Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-13
Дугаар 522
Хэргийн индекс 128/2017/0516/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч “Ш м э” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тусгай зөвшөөрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“Ш м э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0707 дугаар магадлалтай, “Ш м э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 813 дугаар шийдвэрийн “Ш м э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ш м э” ХХК-ийн 11799 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгажээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0707 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч байгууллагын гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэж, үлдэж буй анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0707 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан журмын дагуу энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэг. Магадлалын хянавал хэсэгт: ... 6 дугаар хуудсанд түүнээс гадна нэхэмжлэгч манай талбай хуулиар хориглосон талбайд хамрагдсан учир цуцалсныг мэдээгүй 2016 онд хуульд өөрчлөлт орж уг тусгай зөвшөөрлүүдийг сэргээх болсон учраас бусдын адил сэргээлгэх хүсэлтэй гэх боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай хамрагдсан гэх үндэслэлээр төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зогсоохыг шаардсан эсэх, улмаар нөхөх олговор авах талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаж бусдын адил хандаж байсан эсэх талаар баримтгүй байна... гэж, мөн улмаар 7 дугаар хуудсанд ... Дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд орсон өөрчлөлтөөр зөвхөн уг талбайд хамаарч байгаа тусгай зөвшөөрөлтэй этгээд 3-н сарын дотор өргөдөл гаргах эрхтэй талаар заасан байхад...гэж дүгнэсэн байдаг.

Дээрх дүгнэлт нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх  эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай xyулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэсэн заалттай нийцээгүй байна. Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тохиолдлыг ойлгохоор хууль тогтоогч баталсан гэж үзнэ. Гэтэл 7 жилийн өмнө буюу 2010 онд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан этгээдэд хамаарахгүй гэж хариуцагч байгууллага үзэж байна.

Мөн ... дан ганц нэхэмжлэгч талын байр суурийг баримталж хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хянаагүй болно. Учир нь магадлалын 6 дугаар хуудсанд ... 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн оношилгооны бичиг нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбарыг гэрчлэхдээ нотариатч “итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчлэв” гэсэн тамга дарсан, мөн Н.Б нь 2016 онд гүйцэтгэх захирлын үүргээ шилжүүлэх хүртлээ тасралтгүй өвчтэй байсан баримтгүй, компани 6 жилийн хугацаанд огт үйл ажиллагаа явуулах боломжгүй байсныг нотлох талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх... дүгнэжээ.

Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд аливаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр давтамжтай байдлаар захиргааны байгууллагад тайлан, төлөвлөгөө мэдээ гаргах, төлбөр хураамж төлөхийг зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийг цуцлуулахаас өмнө захиргааны байгууллагад мэдээ тайлан гаргаж хянуулж үүргээ биелүүлж байсан бөгөөд энэхүү харилцааны дагуу харилцаж байсан.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь холбогдох хууль тогтоомж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлээгүй гэж хариуцагч байгууллага үзэж байна. Иймд магадлалын анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 813 дугаар шийдвэрээр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн цуцалсны дотор нэхэмжлэгч “Ш м э” ХХК-ийн 11799Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хамрагджээ.

Нэхэмжлэгчээс компанийн захирал Н.Б-ын биеийн байдал хүнд байсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй, 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж хэрэгжихээр болсон тул энэхүү хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэж бодож байсан хэмээн маргажээ.

Гэтэл хэрэгт авагдсан 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн оношилгооны бичиг нотлох баримтын шаардлага хангаагүй, “Ш м э” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Б нь 2016 онд гүйцэтгэх захирлын үүргээ шилжүүлэх хүртэл тасралтгүй өвчтэй байсан, өвчний улмаас 2010-2016 оныг хүртэлх хугацаанд компани үйл ажиллагаа явуулах боломжгүй талаарх баримт байхгүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гарсан талаар мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж тус тус заажээ.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ш м э” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд ... алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх ...”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх ...” 56.4-т “Төрийн захиргааны байгууллага ... тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргаж байх хэдий ч хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь зохицуулалтууд нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн, Ашигт малтмалын газрын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-4527, мөн оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6-5572 дугаар албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар болон цуцалсан болохыг тус тус мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Ш м э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагт орсон болохыг тогтоосон, нэхэмжлэгчээс нөхөх олговор авах талаар хүсэлт гаргаж байсан, мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл ... гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана...” гэж зааснаар нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, шийдвэрлүүлсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх нотлох баримтыг цуглуулснаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл сэргэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ш м э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0707 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш м э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 813 дугаар шийдвэрийн “Ш м э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Ш м э” ХХК-ийн 11799 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН