Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-18
Дугаар 530
Хэргийн индекс 110/2017/0036/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч А.А
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Ц.Г
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

А.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч К.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээд Ц.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0054 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0633 дугаар магадлалтай, А.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Ц.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0054 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон тоо цомхотгох тухай Б/05 дугаар тушаал, Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/06 дугаар тушаалын А.А-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Цэнгэл сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0633 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 110/ШШ2017/0054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.Г болон түүний өмгөөлөгч Б.Мурат нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Ц.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийн гуравдагч этгээд Ганболд миний бие Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0054 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0633 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1,123.2.2-т тус тус зааснаар дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

1. Шийдвэр, магадлалын гол үндэслэл нь “шинээр батлагдсан орон тоо бүтцийн дагуу гуравдагч этгээд Ц.Г-ыг маргаан бүхий орон тоонд анхнаасаа томилсон шийдвэр гаргаагүй, нэг орон тоонд нэхэмжлэгчийг томилсоны дараа уг орон тоог 2 байсан гэж үзэж цомхотгох шийдвэр гаргасан нь буруу” байна. /шийдвэрийн 13-р талд/

Шинээр батлагдсан бүтэц орон тоог үндэслэн Цэнгэл сумын ЭМД-ын байцаагчийн нэг орон тоонд эрх бүхий албан тушаалтан өөрөө анх Б/74 тоот тушаалаар нэхэмжлэгчийг томилсон атлаа орон тоо цомхотгогдсон үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Улаанхус сумд томилсон нь хууль бус, энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.2.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Ажил олгогч нэхэмжлэгч А.А-ийг томилохоос өмнө Б/73 тоот тушаалаар намайг Цэнгэл сумд томилсон байсан байжээ. Энэ тушаал хэрэгт авагдаагүй ба тухайн үед ийм тушаал гарч байсан талаар надад ажил олгогч мэдэгдэж, тухайн үед гардаж өгөөгүй. Миний бие саяхан олж мэдсэн ба үүнийг хариуцагч тал нуун дарагдуулан, тухайн үед шүүхэд гаргаж өгөөгүй байжээ. Орон тоо хасагдахаас өмнө бид хоер хоёулаа 2 орон тоонд томилогдсон байсан. Түүнээс хойш орон тоо хасагдах асуудал яригдаж, бүтцийн өөрчлөлт хийсэн тушаал, шийдвэрүүд түүний дараа гарсан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэт нэг /Казах хүн/ талын нотлох баримтыг илүү цуглуулан бүрдүүлж, хариуцагчаас гаргуулан, нөгөө /Монгол хүн/   талын нотлох баримтыг дутуу бүрдүүлэн, хариуцагчаас гаргуулаагүй байгаа нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн байна.

Учир нь намайг анх маргаан бүхий Цэнгэл сумын орон тоонд томилж байсан 2016 оны сарын өдрийн Б/34 тоот тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн б/63 тоот тушаалаар хүчингүй болгож намайг чөлөөлсөн байсан. /хх-ийн 128 талд/

Харин Улаан хус сумд томилсон гэх Б/61 тоот тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 тоот тушаалаар хүчингүй болгосон талаар шүүхийн шийдвэрт тусгасан байгаа. Тийм учраас намайг Цэнгэл сумд томилсон тушаал байхгүй гэдгийг шүүх анхаараагүй ба анхаарахыг хүсээгүй байжээ. Зөвхөн Ц.Г-ыг Цэнгэл сумын ЭМНД-ын байцаагчаар томилсон тушаал гараагүй, тушаал нь хэрэгт авагдаагүй гэж дүгнэж тэмдэглээд өнгөрсөн байгаа нь гайхалтай.

Түүнээс гадна Улаан хус сумын ЭМНД-ын байцаагчийн нэг орон тоонд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Х.Ерханатыг томилж, /хх-ийн 118 талд/ 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/06 тоот тушаалаар түүнийг чөлөөлсөн байна ./хх-ийн 117 талд/ Энэ хугацаанд Х.Ерханат нь ажиллаж байсан ба нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/61 тоот тушаалаар эхлээд Ц.Г намайг Улаан хус сумд томилсон гэх маргаан огт үндэслэлгүй.

