Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-06
Дугаар 509
Хэргийн индекс 128/2016/0313/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч "Ч" ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд "М т р" ХХК "Г б" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “М т р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0490 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0665 дугаар магадлалтай, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “М т р” ХХК-ийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0490 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, /2002 оны/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “М т р” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 497 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн гуравдагч этгээд “М т р” ХХК-ийн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0665 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 490 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А236 дугаар тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А321 дүгээр тушаалын “М т р” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн 3 га газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0665 дугаар магадлалыг үндэслэлгүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын хүрээнд: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1., Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Ч” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Зуун модны аманд байрлах 3 га газрыг зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагуй, төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар цуцалсан. Учир “Ч” ХХК нь газар ашиглах эрх үүссэн 2007 оноос хойш буюу нийт 8 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг сунгаж батлуулаагүй, газар ашиглах, үйл ажиллагаа явуулах эрх үүссэн хэдий ч газрын төлбөрийг хугацаанд нь буюу 2007, 2008, 2009, 2013, 2014 онуудад төлж байгаагүй юм. Түүнчлэн Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө зэргийг хийлгээгүй, Барилга барих эксиз зураг төслийг гаргуулж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй зэрэг компани зүгээс санаачлагатай итэвхтэй үйлдэл гаргаагүй юм.

Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ: /хуудас-10/ Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийнх шүүхэд ирүүлсэн “.. баримтуудыг судлаж үзэхэд “ЧХХК-иас манай яаманд хандаж байсан ... 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А236 дугаар тушаал гарах үед хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байсан байна” гэсэн тайлбараар нэхэмжлэгчийг буруутгаж буй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна.” гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд болон шүүх хурал дээр тийм тайлбар гаргаж өгөөгүй ба үүнийг ямар баримтаас иш авч бичсэн нь тодорхойгүй тул үндэслэлгүйгээр бичсэн гэж үзэж байна. Дээрх тайлбарыг үндэслэл болгон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна гэж дүгнэж байгаа нь нотлох баримтын хүрээнд биш зөвхөн хариуцагчийн тайлбараар дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ: /хуудас-12/ хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн Баянзүрх дүүргийн газрын албанаас төлбөрөө огт төлөөгүй гэсэн мэдэгдэл болон өөр бусад ямар нэгэн баримт гарч ирээгүй, олдоогүй болно, ... газрын төлбөр төлөөгүй гэсэн нь буруу мэдээллээр шийдсэн байна. Төлбөрийн мэдээлэл буруу гарсан байна" гэсэн тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж мөн нотлох баримтанд биш тайлбарт үндэслэж дүгнэлт хийсэн. Мөн хариуцагч миний бие тийм тайлбар шүүхэд гаргаагүй болно.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0665 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0490 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М т р” ХХК-ийн захирал Г.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй, тэдгээрийг үнэлээгүй, хэргийн талаар бүрэн ойлгоогүй атал хуулийн ямар ч зүйл заалтанд үндэслэлгүйгээр, дурдалгүйгээр нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол болон хууль бус бичиг баримтад үндэслэн хэт нэг талыг харж шийдвэрээ гаргасан нь хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Тухайлбал:

1.1. Газрын тухай хуульд газар ашиглах болон эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газрыг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг болохоос эзэмших, ашиглах эрх буюу зөвшөөрөл олгосон тухай шийдвэр биш болохыг тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2007 оны 10 сарын 25-ны өдөр хууль тогтоомжийн хүрээнд, сайдын 311 тоот тушаалаар 1 га газрыг ашиглах эрх авсан атал уг тушаал гарсанаас хойш 13 хоногийн дараагаар нэгж талбарын гурван өөр газарт тус бүр нэг 1 га газар буюу нийт 3 га газрын хэмжээгээр 1 /нэг/ “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г хууль бусаар гаргуулан авсан, мөн 2013 оны 09 сарын 16-ны өдөр дээр дурдсан хууль бус гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын гурван өөр газар дахь нийт 3 га газрыг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр нэгж талбар буюу газруудын байршлыг өөрчлөн маргаан бүхий газарт буюу одоогийн “М т р” ХХК-ийн ашиглаж байгаа газарт шилжүүлж, мөн гэрчилгээний хугацааг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр 5 жилийн хугацаагаар сунгасан бичилтийг хууль бусаар хийлгэсний улмаас энэхүү маргаан гарах үндэслэл болсон. Энэ байдал нь анхан шатны шүүхээс бүрдүүлсэн болон хэргийн оролцогч нараас гарган өгсөн ноглох баримт, бичгэн тайлбар, бие даасан шаардлагаар хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх дээрх хууль, эрх зүйн үндэслэлгүй үйл баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж, магадлалдаа “Талууд энэ талаар маргаагүй байна” гэх ор үндэслэлгүй тайлбар хийсэн.

