Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-18
Дугаар 531
Хэргийн индекс 128/2016/0531/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ц.А, Б.Д, З.О, О.О, П.С, Х.Т
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Э г" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ц.А, Б.Д, З.О, О.О, П.С, Х.Т нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгч П.С, Х.Т, нэхэмжлэгч Ц.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн захирал Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Ц.А, Б.Д, З.О, О.О, П.С, Х.Т нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0527 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр  сарын 27-ны өдрийн 221/МА2017/0697 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч Ц.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0527 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус үндэслэн иргэн Б.Д, Х.Т, П.С, О.О, Ц.А, З.О нарын Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Э г” ХХК-д 766 м.кв газрыг 883 м.кв болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр  сарын 27-ны өдрийн 221/МА2017/0697 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжнэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.А, Б.Д, О.О, П.С, Х.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Бидний зүгээс Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар “Газар эзэмших, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн “Э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн орц гарцыг чөлөөлөх ажиллагааг хийхийг Засаг даргад даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг маргааныг хянан шийдвэрлэгдэх явцад 766 м.кв газрыг 883 м.кв болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамж нь “Э г” ХХК-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийг бүхэлд нь ноцтой зөрчсөн, дураар 117 м.кв газар эзэмшүүлсэн гэж үзэж, нэмэгдүүлсэн шийдвэрийг илт хууль бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа иргэн З.О-оос бусад нэхэмжлэгч нарын зүгээс өөрчилсөн.

Маргаан бүхий газрыг “Э г” ХХК-д олгосныг 2016 оны 01 дүгээр сард мэдсэн талаараа нэхэмжлэлд дурдсан. Оршин суугчдын эрх ашиг яаж хөндөгдөж хохирч байгаа талаараа дурдахдаа: нийтийн эзэмшлийн талбайг олгосон нь буруу, агаарын бохирдол үүсгэж байгаа, хог хаягдал бий болгосон, орон сууцандаа орж гарахад замын ачаалал ихэссэнээс хүндрэлтэй болсон, маргаан бүхий газарт дуу чимээ ихтэй агаарыг бохирдуулж буй маш том оврын цахилгаан генератор байрлуулснаар өдөр шөнөгүй байнга дуу чимээ гарч иргэд унтаж чадахгүй байдал үүссэн, хогны болон гал командын машин орж гарахад маш хүндрэлтэй, цахилгааны шугам сүлжээ бүхий газарт буюу маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө барьсан, ер нь бол СӨХ-д оршин суугчдад хамааралтай талбай, дуу чимээнээс нь хөгшид хүүхэд бүр их тайван байж чаддаггүй, яахаараа дахин дахин “Э г” ХХК-д нэмж газар олгоод иргэдэд нийтийн эзэмшлээр үлдээж болдоггүй юм гээд иргэд яаж хохирч байгаа талаараа Мэргэжлийн хяналтын газар, Гал командын газрын болон Хот төлөвлөлтийн газрын албан бичиг, фото зургууд гээд маш олон нотлох баримтуудыг шүүхэд өгсөөр байтал анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Яагаад нийтийн эзэмшлийн талбай гэж үзэж байгаа вэ гэхээр 2008 онд тус газар дээр маш их хог хаягдал байсан тул чөлөөлүүлэхээр иргэд бид Хот төлөвлөлтийн газарт очсон ба тухайн газар судална, өргөдөл өг гэсэн тул П.С өргөдөл бичиж үлдээгээд бид хамт буцсан. Дараа нь П.С-д гээд 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/1554 тоот албан бичиг ирсэн ба түүнд тухайн газрыг “нийтийн эзэмшлийнх” байна, орц гарцыг чөлөөлнө гэж мэдэгдсэн байсан. Уг баримт хэрэгт байгаа. Тэгээд бүр бульдозероор орц гарцыг нээх талаар ч яригдаж байсан. Гэтэл “Э г” ХХК-ийн Д.Д хогоо цэвэрлэе, одоохондоо манайх цэвэрхэн ашиглаж байя гээд байсан тул бид зөвшөөрсөн. Гэтэл одоо угаасаа манайх байсан гээд байгаа нь бодит үнэнд нийцэхгүй. Тэр үед энэ газар манай дутуу олгогдсон газар гэж ерөөсөө хэлж байгаагүй. Хэрэв тэгж хэлсэн бол бид 2008 онд нэхэмжлэлээ гаргаж шалгуулах байсан.

Давж заалдах шатны шүүх авто зам байхаар төлөвлөгдөөгүй гэж нотлох баримтуудаас дурджээ. “Э г” ХХК нь өөрсдөө автомашин тухайн газарт одоо оруулж тавьдаг ба шүүхэд “Орц гарц” гэж маргаад заргаа авч байсан. Хэрэгт шүүхийн шийдвэр нь байгаа. Төрийн байгууллагуудын зөрүүтэй дүгнэлтүүдийг шүүх яаж дүгнээд байгаагаа тайлбарлаагүй. Нэхэмжлэгч нарын үзэж байгаагаар “нийтийн талбай” мөн эсэхийг Мэргэжлийн хяналтын газар биш бидний очсон Хот төлөвлөлтийн газар л баймаар юм. Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх зөрчигдөөд байхад шүүхүүд “хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл нөхцөл байгаагүй гэх илт хууль бус захиргааны акт болох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул” гэж дүгнээд байгааг үнэхээр зөвшөөрөхгүй байна.

Иргэд бид “Э г” ХХК-д Засаг дарга анх маш том талбай олгож, тэд “Ц т”-ийг барьсан. Дараа нь түүнийгээ өргөтгөж, бас нэмж газар авч өргөтгөлийн барилга “дотор нь “Чансаа” гутлын дэлгүүр байрладаг” барьж, орон сууц руу ойртсон, ингээд жаахан нарийхан газар үлдсэнийг дахиад яагаад бүр яг айлын цонхон доогуур цонхнуудтай тулгаж нэмж газар олгоод байгааг үнэхээр ойлгохгүй, шударга бус үйлдэл гэж үзэж байна. Яагаад уг жижиг газрыг нийтээрээ эзэмшиж болдоггүй юм бэ. Иймд, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би Чингэлтэй дүүргийн 1-р хороо, А-4 байрны 22 тоотод 40-өөд жил амьдарч байна. Байрныхаа оршин суугчдын хамтаар “Ц т” нь газраа сунгаж, улмаар оршин суугчдын эрхийг хохироож байгаа талаар ярилцаж, Засаг даргын нэмж газар олгосон 2009 оны 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн орц гарцыг чөлөөлөх ажиллагааг хийхийг Засаг даргад даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх миний энэ нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Учир нь, би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй.

Анхан болон давах шүүх, иргэн надад шүүх хуралдааны товыг ч мэдэгдээгүй. Шүүх хуралдаанд оролцох болон хуульд заасан бусад эрхийг минь зөрчиж шийдвэр гаргасныг иргэн намайг ялгаварлан гадуурхсан байна гэж үзэж байна. Миний бие хамт нэхэмжлэл гаргасан хүмүүстэй хааяа тааралдаж асуухад хурал болохгүй хойшлоод байна гэдэг байсан. Харин шүүх надад ер мэдэгддэггүй. Надаас бусад нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ өөрчилсөн гэдгийг магадлал гарснаас хойш мэдлээ. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Бидний нэхэмжлэлийн шаардлага бол “Э г” ХХК-д 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 22 дугаар захирамжаар “766 м.кв байсан газрын хэмжээг нь 883 м.кв болгож 117 м.кв-аар нэмэгдүүлсэн” шийдвэр хууль ёсны байсан эсэхийг шалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Дээрх нэмэгдүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хууль ёсны байсан эсэхийг л тогтоолгож, үнэхээр ямар ч асуудалгүй хууль ёсны, хуульд нийцсэн харилцаа байсан эсэхийг л шалгуулах хүсэлтэй байгаа. Учир нь, дээрх газрыг нэмэгдүүлсэн эрх зүйн үндэслэл тодорхойгүй байна. Үүнд:

  • Тухайн актын /НЗД-ийн 22 дугаар захирамж/ үндэслэх хэсэгт Газрын тухайн хуулийн 21.2.3, 21.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон байдаг. Гэтэл 21.2.3 буюу ...холбогдох дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, 21.2.4 дахь хэсэг буюу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа зэрэг нь хууль зүйн хувьд шаардлага хангаагүй захиргааны акт болсон атал шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.
  • Нэхэмжлэлийн шаардлага болох “захиргааны актыг илт хууль бусад тооцуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн нөхцөл тогтоогдохгүй байна гэсэн байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь, хэн ч эзэмшээгүй газар бол нийтийн өмч. Нийтийн өмчийг хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх асуудал бол хуулиар зохицуулагдсан харилцаа. Гэтэл дээрх газар олголтын харилцаа хуулийн хүрээнд байсан эсэх нь тогтоогдохгүй байгаа тухай дээр дурдсан. Ийм байтал тухайн актыг илт хууль бус биш, хуулийн хүрээнд байсан хэмээн үзэж байгаад гомдолтой байна.
  • Илт хууль бус захиргааны акт ЗЕХ-ийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-д “3ахиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэсэн нь 22 дугаар захирамжийн үндэслэл болсон эрх зүйн зохицуулалтууд огт хангагдахгүй байгаа, эдгээр зохицуулалт нь дээрх захиргааны актыг гаргасан үндсэн шалтгаан болж байгаа зэрэг нь илт хууль бусад тооцох үндэслэл байгааг харуулж байна.
  • Шүүхийн шийдвэрт “2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм” гэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэж байна. Учир нь, захиргааны актыг илт хууль бусад тооцох эсэх асуудал нь цаг хугацааны хувьд буцаж үйлчлэх боломжтой болохыг захиргааны актыг илт хууль бусад тооцох эсэх асуудалд хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй болсон явдал нь харуулж байгаа гэж үзэж байна.

