Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-20
Дугаар 542
Хэргийн индекс 110/2017/0019/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч К.Бт
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд К.Бж
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

К.Бт-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, К.Бт-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0056 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0726 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0056 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Бт-өөс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын К.Бт намайг Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0726 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд К.Бж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0726 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судлаад хууль ёсны бөгөөд үндэслэл бухий шийдвэр гаргасан байсан. Аймгийн хөдөлмөрийн хэлтэс болон Халамж үйлчилгээний хэлтэс татан буугдсанаас хойш өөрөөр хэлбэл, 2016 оны 8 дугаар сарын 03-наас 2016 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл миний бие ажил үүргээ гүйцэтгэж, сарын цалинг бүрэн хэмжээгээр авч байсан. Энэ талаар хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан.

Миний бие анх 2010 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Я.С-ийн 03 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, 2012 онд Хөдөлмөрийн яам бий болж, Хөдөлмөр эрхлэлтийн чиг үүргийг салгаж авснаас өмнө уг ажлыг хийж гүйцэтгэж, хөдөлмөр эрхлэлтийн чиг үүргийг хэрэгжүүлж байлаа. Ажил олгогч, миний олон жил ажилласан байдал, ажлын туршлага, үр дүн, мэдлэг, ур чадвар зэргийг харгалзан уг албан тушаалд томилох шийдвэр гаргасан байгаа.

Нэхэмжлэгч К.Бт нь 2015 онд Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдсон ба төрийн албаны шалгалтыг Увс аймагт өгч, тухайн аймагт оршин сууж ажиллаж амьдрахаар болж хүсэл зоригоо илэрхийлж байсан байна. Миний бие энэ талаарх нотлох баримтуудыг авч хэрэгт хавсаргахыг шүүхээс шаардсан боловч харамсалтай нь шүүх хүлээж авсангүй.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан нотлох баримтыг судлах боломжгүй гэжээ. Энэ баримт нь гуравдагч этгээд миний төрийн албаны шалгалт өгсөн талаарх хууль ёсны шаардлага хангасан нотлох баримт мөн болно. Учир нь, энэ нь тухайн байгууллагын “хуулбар үнэн” гэсэн тамга дарагдсан байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн 40 дүгээр тогтоол одоо болтол хүчин төгөлдөр хэвээрээ байхыг нотолсон баримт гэдгийг шүүх зөв үнэлээгүй байна. Энэ тогтоолын дагуу тухайн үеийн ажил олгогч 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тангараг өргүүлсэн байсан нь хавтаст хэрэгт харагдаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа хоёр байгууллага татан буугдан, өөрчлөн байгуулагдсан нөхцөлд хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нь аль аль нь байгаа боловч хоорондоо нэмэгдэж нэгтгэгдсэнээр нийгмийн халамж хариуцсан мэргэжилтний гүйцэтгэж байгаагүй нийгмийн халамжийн чиг үүрэг нэмэгдсэн байхад чиг үүрэг нь “хэвээрээ хадгалагдсан” гэж үзэх үндэслэлгүй.

Харин чиг үүрэг нь нэмэгдэж өөрчлөгдсөн боловч тавигдах шаардлагыг нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний хэн аль нь хангаж байгаа бол нэг талаас төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах, нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэжсэн, тогтвортой байх зарчимд нийцүүлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөнтэй адилтган тэдгээрээс үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар,  ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулан томилсон талаар гаргасан ажил олгогчийг шийдвэрт анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байгаа.

Түүнээс гадна Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 08 дугаар тогтоолд “Албан хаагчдыг дотооддоо хэрхэн сонгон шалгаруулж томилох нь зөвхөн ажил олгогчдод хамааралтай” байхаар зохицуулан тайлбарласан байдаг.

Иймд, анхан шатны шүүх үндэслэлтэй хууль ёсны шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн 56 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, давж заалдах шатны шүүхийн 726 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасантай нийцжээ.

Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлээгүй, хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар тогтоосноор урьд нь тухайн Тамгын газрын бүтцэд ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөн зохион байгуулагджээ.

 Дээрх тогтоолыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог шинээр баталсны дотор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн 19 байхаар тогтоосон байна. 

 Үүнээс шалтгаалан тухайлбал, Сагсай сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Сагсай сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний 2 орон тоог нэгтгэж, Сагсай сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн 1 орон тоо батлагдаж, орон тоо цөөрчээ. 

 Гэвч хариуцагч нь дээрх Сагсай сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр К.Бт, мөн сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр К.Бж нар ажиллаж байсан байхад шинээр бий болсон Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд гуравдагч этгээд К.Бж-ыг ямар шалгуураар томилсон, хуульд зааснаар сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь тодорхойгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ...албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.

Энэхүү хуулийн заалтаар албан тушаалын тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулалтаар томилохоор зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх тухайн Сагсай сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулахгүйгээр хариуцагчийн “К.Бж-ыг ажлын дадлага, туршлага, ажилласан жилийг харгалзан үзэж томилсон” шийдвэр нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 Анхан шатны шүүх хариуцагчаас маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, мэргэжлийн болон ажлын дадлага туршлага зэргийг харгалзан дүгнэж томилсон эсэх, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагаа хийгдсэн эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0726 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ

                                    ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА