Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-06
Дугаар 508
Хэргийн индекс 118/2017/0013/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Д.Ц
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0637 дугаар магадлалтай, Б.М-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.М-г Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Завханмандал сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.М-ийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 119 хоногийн цалин 3326688 төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгажээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0637 дугаар магадлалаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4 дэх хэсэгт...” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалтай холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Б.М нь сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргасан байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч тал хэтрүүлээгүй байна, харин нэхэмжлэгч Б.М-д ногдуулсан сахилгын шийтгэлийг хүндэдсэн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг буруутгасан шийдвэр гаргасан байна. Эндээс дүгнэхэд хоёр шатны шүүх хоёр өөр үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, хариуцагчийг буруутгасан байх бөгөөд Б.М-г зөрчил гаргасан гэдгийг 2 шатны шүүх зөвшөөрсөн атлаа хэт нэг талын барьсан шийдвэр гаргаад байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс гаргасан хугацаа хэтрээгүй байна гэсэн дүгнэлтээр бол анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр бүхэлдээ хэрэгсэхгүй болох үндэслэл бүрдсэн гэх талтай байна. Харин давж заалдах шатны шүүхийн Б.М-д ногдуулсан сахилгын шийтгэлийг хүндэдсэн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг буруутгасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэлийг ногдуулна, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

Б.М-ийн гаргасан зөрчлийн шинж байдлын хувьд авч үзвэл:

1. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болохоор зөрчил байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болох прокурорын байгууллагын мэдэгдэх хуудсанд үүнийг тодорхой дурдсан нь зөрчлийн шинж байдал нь ямар байсныг тодорхой харуулж байна.

2. Нэхэмжлэгч Б.М-ийн эрхэлж байсан албан тушаал нь Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, түүний үйл ажиллагааг Завханмандал сумын хэмжээнд бүрэн төлөөлж, хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах нэн хариуцлагатай албан тушаал. Гэтэл хуурамч баримт материалыг хүлээн авч бүртгэсэн, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж халсан байхад үйлчлүүлсэн иргэдийн бүрдүүлсэн баримт бичигт би хяналт тавих, шалгах үүрэг байхгүй, зөвхөн хүлээн авч бүртгэх үүрэгтэй гэж маргасан. Энэ нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.3, 18.1.5-д зааснаар сэргээн засах болон өдрийн үйлчилгээ нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамаарахаар байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх журамд зааснаар Сумын нийгмийн ажилтан нь иргэдийн үйлчилгээнд хамрагдах тухай хүсэлтийг хүлээн авч хүсэлт гаргасан өрх, иргэний амьдралын нөхцөлийг судалж саналаа сумын Амьжиргаа дэмжих зөвлөлд хүргүүлэх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэнд хувийн хэрэг нээж, тухай бүр бичилт хийх, хяналт тавих үүрэгтэй байна гэж заасан. Гэтэл Б.М энэ үүргээ ч мэдээгүй маргаан үүсгээд явж байгааг анхан шатны шүүх дээр нотлогдсон.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Б.М нь ээлжийн амралттай байсан гэдгийг дурдсан байна. Б.М нь ээлжийн амралттай байсан хэдий ч Завханмандал суманд явуулсан “Б У” ХХК-ийн нийгмийн халамжийн үйлчилгээний явцад өөрөө биечлэн очиж нэг удаа шалгасан, ээлжийн амралтын хугацаагаа дуусгаад үйлчлүүлсэн иргэдийг бүртгэсэн байдаг. Ингэхдээ хуучин нэрээр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.С-ийн хууль бус шаардлага, өгсөн үүргийн дагуу бүртгэсэн байгаа нь маргаан бүхий Завхан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын үндэслэлийг хангаж байгаа юм.

4. Б.М нь “Б У” ХХК-тай холбоотой зөрчлөөс гадна Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын удирдамжаар батлагдсан хяналт шалгалтаар Завханмандал сумын хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг 4 өрхийн хувийн хэрэгт шалгалт хийхэд зөрчил илэрч, хариуцсан ажил үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэж байгаа тухай Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ө.Н-ийн гаргасан дүгнэлтэд нотлох баримт байгаа зэрэг зөрчлүүдээс үзэхэд шүүх хэт нэг талыг баримталсан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлдээ “Өөрөө нарийвчлан хяналгүйгээр WAIS программд шивэлт хийсэн, тухайн үед ажиллаж байсан хэлтсийн даргын шаардлагын дагуу оруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн ... төлбөрийг шилжүүлэхээс өмнө байгууллагын дотоод хяналт шалгалтаар илрүүлж зогсоосон” зэргийг дурдсан байна. Энэ бол төрийн албан хаагчид байж боломгүй ноцтой зөрчил байхад харгалзан үзэж хөнгөрүүлэх ёстой гэсэн ойлгомжгүй дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Б.М-ийн гаргасан зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалтай бүрэн тохирсон гэж үзэх үндэслэл болох ба Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ө.Н нь Завханмандал сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.М-д эхний удаа утсаар “Б У” компаниас үйлчилгээ авсан хүмүүсийн материалын бүрдэлттэй холбоотой зөрчил их байна, чи юу баримталж бүртгэсэн бэ гэж асууж, тэмдэглэл хөтөлсөн. Мөн дуудан ирүүлж зөрчлийн талаар танилцуулан холбогдох газруудад шалгуулж, арга хэмжээ авна гэж өөрөөс нь тайлбар гаргуулсан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн нотлох баримтийг анхан шатны шүүх нягтлан үзээгүй байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хариуцагч талын зүгээс давж заалдах гомдлоо сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, сонсох ажиллагаа хийгдээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүдийг үндэслэлгүй гэж үзэж гомдлын хүрээ тодорхойлсон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх сахилгын шийтгэл нь хүндэдсэн байна гэж давж заалдах гомдолд дурдагдаагүй асуудлаар хэргийг хянаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0637 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9, 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1, дотоод хяналт шинжилгээ үнэлгээний дүгнэлт, Ёс зүйн хорооны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль дүрмийг зөрчиж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Завханмандал сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.М-д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Сумын нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод зааснаар нийгмийн халамжийн мэргэжилтэн нь “Тухайн сумын нийгмийн халамжид хамрагдах өрх иргэний тоо болон хэрэгцээний судалгаа гаргаж, нөхцөл байдлыг үнэлэн, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд хамрагдах өрх иргэнийг оновчтой тодорхойлж шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, ХҮМ программд тухай бүр шивж үйлчлэх” үүрэгтэй байна.

Гэтэл Б.М нь дээрх үүргээ биелүүлэлгүй “Б У” ХХК-ийн хуурамч баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгалгүйгээр программд шивэлт хийсэн, уг үйлдлээ тухайн үед ажиллаж байсан хэлтсийн даргын шаардсаны дагуу оруулсан, Завханмандал сумын хүнсний эрхийн бичиг авдаг өрхийн хувийн хэргийн бүрдэлтийг буруу хийж зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;” нийтлэг үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 26.1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ногдуулах бөгөөд 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй тул хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь Б.М-ийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохируулан түүнийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй юм.

Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойшх 1 сарын хугацаанд зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг оруулахгүй бөгөөд Б.М-ийн гаргасан зөрчлийг илрүүлсэн хугацааг дотоод хяналтаар зөрчил гаргасан болохыг тогтоосон 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцох талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа Б.М-д ногдуулсан сахилгын шийтгэл нь тухайн зөрчлийн шинж байдалд тохироогүй, сахилгын шийтгэл нь хүндэдсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0637 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Завханмандал сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН