Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-20
Дугаар 537
Хэргийн индекс 120/2017/0001/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Ц.А
Хариуцагч ӨМА-ийн ЗДТГД-д
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд О.Г
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ц.А нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0702 дугаар магадлалтай, Ц.А-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.А-ийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацаа /2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал/-ны цалинтай тэнцэх олговорт 10,860,563 /арван сая найман зуун жаран мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-өд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж зохих бичилт хийхийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0702 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хариуцагч Ө.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэр нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0702 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ц.А-ийг Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно", 29 дүгээр зүйлийн 29.5.2-т “Сонгуульд оролцож байгаа аль нэг, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан гэдгийг дүгнэж тогтоогоогүй бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хариуцлага ногдуулсан өөр шүүхийн шийдвэр гараагүй, мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ц.А-ийн ажлаас халагдах үндэслэл болсон Сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болсон нь Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09, 10 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Уг шийдвэрээр Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10, 11 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооноос нэр дэвшүүлсэн нэр бүхий иргэдийг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн. Нэр бүхий нэр дэвшигчдийг аймгийн Сонгуулийн хороонд ажиллаж байсан төрийн албан хаагч Ц.А нь Сонгуулийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр буруутгаж, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан үйлдлийг шүүхээс тогтоож хүчингүй болгосон. Ц.А-ийн энэхүү үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасан “Сонгуульд оролцож байгаа аль нэг, нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэдгийг нотолдог. Нэр дэвшигчдийг хуульд заагаагүй үндэслэлээр буруутгаж, эсэргүүцэл үзүүлж, эсрэг санал өгснөөр аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10, 11 дүгээр тогтоолууд гарч нэр дэвшигчдийн хуулиар олгосон эрх зөрчигдсөн байна. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч Ц.А нь нэр дэвшигчдийн эрхийг зөрчиж бүртгэхээс татгалзаагүй бол аймгийн Сонгуулийн хорооноос “Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” хууль бус шийдвэр гарч иргэдийн хуулиар олгосон эрх ашиг зөрчигдөхгүй байх боломж байсан.

Сонгуулийн хороонд ажиллаж байсан төрийн албан хаагч Ц.А нар Сонгуулийн тухай хууль зөрчиж иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдаж байгаад хариуцлага тооцуулах талаарх Булган, Номгон сумдын нэр бүхий иргэдийн гомдлын хуулбар хэрэгт авагдсан. Уг гомдлуудад Ц.А-ийг Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг тус тус зөрчиж, нэр дэвшигчдийн эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлаж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байна гэж дурдсан байдаг.

Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан, эсэргүүцсэн үйлдэл үзүүлж хууль зөрчиж байгаа талаар Сонгуулийн хорооны бусад гишүүд хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж байсан нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа.

Шүүхээс дээр дурдсан, хэрэгт авагдсан Ц.А-ийн хууль зөрчсөн талаарх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн зэрэгцээ дараах байдлаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Б/21 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй 6айх”, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно" гэснийг хариуцагч тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.

Ц.А-ийг аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг зөрчиж ажилласан нь 2016 оны анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал, Булган, Номгон сумын иргэдийн гомдол, Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогддог ба нэр дэвшигчдийг хуульд заагаагүй үндэслэлээр бүртгэхээс татгалзсан үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасныг зөрчсөн. Мөн 29.7-д зааснаар “...29.2, 29.3, 29.5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болсон. Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Сонгуулийн хорооны бусад гишүүдэд хариуцлага тооцоогүй гэж тайлбарладаг. Тухайн үед Сонгуулийн хороонд ажилласан бусад гишүүдийн хувьд эдүгээ Засаг даргын тамгын газарт ажиллаагүй, ажлаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа тул хариуцлага тооцох боломжгүй юм.

Хариуцагч нь зөрчил гаргасан төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хуулиар олгогдсон эрхийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” заалт нь зөрчил гаргасан ч төрийн албанаас халагдахгүй байх бус, зөрчил гаргаагүй бол төрийн албанаас халагдахгүй байх төрийн албан хаагчийн баталгааг хангасан зохицуулалт юм.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай” 183 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон, үүнийг нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан нь хариуцагчаас Засгийн газрын дээрх нийтэд илэрхий тогтоолын зохицуулалтын талаар шүүхэд нотлох шаардлагагүйг тодорхойлсон хуулийн зохицуулалт гэж үзэж байна.

Тухайн үед хариуцагч Ө.Баянмөнх нь Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Баяр наадам зохион байгуулах салбар ажлын хэсэг байгуулах тухай” А/461 дүгээр захирамжийн дагуу Засаг даргын тамгын газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр аймгийн ажлын хэсэгт орж ажиллах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бух шатанд хэрэгжинэ”, 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ", 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож уг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмууд зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд, дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0702 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга ажилтай Ц.А-ийг төрийн албанд нэг жилийн хугацаагаар орох эрхгүйгээр ажлаас нь халсан аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаал Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Хариуцагч нь С.Цэрэнбаяр, Б.Батаа нарыг “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10, 11 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгосон Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9, 10 дугаар шийдвэр, уг шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0444, 221/МА20160448 дугаар магадлал зэргийг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгожээ.

Тодруулбал, “...Сонгуулийн хорооны гишүүнээр ажилласан Ц.А- нь нэр дэвшигчдийн эрхийг зөрчиж бүртгэхээс татгалзаагүй бол Сонгуулийн хорооноос хууль бус шийдвэр гаргаж, иргэдийн хуулиар олгосон эрхийг зөрчихгүй байх боломж байсан...” гэж  нэхэмжлэгчийг буруутгасан байна.

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл, энэ хуульд заасан журмын дагуу ердийн олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар  Сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийн үр дагаврыг тус хорооны нэг гишүүнд хамруулж түүнийг буруутгах боломжгүй юм.

Нөгөө талаар Ц.А- нь Сонгуулийн хорооны гишүүний хувьд хуралдаанд бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэж байгаа асуудлаар саналаа гаргаж /дэвшигчээр бүртгэхээс татгалзсан/ оролцсон байх тул үүнийг “сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно хэмээн Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон “Сонгуулийн эрх”-ийн талаарх Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.11 дэх зохицуулалт нь Сонгуулийн хорооны гишүүнд хамааралгүй, Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтны эдийн засаг, хууль зүйн баталгааг энэ хуулийн 29 дүгээр зүйлээр зохицуулжээ.

Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдэд Сонгуулийн хорооны холбогдох тогтоол хуульд нийцээгүйг дүгнэсэн болохоос нэхэмжлэгч Ц.А-ийг шууд буруутгаагүй, Ц.А-тэй холбоотой дээрх хуулийг зөрчсөн гэх нотлох баримт байхгүй байгааг шүүхүүд тодорхой дүгнэсэн байна.

Иймд, шүүхүүд нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн “...анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулаагүй...” гэх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

Учир нь, анхан шатны шүүх хуралдааны зарыг хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогчдод мэдэгдсэн, түүний оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий Төрийн албаны болон Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0702 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.   

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                               Л.АТАРЦЭЦЭГ