Нэхэмжлэгч иргэн хуулийн гүн гүнзгий мэдлэггүй, тийм байх ч албагүй, гагцхүү өөрсдийн асуудлаа тал бүрээс нь үнэн зөв, бүрэн гүйцэд шүүхэд мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад онцгой хамааралгүй, зохигч нарын хувийн бодлоо илэрхийлсэн байрны орц, гарц болон бусад хүндрэлтэй асуудалд шүүхийн зүгээс дүгнэлт хийсэн явдал нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамааралгүй асуудалд хэт ач холбогдол өгсөн байдлаас болж нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангалттай анхаарч үзсэнгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ц.А, Д.Д, О.О, Х.Т, П.С нар нь “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Э г” ХХК-ийн эзэмшлийн 766 м.кв газрыг 883 м.кв болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн шийдвэрийг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нараас “Э г” ХХК-д 117 м.кв газрыг ямар үндэслэлээр нэмж олгосон нь тодорхойгүй, энэ нь нийтийн эзэмшлийн орц гарц байсан газар байхад өөрийн мэдэлд авсан” гэж маргасан бол хариуцагч болон гуравдагч этгээдээс “маргаж буй газар нь анхнаасаа тус компанийн газар байсан” гэсэн тайлбар гаргажээ. 

 Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлээгүй, оролцогчдын маргаж буй үндэслэлийг шалгаж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнэлт хийгээгүй байна.

Анх “К” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар тус хорооны нутаг дэвсгэрт 0.01 га газрыг “цэцгийн дэлгүүр”-ийн зориулалтаар ашиглуулахаар гэрээ байгуулагдсан байх ба Нийслэлийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/62 дугаар захирамжаар 0.034 га газарт барилга барих зөвшөөрөл олгогджээ. Мөн тус компани зэргэлдээ орших “Нармандах” ХЭАА-н гутал засварын газрыг худалдан авч, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар 0.08 га газрыг “худалдаа, үйлчилгээ”-ний зориулалтаар ашиглах эрхтэй болсон.

Улмаар “К” ХХК нь нэрээ өөрчилж “Э г” ХХК нэртэй болсноор мөн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байх ба кадастрын зураг алдаатай байсан гэх үндэслэлээр талбайн хэмжээг 883 м.кв болгож өөрчлүүлэх хүсэлт гарган, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар 883 м.кв газрыг “үйлчилгээ”-ний зориулалтаар эзэмшсэн талаарх баримтууд хэрэгт авагджээ.

 Шүүх маргааны гол үндэслэл болсон гуравдагч этгээд “Э г” ХХК-д нэмж эзэмшүүлсэн 117 м.кв газар нь анх нийтийн эзэмшлийн орц гарц бүхий газар байсан эсэх, уг газар нь “Э г” ХХК /урьдын ”К” ХХК/-д ямар үндэслэлээр олгогдсон, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар “Э г” ХХК-д тус газарт нэмж 117 м.кв газар олгох болсон үндэслэл, А-4 орон сууцны урд хэсгийн хананд тулган хэн хэзээ хашаа барьсан, уг газарт газар ашиглах зөвшөөрөл олгогдож байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой байна.

Хэрэгт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2/1560 тоот албан бичгээр ирүүлсэн 2005-2007, 2010-2015 онуудын архивын зурган мэдээллийг сансрын зурагтай харьцуулсан зураг, мөн газрын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/89 дүгээр шинжээчийн дүгнэлт болон хэргийн оролцогчдын ирүүлсэн зурган мэдээллүүд нотлох баримтаар авагдсан байх боловч эдгээр баримтуудад шүүхийн шалгах шаардлагатай нөхцөл байдлууд тодорхой тусгагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх маргааны гол үндэслэл болсон дээрх нөхцөл байдлуудыг шалгаж, холбогдох баримтуудыг цуглуулан тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

2. Шүүх нэхэмжлэгч З.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч Ц.А, Д.Д, З.О, О.О, Х.Т, П.С нарын 6 иргэнээс анх “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, орц гарц чөлөөлөх ажиллагааг хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч З.О-оос бусад нэхэмжлэгч нар “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар “Э г” ХХК-ийн эзэмшлийн 766 м.кв газрыг 883 м.кв болгон 117 м.кв-аар нэмэгдүүлсэн шийдвэрийг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх бөгөөд анхан шатны шүүх тухайн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч З.О-ын нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулах”, 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан “...хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэснийг зөрчиж, нэхэмжлэгч З.О-т эрх, үүргийг танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч З.О-ын “...миний гаргасан Засаг даргын нэмж газар олгосон 2009 оны 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн орц гарцыг чөлөөлөх ажиллагааг хийхийг Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй. ...Шүүхээс надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох болон хуульд заасан бусад эрхийг минь зөрчиж шийдвэр гаргасан” гэсэн хяналтын гомдол үндэстэй байна.  

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нар, нэхэмжлэгч З.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0527 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0697 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                                      Б.МӨНХТУЯА