Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-13
Дугаар 523
Хэргийн индекс 128/2017/0310/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч А.О
Хариуцагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

А.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0558 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0714 дүгээр магадлалтай, А.О-ын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0558 дугаар шийдвэрээр Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О-ын гаргасан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Урсгал зардлын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны болон цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0714 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэр, магадлалын Үндэслэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж дүгнэснийг үгүйсгэж буй гомдлын үндэслэл:

2010-2012 онд А.О нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний газрын /хуучнаар/ мөнгөн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн зөрчил гаргаж үүнийг 2016 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч Өршөөлийн хуульд зааснаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэдэгтэй нэхэмжпэгч маргадаггүй. Уг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэсэн заалтад хамаарахгүй байхад шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын бүрэн эрхэд өршөөл үзүүлэх шийдвэр гаргахыг хуульчилж, уг бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хууль гарч, үүний дагуу Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Түүнээс биш Монгол Улсын нэрийн өмнөөс шүүхээр гэм буруутай нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон зүйл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.2.1-д “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.”, 36.8 дугаар зүйлийн 36.8.5-д “Шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэсэн заалтууд гарын үсэг зурах зөвлөлдөх зэргээр хуульчлагдсан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор гэм бурууг нотолсон боловч шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын хуулийн шаардлага хангахгүй бөгөөд зөвхөн тухайн хэргийг өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох буюу хааж байгаа эрх бүхий байгууллага албан тушаатны шийдвэр болно.

Гэтэл Үндсэн хууль болон бусад материаллаг хуульд шүүхийн хүчин төгөлдөр /хуучнаар таслан шийдвэрлэх тогтоол/ шийтгэх тогтоол гарсан гэж маргаан бүхий актыг зөвтгөн тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруутай холбоотойгоор хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан бөгөөд тодорхой цаг хугацаанд хэрэгждэг нэг удаагийн үйлчлэлтэй Өршөөлийн тухай хуулийн дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх шийдвэрлэж гаргадаг одоо хэрэгжиж байгаа хуульд зааснаар шийтгэх тогтоол, /хуучнаар таслан шийдвэрлэх тогтоол/ гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалт нь Гэм буруу нь нотлогдсон байхаас гадна шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон байхыг шаардсан байна. Шүүхийн таслан шийтгэх тогтоол гэдгийг прокурорын тогтоол юм гэж тайлбарлах боломжгүй бөгөөд гэм буруутай холбоотой хууль хэрэглэх, тайлбарлахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан байхад прокурорын тогтоолын хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол мөн гэж хууль зөрчин тайлбарлах эрх хэмжээ шүүгчид хуулиар олгогдоогүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Анхан шатны шүүх хурал дээр шүүгч нь хариуцагч байгууллага, албан тушаалтны ашиг сонирхлыг илт хамгаалж “өршөөлд орсон юм байна, хохирлоо төлсөн үү, төлөх юм уу, хэзээ төлөх юм бэ, яагаад өршөөлд орчихоод хохирлоо төлөхгүй байгаа юм бэ, хохирлоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм биш үү, прокурорын тогтоолд заасан шалгагдсан асуудал ноцтой байна” гэсэн асуулт, тайлбарыг шүүх хурлын явцад хэлж байсан бөгөөд нэхэмжпэгч сахилгын зөрчлийг гаргасан, гаргаагүй гэж маргахгүй байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хуулиар тусгайлан олгогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч мэт эрх бүхий субьектын шийдвэрлэсэн асуудлыг үнэлж дүгнэж, илт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 8 дугаар зүйлийн 8.1-д “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжпэл гаргах эрхтэй.”, 10 дугаар зүйлийн 10.8-д “Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй” гэж хуульчилжээ.

Прокурорын тогтоолд заасан зөрчил ноцтой байна уу, үгүй юу, хохирлоо төлсөн, төлөөгүй нь захиргааны хэргийн харъяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд хуулиар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч хохирлын талаар маргах эрхийг нь хязгаарлаагүй, хохирогч иргэн, аж ахуйн нэгж байгууллага иргэний журмаар нэхэмжлэл гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэх хуулийн заалттай байхад гэм буруу ноцтой хохирлоо яагаад төлөөгүй зэргээр шүүгч эрх хэмжээнийхээ хувьд асуулт тавьж байсан нь маргаан бүхий захиргааны акт, А.О-ын нэхэмжпэлийн шаардлагаас хальж эрүүгийн хэрэг, эсхүл хохирол төлбөртэй холбоотой иргэний хэрэг шийдэх гэж байгаа мэт хандлагыг гаргаж байсан.

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт заасан “Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй” гэж дүгнэснийг үгүйсгэж буй гомдлын үндэслэл:

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгч  А.О-ын төрийн алба хаах, хуулиар олгогдсон чиг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, цалин хөлс авах хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно. Учир нь дээрх тушаал нь хууль зөрчиж гарч байгаа тул уг хууль зөрчсөн тушаалын хэрэгжилтээс шууд шалтгаантай холбоотойгоор төрийн алба хаах, хөдөлмөрлөх эрх, хуулиас гадуур хязгаарлалт тогтоолгож, хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэж байгаа нь ашиг сонирхлыг нь хөндөж байгаа болно.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж хуульчилсан ба дээрх хугацаа өнгөрсөн байхад төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн тушаалыг зөвтгөн нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдсөн нь тогтоогдсонгүй гэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуульд үл нийцэж байна.

3. Шүүхийн шийдвэрүүдийн Үндэслэх хэсэгт заасан “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халах үндэслэл болсон байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацаа хэрэглэгдэхгүй” гэж дүгнэснийг үгүйсгэж буй гомдлын үндэслэл:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “А.О-ын хувьд мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчин гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон. Иймээс албан үүргээ гүйцэтгэх явцад үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу төрийн албанаас халах нөхцөлд нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.” гэжээ.

А.О-ыг ажлаас халах шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг үндэслэл болгоогүй, 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг үндэслэн А.О-ыг ажпаас халсан байхад 2 шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу ажлаас халсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалт, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу төрийн албанаас халах нөхцөлд хамаарахгүй гэсэн заалт Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд байхгүй.

Төрийн албаны тухай хуульд байхгүй, харин ч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хуульчилсаар байтал А.О-ын хувьд мэргэжпийн болон ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж байгаа шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй, шүүгчийн үзэмжээр ялгаварлан гадуурхагдаж А.О-ын хувьд гэж түүнд чиглэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй.

А.О байна уу өөр хэн ч байна уу Төрийн албаны тухай хууль эрх тэгш хэрэгжих ёстой бөгөөд гагцхүү А.О-ынх ноцтой учир болохгүй, бусад төрийн албан хаагчийн зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж байгаа мэт ойлгогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн” гэсэн ойлголтод илрүүлснээс хойшх 1 cap гэсэн хугацаа нь зөрчил гарснаас хойш 6 cap доторх хугацаанд хамрагдахыг Төрийн алба болон төрийн албанаас бусад хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын маргаанд шүүх хууль хэрэглээний практик болон тогтсон ойлголт болно.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 15.1.7-д заасан “Албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэсэн зөрчлийг А.О хэзээ гаргав, энэ зөрчил хэзээ илрэв, илрүүлснээс хойш 1 cap гэсэн хугацаа нь сахилгын зөрчил гарснаас хойшх 6 cap дотор байна уу, эсхүл 6 сараас гадна уу гэдэгт шүүх бодит дүгнэлт хийсэнгүй. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байхад анхан шатны шүүх “эрүүгийн хэрэгт шалгагдаж өөрөө гэм буруугаа хүлээсэн байна. Зөрчлийн хэр хэмжээ, шинж чанар нь ноцтой байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

А.О нь сахилгын зөрчлийн талаар маргадаггүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байхад уг хугацаа буюу зөрчил гарснаасаа хойш 6 cap, илрүүлснээс хойш 1 cap өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэж нэхэмжпэл гаргасан болно. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд яагаад зөрчил гарснаас хойш 6 cap, тодотгож илрүүлснээс хойш 1 cap гэж тусгайлан хуульчилж өгснийг шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж байхад хариуцагчийн төлөөлөгч Н.Б нь тайлбар хэлэхдээ “би эрүүгийн хэрэгт хохирогчийн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсны маргааш нь намайг дуудаж танилцуулсан гэсэн тайлбар өгсөн бөгөөд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн мэдэгдэл 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарч, 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын 179 дүгээр тогтоол гарч Эрчим хүчний яам уг шийдвэр мэдэгдлийг мэдсэнээс хойш 2 cap 26 хоногийн дараа ажлаас халах шийтгэл ногдуулсан байгаа нь илрүүлснээс хойш 1 cap өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн болохыг харуулж байна. Шүүх нэг хуулийн заалтыг маргаан бүр дээр өөрөөр шийдвэрлэж зөрчил нь ноцтой байна гэж хуулийн заалтыг буруу тайлбарлаж байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулж байна.

Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан эсэх, зөрчил нь бодитой эсэх, зөрчил нь тогтоогдсон эсэх, хариуцлага хүлээх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх зэрэг байдалд шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүй, харин ч хариуцагч байгууллага албан тушаалтны ашиг сонирхлыг илт хамгаалж өршөөлд орсон юм байна. Хохирлоо төлөх үү, яагаад өршөөлд орчихоод хохирлоо төлөхгүй байгаа юм бэ. Хохирлоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм биш үү зэргээр прокурорын тогтоолд заасан шалгагдсан асуудал ноцтой байна гэсэн асуулт, тайлбарыг шүүх хурлын явцад хэлж байсан бөгөөд нэхэмжлэгч сахилгын зөрчлийг гаргасан гаргаагүй гэж маргахгүй байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хуулиар тусгайлан олгогдсон байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх бүхий субьектын шийдвэрлэсэн асуудлыг үнэлж дүгнэж, илт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Шүүгч гэм буруугийн асуудал, өршөөлийн хуульд хамрагдуулж шийдвэрлэсэн прокурорын тогтоол зэрэгт үнэлэлт дүгнэлт хийснээс биш төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт хийгээгүйд тус тус гомдолтой байна.

Нэхэмжпэгч А.О-т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалт яагаад хамрагдахгүй байгааг 2 шатны шүүхээс бодитой тайлбарласангүй.

Иймд А.О нь 2012 оны 9 дүгээр сараас ажлын чиг үүрэг нь өөрчлөгдөж Эрчим хүчний яамны урсгал засвар хариуцсан мэргэжилтэн болсон байхад түүний өмнөх ажил буюу 2010-2012 оны 7 дугаар cap хүртэлх Эрчим хүчний газрын нягтлан бодогчийн ажил үүрэгтэй холбоотой асуудлаар 5 жилийн дараа /Прокурорын тогтоолыг хүлээн авч 2 сарын дараа/ Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалаар сахилгын хариуцлага ногдуулсан нь хууль зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиудын холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоол, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн прокурорын тогтоолоор үйлдсэн хэрэг нь тогтоогдож, Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болгогдсон гэсэн үндэслэлээр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн А.О-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч А.О нь хуучнаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харъяа Эрчим хүчний газрын мөнгөн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2010-2012 онд бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрлийн орлогыг байгууллагын данс бүртгэлд авалгүй, удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, улмаар “... хэргийг Өршөөлийн хуульд хамруулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн А.О нарт холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Энэ хуулийн 7.1-д заасан гэмт хэргийн тухайд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурорын тогтоолоор ... хэрэгсэхгүй болгоно”, 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан бөгөөд хуулийн агуулгаас үзэхэд зөвхөн шүүхийн шийтгэх тогтоол гарч хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох бус, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд сэжигтэн, яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож болохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэсэн заалтад хамаарахгүй байхад шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх гомдол үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болох А.О нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргийг хүлээсэн атлаа мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул нэхэмжлэгчийг төрийн албанаас халж, түүнийг цаашид төрийн албанд үргэлжлүүлэн ажиллахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй талаарх шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0558 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0714 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Х.БАТСҮРЭН