Хариуцагч тал энэ Б/73 тоот тушаал гаргасныг мэдэж байгаа мөртлөө намайг ялгаварлан гадуурхаж надад мэдэгдээгүй гардаж өгөөгүйгэзс гадна шүүхэд удаа дараа тайлбарлаад байсан ч шүүхэд гаргаж өгөөгүйдзэ гомдолтой байна. Үүнийг бодвол хариуцагч нь нэхэмжлэгчийн талд ажиллаж байсан нь тодорхой харагдаж байна.

Шүүхүүд зөвхөн нэхэмжлэгч А.А-ийг маргаан бүхий орон тоонд томилсон Б/74 тоот тушаалд ач холбогдол өгч миний одоо болтол Цэнгэл сумд ажиллаж байсан тушаалын талаар огт дурдаж байгаагүй байгаа нь хэт нэг талыг баримталсаныг харуулж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх өөрөө нотлох зарчим алдагдсан байна гэж үзэхээр байна.

Гуравдагч этгээд намайг Цэнгэл сум хариуцсан ЭМНД-ын байцаагчийн орон тоонд томилсон Б/73 тоот тушаал хэрэгт авагдаагүй асуудлаас болж Цэнгэл сумын 2 орон тоог 1 болгож цөөрүүлж зөвхөн А.А-ийг цомхотголд оруулсан гэх мэтээр шүүхүүд дүгнэлт хийж түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байжээ. Өөрөөр хэлбэл намайг тушаалгүй ажиллаж байгаа мэтээр дүгнэлт хийж эрхийг маань дордуулсан байх юм.

2. Шийдвэр, магадлалын бас нэг үндэслэл нь “нэхэмжлэгч А.А-ийг ... ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээрээ хадгалагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэмэгдэл баталгаагаар хангагдаж Цэнгэл сумын эрүүл мэнд нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах ёстой байжээ” гэж дүгнэж Төрийн албаны тухай хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. /шийдвэрийн 13-р талд/

Учир нь Төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар хуульчилж зохицуулсан байдаг.

Нөгөөтэйгүүр зөвхөн шүүхүүд зөвхөн нэхэмжлэгчийн нэмэгдэл баталгаа, шилжүүлэн томилогдох асуудалд түлхүү анхаарч гуравдагч этгээд намайг зөнд нь орхигдуулан эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргасан байгаа нь тодорхой харагдаж байна.

З. Шүүхийн шийдвэрийг шинэ нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар “шүүхийн шийдвэр гаргах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн бол шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болох талаар хуульчилсан бол, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хяналтын гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд шинэ нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргах талаар зохицуулагдсан” байжээ. Б/73 тоот тушаалын талаар шүүхийн шийдвэр гаргах үед мэдээгүй байсан нь хэрэгт тодорхой харагдаж байна. Тухайн үед мэдсэн бол мэдээж энэ талаар бид ямар ч байсан шүүхэд тайлбар хийж, шүүхэд гаргаж өгөх байлаа.

Энэ талаар ч хариуцагч шүүхэд үнэн шударгаар тайлбар гаргах байх гэж бодож байна.

Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хүсэх нь:

1. Хэргийг бүхэлд нь хянаж гомдолд дурдсан асуудлыг нэг бүрчлэн судлан үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх.

2. Хариуцагчийн намайг Цэнгэл сумд томилсон Б/73 тоот тушаалыг шинээр илэрсэн нотлох баримтанд тооцож, шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон тул түүнийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгох зэрэг хүсэлт гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 31 дүгээр тогтоол, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалыг тус тус үндэслэн, Цэнгэл сумын “... нийгмийн даатгалын хоёр байцаагчийн нэг орон тоог /цомхотгож/”, орон тоо цомхотгосонтой холбогдуулж, А.Аийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/06 дугаар тушаалаар түүнийг Улаанхус сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг тушаалуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... нэг орон тоо хасагдаагүй байхад ... цомхотгох тушаал гаргасан нь хууль бус ... /Улаанхус суманд ажиллуулахаар шийдвэрлэсэн нь/ миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн” гэж маргажээ.

            Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоог шинэчлэн баталж, мөн даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар “орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах”-даа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болгон өөрчилж, Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байсан ажилтан, албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрчлөгдсөн бүтцийн дагуу бий болсон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст батлагдсан цалингийн сангийн хамт шилжүүлсэн,  дээрх тушаалуудын дагуу Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн “сумын нийгмийн даатгалын байцаагч”-ийн өмнө байсан 14 орон тоог 13 болгож цөөрүүлсэн, үүний улмаас  Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллаж байсан нийгмийн даатгалын 2 байцаагчийн орон тоо 1 болж, нэг орон тоо хасагдсан байна.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч А.А нь 2013 оноос Цэнгэл сумын нийгмийн даатгалын “тэтгэвэрийн байцаагч”-аар, гуравдагч этгээд Ц.Г нь мөн 2013 оноос тус сумын нийгмийн даатгалын “шимтгэлийн байцаагч”-аар тус тус ажилласан, шинэ бүтцээр Цэнгэл сумын “нийгмийн даатгалын байцаагч”-ийн 1 орон тоо батлагдсан байх тул нэхэмжлэгчийн “... орон тоо хасагдаагүй, ... тэтгэвэрийн байцаагчийн орон тоо хэвээр үлдсэн, шимтгэлийн байцаагчийн орон тоог аймгийн төвд шилжүүлсэн” гэх тайлбар үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагчийн 2 орон тоонд тус бүр ажиллаж байсан, шинэ батлагдсан бүтцээр тус сумын нийгмийн даатгалын байцаагчийн 1 орон тоо хасагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, уг асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, харин, “... хоёр орон тоо байсны нэгийг цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

            Иймд, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 31 дүгээр тогтоол, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалыг тус тус үндэслэн, Цэнгэл сумын нийгмийн даатгалын хоёр байцаагчийн нэг орон тоог цомхотгосон нь хууль болон нэхэмжлэгч А.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ... /өөр/ албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн...”, “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан...” тохиолдлуудад  төрийн албан хаагчийг хангах нэмэгдэл баталгааг хуульчилсан, ингэхдээ, төрийн албан хаагчийг эрхэлж байгаа ажил албан тушаалд нь хэвээр үлдээх боломжгүй тохиолдолд эдгээр нэмэгдэл баталгаагаар хангахаар журамлажээ.

            Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар “...орон тоог цомхотгосонтой холбогдуулж” А.А-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч мөн өдрийн Б/06 дугаар тушаалаар түүнийг Улаанхус сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилсон, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан “сумын нийгмийн даатгалын тэтгэвэрийн байцаагч”-ийн болон маргаан бүхий тушаалаар томилогдсон “сумын нийгмийн даатгалын байцаагч”-ийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний хэмжээ ижил буюу ямар нэг байдлаар буураагүй тул тухайн тохиолдолд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд /шилжүүлэх/” төрийн жинхэнэ албан хаагчийг “нэмэгдэл баталгаагаар хангах” зохицуулалт хэрэглэгдэж, орон тоо цомхотголд орж хасагдсаны улмаас нэхэмжлэгч А.А-ийг  Улаанхус сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилсон маргаан бүхий  аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаал хууль зөрчөөгүй байна.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.А-ийг “Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилласнаар эрх нь хангагдаж, Улаанхус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллавал эрх нь зөрчигдөнө” гэж шүүх дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч А.А-ийг Улаанхус сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилсон нь хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” зарчмыг зөрчсөн гэх, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй, маргаан бүхий  аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан төрийн албанд ажиллах, төрийн албан хаагчийн цалин хөлс авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн зөрчөөгүй гэж үзнэ.  

            Гэтэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж,      Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулж буруу тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг аль алиныг нь ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн “…ажиллуулах үүрэгтэй” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу, шүүхийн шийдвэр, магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэнгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор заасан, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй болох юм.

            Энэ тохиолдолд, маргаан бүхий захиргааны актууд Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтад нийцсэн, уг актуудын улмаас нэхэмжлэгч А.А-ийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул гуравдагч этгээдийн “... шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг ... буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.4-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0054 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0633 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А-ийн “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон тоо цомхотгох тухай Б/05 дугаар тушаал, Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/06 дугаар тушаалын А.А-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Цэнгэл сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ч.Г-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХТУЯА