Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-18
Дугаар 529
Хэргийн индекс 128/2016/0702/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “С в н” ХХК
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“С в н” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн, Г.Нацагдорж, хариуцагч Ц.О, З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0659 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0781 дүгээр магадлалтай, “С в н” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0659 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох “С в н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0781 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны    өдрийн 128/ШШ2017/0659 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “С в н” ХХК-ийн нэхэмжлжлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0659 дүгээр шийдвэр, 2017 оны 11 дугээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0781 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч "Супервижн нэтворк" ХХК-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.4, 119 дүгээр зуйлийн 119.5-д заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатньг шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт: Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шиидвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд,

“С в н” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Амгаланбаатар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарын гаргасан маргаан бүхий 0006853 дугаар актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Зургаа, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын 6-д 2011 онд 4,000.0 мянган төгрөгийн хуучин барааг борлуулсны 400.0 мянган төгрөгийн нөхөн татвар төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэснийг, “Долоо, ... иймээс 20,000.0 мянган төгрөгийн актаас 15,000.0 мянган төгрөгийн сэтгүүлийг хасч 5,000.0 мянган төгрөгт тооцох нөхөн татвар төлөхийг зөвшөөрч байна”, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсайхан шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа “Эрх борлуулсны орлого гэдэг дээр 20 сая төгрөгийн зөрчил яригддаг. 20 сая төгрөгийн зөрчлөөс 5 сая төгрөг нь эрх борлуулсны торгуулийн хөлс учраас 5 сая төгрөгөөс татвараа төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал С.Амгаланбаатар маргаан бүхий 0006853 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн. Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсээр байтал Захиргааны хэргийн анхан шатны шүүх ЗХШХШтХ-ийн 57 дугаар зүйлийн 57.2-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” заасан ажиллагааг хийлгүй шүүх хуралдааныг шууд явуулсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэ алдаа нь маргааны үйл баримтыг бүрэн судлаагүй, хэргийн оролцогчдын нотлох болон үгүйсгэх тайлбарыг бүрэн гүйцэд сонсох замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөв удирдаагүй, мэтгэлцэх зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд Татварын улсын байцаагч нар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хариу тайлбар, нотлох баримт гаргах, нэхэмжлэгчийн зүгээс тайлбар хийх, харилцан мэтгэлцэх боломжийг хязгаарласан. Энэ нь ЗХШХШтХ-ийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 30 дугаар зүйлийн 30.3.5 “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн оролцогч, бусад оролцогчид асуулт тавих, үйлчлүүлэгчийнхээ гаргаж байгаа мэдүүлэг, тодорхойлолтод тайлбар хийх”-д заасан эрхийг илт зөрчсөн асуудал болсон.

Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 128/ШШ2017/0659 дугаар шийдвэрийн аравдугаар хуудсанд “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: ... Энэ актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж дурдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн гэдгийг бүрэн ойлгож, ингэж дүгнэн хүлээж авсан нь хэнд ч ойлгогдохоор тодорхой байна. Шүүхээс маргаан бүхий актаар хэдэн зөрчил илрүүлсэн, үүнээс хэдэн зөрчилд маргаж байгаад сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн өөрчилж, нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхлэх шатанд зөв тогтоож түүнд уялдуулан хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлэх нь шүүхийн үүрэг юм. Гэвч ЗХШХШтХ-ийн ЗХШХШтХ-ийн 57 дугаар зүйлийн 57.2-д заасан ажиллагааг хийгээгүй ба түүний улмаас ЗХШХШтХ-ийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 30 дугаар зүйлийн 30.3.5-д заасан эрхийг зөрчсөн ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой алдаа болсон.

Хоёрдугаарт: Давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулаагүй тухайд,

Өмнө дурдсанчлан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, үүнийг анхан шатны шүүх ч өөрөө тэгж хүлээж авсан. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж нь “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах” гэж байсныг “илт хууль бус болохыг тоггоолгох” гэж хамтад нь болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, анхан шатны шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулж, тайлбар аваагүй” гэснийг давж заалдах шатны шүүхээс тайлбарлахдаа дараах байдлаар хуулийг буруу тайлбарлаж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулаагүй хууль, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Тухайлбал “... нэхэмжлэгч “С в н” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 тоот актаас өөр холбогдох захиргааны шийдвэрийн талаар маргаагүй бөгөөд харин уг актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсныг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж буй нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн биш нэхэмжлэлийн шаардлагын төрлийг өөрчилсөн хэрэг юм” гэжээ. ЗХШХШтХ-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, төрлөө нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн биш нэхэмжлэлийн шаардлагын төрлийг өөрчилсөн байна гэж нэг талыг барьсан явцуу утгаар тулгаж тайлбарласан. Давж заалдах шатны шүүхийн энэхүү тайлбар, дүгнэлт нь анхан шатны шүүхийн гаргасан алдааг засах биш харин хуулийг буруу тайлбарлаж дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэсэн.

Мөн “... нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий актыг “хүчингүй болгуулах”, “илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг аль алиныг нь гаргахдаа үндэслэлээ ... гэсэн ижил үндэслэлийг зааж маргасан байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын төрөл өөрчлөгдсөн хэдий боловч түүний үндэслэл нь дээрх байдлаар хэвээрээ байгаа тохиолдолд хариуцагчаас тэрхүү үндэслэлийн талаар дахин зайлшгүй тайлбар бичгээр гаргуулах шаардлагагүй. Хариуцагч энэ талаар гомдоогүй учир энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв” гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагын төрөл нь өөрчлөгдсөн хэдий боловч түүний үндэслэл нь хэвээрээ байгаа тохиолдолд хариуцагчаас дахин зайлшгүй тайлбар бичгээр гаргуулах шаардлагагүй” гэж шүүх, шүүгч өөрийн үзэмжээр ингэж үзэж болох мэтээр үндэслэлгүй, буруу тайлбар, дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэх, өөрчлөгдөх нь чухал биш үндэслэл нь хэвээрээ байвал тайлбар гаргуулах шаардлагагүй мэтээр буруу тайлбарлаж хэргийн оролцогчдын тайлбар гаргах эрх, талууд түүний талаар харилцан мэтгэлцэх боломж, шүүхээс явуулах ажиллагаа зэргийг үгүйсгэсэн үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийсэн.

Энэ нь нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Гуравдугаарт: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд татварын хяналт шалгалтын удирдамжийн дагуу шалгалт хийсэн эсэхийг тодруулж, дүгнэлт, тайлбар хийгээгүй.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасанчлан татварын улсын байцаагч нь “Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх үүрэгтэй”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглоно” гэж заасан байхад анхан шатны шүүхээс үүнийг тодруулж, дугнэлт хийгээгүй. Татварын улсын байцаагчид хяналт шалгалтыг явуулахдаа удирдамжийн дагуу явуулсан эсэхийг шалгаж тодруулах нь хууль ёсны дагуу шалгалт явуулсан эсэхэд дүгнэлт өгөх, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Үүнийг анхан шатны шүүх тодруулаагүй ба харин давж заалдах шатны шүүх хуралдаан дээр илтгэгч шүүгчээс хавтаст хэрэгт удирдамж байхгүй байгаа талаар хариуцагч талд анхааруулж хэлсэн атлаа энэ асуудлын талаар ямар нэг тайлбар, дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүигээр хийхийг хориглох бөгөөд удирдамж, томилолтгүйгээр хийсэн тохиолдолд уг татварын хяналт шалгалт нь хууль бус хяналт, шалгалт хийсэнд тооцогдоно.

Нөгөө талаар анхан шатны шүүх ЗХШХШтХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй ...” гэж заасан хуулийн заалтыг хэрэглэлгүй, Татварын улсын байцаагчид хяналт шалгалтыг явуулахдаа удирдамж, томилолтын дагуу явуулсан эсэхийг шалгаж тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээрт: Анхан шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй тухайд,

Хариуцагч тал болох татварын улсын байцаагч Ц.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа “... мөн акт дээр он андуурагдаж бичигдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 2009 оны акт дээрээ 2010 он гээд буулгасан байдаг” гэж актын зарим хэсгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс энэ асуудлыг тодруулаагүй орхигдуусан ба шүүхийн шийдвэртээ тайлбар, дүгнэлт хийгээгүй. Мөн “... Наран трейд ХХК-д ногдол ашиг шилжүүлсний ашгаас суутгаагүй гэж байна. Татварын байцаагч бид нар 2014 оны 01 дүгээр сар хүртэл хувь хүнд олгосон ногдол ашгаас албан татвар суутгахгүй” гэж тайлбарлаж байгаа атлаа татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан маргаан бүхий 0006853 дугаар актдаа “2012 онд “Наран трейд” ХХК-д 1,045.000.0 мянган төгрөгийн ногдол ашгийн орлого шилжүүлэхдээ татварыг суутган авч, төсөвт төлөөгүй, тайлагнаагүй ...” гэж акт тавьсан байхад шүүх энэ асуудлыг мөн тодруулахгүй орхигдуулсан бөгөөд шүүхийн шийдвэртээ ямар нэг тайлбар, дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх уг зөрчилд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнээгүй. Тухайлбал, актын “найдваргүй авлагын зардлыг татвар ногдох орлогоос хассан” тухай зөрчил, мөн үл хөдлөх хөрөнгө бууруулсан, борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зэрэг зөрчил бодитой эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн санхүүгийн тайлангаар тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд ЗХШХШтХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн заалтыг хэрэглэлгүй, нэг талыг хэт буруутгах зорилго агуулсан мэт ойлгогдохоор хэргийг шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд актаар тогтоосон уг зөрчил бодитой эсэхэд хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Тавдугаарт: Т.Номин-Эрдэнэ, Б.Даваагэрэл нарыг итгэмжлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тухайд,

“С в н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дуүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарт холбогдох захиргааны хэрэгт Т.Номин-Эрдэнэ, Б.Даваагэрэл нарыг хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг олгосон нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй байхад 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Т.Номин-Эрдэнэ анхан шатны шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулж өгөх тухай хүсэлт гаргаж, мөн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.Даваагэрэл анхан шатны шүүхэд шүүх хуралд дангаараа тайлбар хийх боломжгүй тул Ц.О, З.Б нартай хамт оролцох боломжийг олгож өгөх тухай хүсэлтүүдийг гаргасан ба шүүхээс хуулийн шаардлага хангасан итгэмжлэл байгаа эсэх, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бол өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг гаргаж өгсөн эсэхийг шалгаж тодруулалгүй оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Энэ нь ЗХШХШтХ-ийн 27 зүйлийн 27.2 “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн бапгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдипг төлөөлнө”, 27.3 “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө/-ийг тус тус ноцтой зөрчсөн.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0659 дүгээр шийдвэр, 221/МА2017/0781 дүгээр магадлал нь маргаан бүхий акттай холбоотой дээрх асуудлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, хууль буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн, маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй шийдвэрлэснээр шийдвэр. магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй тул ЗХШХШтХ-ийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хяан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нар “Супервижн” ХХК (2013 онд “Супервижн нэтворк” ХХК болж нэр өөрчлөгдсөн)-ийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актаар “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн ... нийт 305,654.6 мянган төгрөг”-ийн төлбөр тогтоосон, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн дээрх актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, “Супервижн нэтворк” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандаж, “...Татварын маргаан таслах зөвлөлийн ... 51 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлгүй, ... актын /зарим/ зөрчилд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр, “татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс “... маргаан бүхий акт нь ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан ... /утга агуулгын илэрхий алдаатай/, ... /түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй/, ... /хууль бус үйлдэл, эс үйлдэхүй биелүүлэхийг шаардсан/ ... шинжийг агуулсан” гэх үндэслэлээр “татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актад холбогдох маргаанд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхгүй, “… /уг/ хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан” гэх үндэслэлээр татварын улсын байцаагчийн маргаан бүхий акт илт хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “захиргааны акт илт хууль бус байх” шинжийг маргаан бүхий татварын улсын байцаагчийн акт агуулаагүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагын хүрээнд, татварын улсын байцаагчийн маргаан бүхий акт “илт хууль бус” байх шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн нь зөв, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...актын “найдваргүй авлагын зардлыг татвар ногдох орлогоос хассан” тухай зөрчил, мөн үл хөдлөх хөрөнгө бууруулсан, борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зэрэг зөрчил бодитой эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж дүгнэлт өгөлгүйгээр ... нэг талыг хэт буруутгах зорилго агуулсан мэт ойлгогдохоор хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Мөн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдыг мэтгэлцэх, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр бүрэн хангасан нь хэрэгт цугларсан баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон, хэргийн аль нэг оролцогчоос “тайлбар гаргах эрх зөрчигдсөн” талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, анхан шатны шүүхэд гомдол гаргаагүй байх тул “... анхан шатны шүүх ... /хариуцагчаас тайлбар гаргуулаагүй/ ... шүүх хуралдааныг шууд явуулж ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, хариуцагч татварын улсын байцаагч нар “Супервижн” ХХК–ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 оны 11 дүгээр сарын 05-наас 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн, “Супервижн” ХХК-иас татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актад холбогдуулж 2014 онд нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлд, 2015 онд Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд, түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргахдаа “удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн” гэх үндэслэлээр маргаж байгаагүй байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан “...татварын хяналт шалгалтын удирдамж хэрэгт авагдаагүй, ... шүүх удирдамжийн дагуу шалгалт хийсэн эсэхийг тодруулаагүй” гэх гомдлын үндэслэлийг хүлээж авахгүй, хариуцагч татварын улсын байцаагч Ц.О, З.Б нараас шүүхэд гаргасан “... төлөвлөгөөт хяналт шалгалтыг аж ахуйн нэгж тус бүрт биш, нэгдсэн нэг удирдамжийн дагуу хийдэг” гэх тайлбар  үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн, хариуцагч татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарт олгосон татварын хяналт шалгалт хийх 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн (25/13)5395 дугаар томилолт хэрэгт нотлох баримтаар авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч татварын улсын байцаагч З.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ... Б.Даваагэрэл, Т.Номин-Эрдэнэ нарыг  ... хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл...” томилсон итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “төлөөлөх эрх”-ийн талаар хариуцагч нар маргаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  Т.Номин-Эрдэнэ, Б.Даваагэрэл нар нь хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон нэхэмжлэгч “Супервижн нэтворк” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нарын хяналтын журмаар гаргасан “... хууль буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн, маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй шийдвэрлэснээр шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй тул ... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх”-ээр, 10 дугаар зүйлийн 10.2-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх”-аар тус тус зааснаас үзэхэд, нэхэмжлэгч “Супервижн нэтворк” ХХК-ийн гаргасан зөрчил, түүнд хариуцлага ногдуулсан шийдвэр нь уг хуулиар “өршөөлд хамааруулах”-аар заасан хугацаанд хамаарч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэх үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх уг хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгч “Супервижн нэтворк” ХХК-ийн 2009-2012 онд гаргасан зөрчилд,  татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актаар ногдуулсан хариуцлагаас чөлөөлөөгүй нь буруу байна.

Иймд, шүүхийн шийдвэр магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0659 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0781 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2-т “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3,  10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006853 дугаар актаар ногдуулсан 68,983.3 мянган төгрөгийн торгууль, 28,873.6 мянган төгрөгийн алданги, 200.2 мянган төгрөгийн хүүг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй” гэж нэмэн, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА