухайн нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлийн хүрээнд тайлбар гаргаж байсан. Шүүх хуралдаан товлогдсоны дараа хуралдаан болох гэж байхад уг баримтыг тулгаж ирүүлсэнтэй холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг миний бие хэрэгжүүлж мэтгэлцэх боломжгүй болсон. Би уг баримттай холбоотой нотлох баримтыг цуглуулах, тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3, 20.1.5-д заасныг зөрчсөн.

Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасныг зөрчсөн. Учир нь хуралдаан товлохоос өмнө нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй, нотлох баримтыг цуглуулахыг шаардах эрхтэй гэснийг зөрчиж хурал товлосны дараа хянан шийдвэрлэх ажиллагаа хийх явцад цуглуулсан уг нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн ба уг байдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хуанлийн он, сар өдрөөр 5 дахь өдөр буюу “баасан” гариг байсан ба 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нь 1 дэх өдөр буюу “даваа” гараг байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хянавал:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасныг үндэслэн Г.Г-г багийн Засаг даргаар томилуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад уламжилсан, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Багуудын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг түр томилох тухай” захирамжийн 1-ийн 5 дахь заалтаар Г.Г-г “Уурхайчин” багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон, нэхэмжлэгч С.Б нь “...Г.Г-гийн авсан санал дээр миний авсан саналыг нэмж тооцон хувь гаргасан нь ...хууль зөрчсөн” гэж маргажээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар багийн Хурлын дарга, Тэргүүлэгчид болон багийн Засаг даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн ба хуралдаанд оролцсон 270 иргэний 249 нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцож, нэхэмжлэгч С.Б-д 121, гуравдагч этгээд Г.Г-д 123 санал өгч, 5 саналын хуудас хүчингүйд тооцогдсон, нэр дэвшигчдийн авсан саналын хувийг хүчинтэй 244 саналаас тооцож гаргасан, тус багаас шилжин явсан бүртгэл хийлгэсэн 5 иргэн уг хуралдаанд оролцсон үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “баг… /ийн/ Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг... /ийн/ сонгуулийн насны иргэн ...оролцох”-оор, 26 дугаар зүйлийн 26.2-т “баг.../ийн/ Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд...-ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох”-оор заасан, хуулийн 23.10 дахь заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, уг хуралдаанд “Уурхайчин” багаас албан ёсоор шилжсэн бүртгэлтэй, тус багт харьяалалгүй 5 иргэн оролцсон нь тогтоогдсон, энэ нь нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү /2 санал/-нд шууд нөлөөлөх хэмжээнд тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар “...багт харьяалалгүй 5 иргэнийг санал өгсөн байна гэж үндэслэлгүй дүгнэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн дээрх хуулийн 26.2-т зааснаар “багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож, санал өгсөн иргэдийн саналаас олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан”-ыг тооцох байтал хүчингүй болгосон саналын хуудсыг оруулан тооцолгүй “саналын хувь” гаргасан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Б-гийн авсан 121, гуравдагч этгээд Г.Г-гийн авсан 123 саналыг тухайн хуралдаанд оролцсон 249 иргэний саналд харьцуулан тооцоход тэдний аль аль нь хуралдаанд оролцсон санал өгсөн иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авч чадаагүй, иймд Г.Г-г Засаг даргаар сонгогдсонд тооцох үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь буруу боловч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг өөрчлөх үндэслэл болохгүй учир гуравдагч этгээдийн “...улсын бүртгэлийн баримт шүүх хуралдаан дээр танилцуулагдаж, уг нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн, миний бие уг баримттай холбоотой нотлох баримт цуглуулах, тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо баримталбал зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг баримтлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасанд нийцэхгүй, уг шийдвэрт хуулийн бичлэгийн өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу тул магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0678 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн...” гэсний дараа 26.2 гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