1.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалдаа “ ... 2013 оны 09 сарын 16-ны өдөр гэрчилгээгээр олгогдсон солбилцолд өөрчлөлт оруулж, давхцлыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл сунгасан болох нь нотлогдож байна.” гэж дүгнэсэн авч Монгол Улсад хэрэгжиж буй Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутгийн нэгж талбарын байршил, солбилцолд өөрчлөлт оруулж засах тухай заалт, зохицуулалт байдаггүй бөгөөд гагцхүү Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага нь тус бүсэд газар ашиглуулах тухай шийдвэрийг буюу тушаал гаргадаг. Мөн шүүх дээрх байдлыг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд дотроос “Ч” ХХК-ийн гэрчилгээгээ сунгуулахаар яаманд хандсан 2012 оны 12 сарын 02-ны өдрийн 15 тоот албан бичиг, 2013 оны 05 сарын 11-ний өдрийн 56-13 тоот албан бичгүүдэд үндэслэн “... нотлогдож байна.” гэж дүгнэсэн болохоо магадлалдаа дурджээ.

1.3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж заасан байхад “Ч” ХХК нь 497 тоот газар ашиглах эрхийн 1 /нэг/ гэрчилгээн дээр гурван өөр нэгж талбарыг хууль бусаар бичүүлсэн нь хуулийн тус заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд тус компаниас өөр ийм газар ашиглах эрхийн гэрчилгээтэй компани байхгүй юм.

1.4. “Ч” ХХК нь 2010 онд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт буюу “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд аишглаагүй” гэх үндэслэлээр яамны сандын А-160 тоот тушаалаар газар ашиглах эрхээ цуцлуулж мөн ондоо дахин сэргээсэн тухай баримт хавтаст хэрэгт байдаг. Ийнхүү дахин сэргээлгсэнээс хойш A236 тоот тушаалаар 2015 оны 06 сарын 16-ны өдөр газар ашиглах эрхээ цуцлуулах хүртэлх хугацаанд ч мөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй нь тус газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, “У ц т с” ТӨХК-ийн ирүүлсэн албан тоот, Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 140 тоот албан тоот зэргээр нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг дээр дурдсан 497 тоот гэрчилгээний хавсралт дахь хууль бусаар хугацаа сунгасан бичилтэнд үндэслэн гэрчилгээг сунгуулснаас хойш буюу 2013 оны 09 сарын 16-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан гэж дүгнэн сайдын 236 тоот тушаалын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэхийн сацуу нэхэмжлэгч тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэхэд дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

1.5. “Ч” ХХК анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо газрын төлбөрийг төлөөгүй тухай шалтгаанаа “Газар ашиглах гэрээ”-г хамгаалалтын захиргаатай үргэлжлүүлэн байгуулаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 8 дугаар зүйлийн 8,1.1, 187 дугаар зүйлийн 187.7-д заасан нөхцөл байдал үүсээгүй буюу иргэний эрх зүйн харилцаа, гэрээний үүрэг үүсээгүй, мөн тусгай хамгаалалтын захиргаа нь хуулийн дагуу ашиглах газрын хэмжээ зааг, байршлыг тогтоож актаар хүлээлгэн өгөөгүй тул төлбөр төлөх үүрэг үүсээгүй байсан гэж тайлбарладаг. Давж заалдах шатны шүүх магадлалдаа нэхэмжлэгчийн дээрх тайлбар, гомдол нь нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурдаад Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын тухай хуулъд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмишж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, баигууллага,... газрын төлбөр төлөгч байна”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зуйлийг тусгана”, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтаар “Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж тус тус зааснаас үзэхэд гэрээ байгуулсан үеэс эхлэн газрыг ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөр төлөгч болох тул нэхэмжлэгч “Ч” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэж байна.

1.6. Мөн хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн газрын албаны 2017 оны 10/373 тоот албан бичиг болон Улаанбаатар хотын банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаас “Ч” ХХК-ийн газрын төлбөр төлсөн хэсгийг үнэлсэн атал 2005, 2006, 2007, 2008, 2009, 2013, 2014 онуудад газрын төлбөр төлж байгаагүй тухай хэсгийг үнэлээгүй нь нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Түүнчлэн, “Ч” ХХК нь 2008 оны 3 сард газар ашиглах гэрээг байгуулсан үеэс 2015 оны 6 сарын А/236 тушаалаар газар ашиглах эрх цуцлагдах хүртэл нийт 29 улирлын хугацаанд нийт 51.420.000 төгрөгийг газрын төлбөрт төлөх ёстойгоос 32.350.000 төгрөгийг төлж 25.070.000 төгрөгийг төлөөгүй болох нь хавтаст хэргийн 28-35 дугаар хуудаст авагдсан Баянзүрх дүүргийн газрын албаны 2017 оны 10/373 тоот албан бичиг болон Улаанбаатар хотын банкны дансны хуулга зэргээр нотлогдож байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу “Ч” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуцлах үндэслэл болсон.

2. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь гуравдагч этгээд болох “Г б” ХХК-тай “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” байгуулан зээл авч зээлийн барьцаанд маргаан бүхий газрыг барьцаалсан, одоогийн байдлаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч гурван шатны шүүхийн шийдвэр гарсан болохыг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа тодорхой дурдсан. Газрын тухай хуульд газар эзэмшигч болон ашиглагчийн эрх, үүргийг ялгавартайгаар зааж өгсөн бөгөөд хуулийн 45 дугаар зүйл газар ашиглагчийн эрх, үүргийг зааж өгөхдөө, газар эзэмшигчийн газар эзэмших эрхээ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхийг тусгайлан хасаж зааж өгсөн буюу газар ашиглагч нь газраа бусдад барьцаалах эрхгүй байна. Гуравдагч этгээд “Г б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “Ч” ХХК-ийн хувьцааг барьцаалсан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчээс нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн 2012 оны 10 сарын 02-ны өдрийн БГ/8125000777-Б тоот “Барьцааны гэрээ”-ний 2.9, 2.10, 2.11 дэх заалтуудад маргаан бүхий газрыг, 497 тоот гэрчилгээг барьцаалсан барьцааны нөхцлүүдийг тодорхой зааснаас үзэхэд Иргэний хуульд заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тодорхой байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “Ч” ХХК-ийн Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн энэхүү хууль бус үйлдлийн талаар хянаж үзсэнгүй.

3. “Ч” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан А/236 тоот тушаалыг үндэслэсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 сарын 05-ны өдрийн А/321 тоот тушаалын “М т р” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. “М т р” ХХК-д газар ашиглах эрх олгосон А/321 тоот тушаапын үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт байсан болохоос сайдын А/236 тоот тушаалд үндэслээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх А/321 тоот тушаапыг илт хууль бус эсэхийг нь хууль, эрх зүйн онолын хүрээнд нарийн тогтоолгүй нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэлээр хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдсэн байдал, баримталсан хуулийн зүйл заалт, магадлалаа бичсэн байдлаас үзэхэд бүрэн ойлгоогүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь тодорхой харагдаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч нарын талаар магадлалдаа “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, “Г б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, ...” гэснээс үзэхэд давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох “М т р” ХХК оролцож, эрх ашгаа хамгаалж татгалзал, тайлбараа огт гаргаагүй мэт, бие даасан шаардлага гаргаагүй мэтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь харагдаж байна.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлалаас үзэхэд анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангаж буюу Газрын тухай хуулийн дээрх зүйл заалтыг баримтлан нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг нягтлан үзэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 497 дугаар гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай Зуун модны ам нэртэй газарт 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон бөгөөд газрын давхцлыг арилгуулж, гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасны дагуу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр газрын давхцлыг арилгаж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгаснаар газар ашиглах эрхтэй болжээ.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, газар ашиглах тухай гэрээг цуцалсан нь холбогдох хуулийн заалттай нийцээгүй байна.

Тухайлбал, хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Ч” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сунгасан атлаа 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан хугацаанаас 3 сарын өмнө нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон “Ч” ХХК-ийн хооронд 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2/24 дүгээр гэрээний хугацаа 2013 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дууссан бөгөөд дахин гэрээ байгуулагдаагүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд ... дараахь зүйлийг тусгана:”, мөн хэсгийн  2/-т “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;” гэж заасан, нэхэмжлэгч “Ч” ХХК нь газар ашиглах гэрээ дахин байгуулагдаагүй ч газар ашигласны төлбөрт нийт 35,320,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хариуцагчаас “Ч” ХХК нь хэдий хугацааны төлбөрийг төлсөн эсэхийг нягтлан шалгалгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх тул тус компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж буруутгах боломжгүй байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудтай нийцээгүй, нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн газар ашиглах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон учир нэхэмжлэгчийн ашиглаж байсан газрыг ашиглах эрхийг “М т р” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А231 дүгээр тушаал хууль бус юм.

Давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын баримталсан хуулийн зохицуулалтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул гуравдагч этгээд “М т р” ХХК-ийн төлөөлөгчийн “... нэгж талбарын гурван өөр газарт тус бүр нэг 1 га газар буюу нийт 3 га газрын хэмжээгээр 1 “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г хууль бусаар гаргуулан авсан, ... 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дээрх хууль бус гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын гурван өөр газар дахь нийт 3 га газрыг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр нэгж талбар буюу газруудын байршлыг өөрчлөн маргаан бүхий газарт ... шилжүүлж, гэрчилгээний хугацааг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр 5 жилийн хугацаагаар сунгасан бичилтийг хууль бусаар хийлгэсэн...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх нотлох баримтад биш тайлбарт үндэслэж дүгнэлт хийсэн” гэсэн гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “М т р” ХХК-ийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0665 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “М т р” ХХК-ийн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “М т р” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН