Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-13
Дугаар 524
Хэргийн индекс 122/2017/0002/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч “Т Г” ХК
Хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд “Э Т” ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Т Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0615 дугаар магадлалтай, “Т Г” ХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35.1.1, 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Г” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 94 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э Т” ХХК-ийн “Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, “2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Аж ахуйн байгууллагын газар эзэмших гэрээ байгуулснаар эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0615 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч “Т Г” ХК-ийн захирал С.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Манай компани ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд энэ газар дээрээ 35 га газарт нь 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл манай эзэмшлийн 91 га газрын 56 га газартай нь давхацуулан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газраас 2003 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хайгуулийн тусгай зөвшөөрөл, энэ зөвшөөрөлөө шууд залгамжлуулан 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр 14209А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин сонгон шалгаруулалтын бус аргаар “Э Т” ХХК-д олгосон байдаг. Захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо бусдын эзэмшлийн газартай давхцаж байна уу, үгүй юу гэдгийг урьдчилан тогтоож, эрх зүйн ямар нэгэн маргаан, зөрчил үүсгэлгүй шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл хариуцагч зөвхөн Ашигт малтмалын хуулийн хүрээнд, Ашигт малтмалын газарт байгаа кадастрын бүртгэл мэдээллийн хүрээнд шийдвэрээ гаргадаг тул уул тусгай зөвшөөрлөөр газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нь цөөнгүй. Зүй нь төрийн байгууллага учир Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй нийт хуулийн хэм хэмжээнд нийцэж ажиллах ёстой. Ялангуяа гаргаж байгаа шийдвэр нь тодорхой газартай шууд холбоотой тул шийдвэрээ Газрын хууль тогтоомжид нийцүүлэн, газрын бүх сангийн кадастрыг бүртгэсэн мэдээллийн хүрээнд давхцал, зөрчилгүй гаргах шаардлагатай.

Гэтэл манай эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан тусгай зөвшөөрөл олгосон, үүний дагуу манайд 91 га газрын эрх олгосон Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 77 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2008 оны 94 дүгээр захирамж гарсан бөгөөд бид энэ хууль зөрчсөн үйлдлүүдийн эсрэг тус тусад нь харьяаллын дагуу нийслэлд болон Сүхбаатар аймагт захиргааны хэргийн шүүхэд нэхэмжпэл гаргаад байна. Энэхүү хяналтын журмаар гаргаж байгаа гомдол нь дээр дурдсан 94 тоот захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбоотой юм.

Магадлалын үндэслэл буюу “хянавал” хэсэг нь хоёр зүйлээс бүрдэх боловч тогтоох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасныг удирдлага болгосон буюу давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, тэр алдаа нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж” үзсэн. Хянавал хэсгийн “нэг”-д “нэхэмжлэгчээс 2008 онд гарсан захиргааны актыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бусд тооцуулах шаардлага гаргасантай холбогдуулж энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй” гэж анхан шатны шүүхийг буруутгасан. Тодруулбал, хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэснээ шийдвэртээ тусгаагүй, энэ алдаа нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзсэн. Гэвч шүүхийн шийдвэрийн 6-7 дугаар хуудаст бүтэн 5 параграф хууль хэрэглээний талаар бичсэн байна.

Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын гол хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан хэм хэмжээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар сумын Засаг дарга 2008 онд 94 тоот захирамж гаргахдаа 2002 оны Газрын хуулиа зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх Газрын хуулийг орхиж зөвхөн Захиргааны ерөнхий хуулийг онцлон үзэж, энэхүү асуудлыг нэг талаас нь авч үзсэн өрөөсгөл хандлагаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Хууль зөрчиж гаргасан, ялангуяа бусдын эрхийг хориглосон, хязгаарласан захиргааны акт энэ хэргийн хувьд газрын хууль тогтоомжид заасан үндэслэлгүйгээр Талын галын газар эзэмшиж ашиглаж эрхийг хүчингүй болгосон захирамж нь анхнаасаа эрх зүйн үр дагаваргүй, хүчин төгөлдөр бус байх учиртай. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хууль дээдлэх, хүн эрх, эрх чөлөөг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх төрийн чиг үүрэг зэрэг манай нийгмийн суурь үнэт зүйлтэй салшгүй холбоотой. Маргаж байгаа захиргааны акттай адил төрлийн актууд анхнаасаа хүчин төгөлдөр бус байх, эрх зүйн үр дагаваргүй гэдгийг 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1.7, түүнийг залгамжлан үйлчилж буй 2015 оны Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д тус тус тогтоон заасан байдаг. Иймд энэ тохиолдолд буюу Сүхбаатар сумын Засаг дарга 2008 онд 94 тоот захирамжийн хувьд 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ч тэр, 2015 оны Захиргааны ерөнхий хуулиар ч тэр илт хууль бус захиргааны акт. Нэхэмжлэгчийн хувьд хүчин төгөлдөр хуулиа үндэслэн нэхэмжлэл гаргасан нь буруу биш гэж үзэж бөгөөд талууд хууль хэрэглээний асуудал дээр маргаагүй тул шүүх Газрын хуулийн Газрын тухай хууль 45 дүгээр зүйлийн 45.1, 35.1.1, 40.1-д заасан хэм хэмжээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хэм хэмжээтэй хамт хэрэглэсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Учир нь одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хууль буцаан хэрэглэх асуудал тодорхой зохицуулагдаагүй тул бодит шаардлагагүй, талууд энэ асуудлаар хүсэлт шаардлага тавиагүй, маргаан гараагүй нөхцөлд уул асуудлыг хүчин төгөлдөр хуулиар шийдвэрлэх нь хууль дээдлэх зарчим, хүчин төгөлдөр хууль дагаж мөрдөх, хэрэглэх зарчим болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн үзэл санаад нийцнэ гэж үзэж байна. Нөгөө талаас энэ тохиолдолд 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн ч шүүхийн шийдвэр өөрчлөгдөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь эрх зүйн ач холбогдол, үр дагаваргүй алхам болсон.

Мөн хянвал хэсгийн “нэг”-д “үүнээс гадна анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд сумын Засаг дарга тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмших, ашиглах эрхийг бусдад олгох боломжтой эсэхэд, мөн маргааны үйл баримттай холбогдуулж нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газрын хэмжээ, нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа гэх 56 га газрын байршил нь гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий болон хэсэгчлэн буцаан өгсөн талбайд хамрагдаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх зэргээр тодруулах шаардлагатай” гэж бичжээ. Шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн агуулга нь Талын галын эзэмшиж, ашиглаж байгаа газар дээр тусгай зөвшөөрөл давхардуулж олгосон, уг тусгай зөвшөөрлийн дагуу Талын галын эрх цуцлагдаж хүчингүй болсон байхад эсрэгээр нь тодруул гэсэн нь юу гэсэн үг вэ. Шийдвэрлэх гэж маргаанаа логикийн хувьд буруу талаас авч үзэж, болсон үйл явдлыг эхнээс нь биш сүүлчээс нь тогтоож дүгнэлт гарга гэсэн үг үү. Арай ч ийм аргаар асуудалд ханддаггүй байх гэж бодож байна.

Нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байсан 91 га газар, түүний дотор, тусгай зөвшөөрөл бүхий 35 га газар, маргаж байгаа 56 га газар нь гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, түүний дагуу олгогдсон газар, хэсэгчлэн буцаан өгсөн талбайтай хэрхэн давхцаж байгаа хийгээд үл давхцаж байгаа эсэхийг тогтоохоор шүүгч аймгийн газрын албанд хандан Сүхбаатар аймгийн газрын албаны мэргэжилтэнээр хяналтын хэмжилт газар дээр нь хийлгүүлж, кадастрын зураг үйлдүүлсэн байдаг. Энэ зураг бодитой зүйлийг бодитойгоор нь дүрсэлсэн тул талууд огт маргаагүй билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн тус бүрэлдэхүүн ямар нэгэн үндэслэлгүйгээр дахин хэмжилт хийлгэхээр буцаасан нь илэрхий буруу юм.

Хянавал хэсгийн “хоёр”-т анхан шатны шүүхийг “гуравдагч этгээдийн гаргасан “94 дүгээр захирамж нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр үндэслэсэн тул хэвээр үлдээх” гэсэн бие даасан шаардлагыг шийдвэрлээгүй орхисон, бие даасан шаардлагуудын үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу тодруулж, тус бүрт нь дүгнэлт өгөөгүй, бие даасан шаардлагыг шүүх хуралдаан дээр өөрчилсөнтэй холбогдуулж хариуцагчид гардуулаагүй, тайлбар аваагүй, гуравдагч этгээдэд эрх, үүргийг нь тайлбарлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд нийцээгүй бөгөөд энэ зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно” гэж үзжээ.

Гэтэл 94 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр тул хэвээр үлдээх эсэх асуудал нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн хамгийн гол асуудлын нэг байсан. Анхан шатны шүүх 94 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг тал талаас нь авч үзсэний эцэст яагаад илт хууль бус захиргааны акт гэж тогтоосноо зааж, холбогдох хуулийн хэм хэмжээг хэрэглэн өөрийн шийдвэрээ гаргасан байдаг. Иймд энэ асуудлыг шийдвэрлээгүй орхисон, энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн байр суурь огт үндэслэлгүй байна. Нөгөө талаас гуравдагч этгээд энэхүү шаардлагаасаа татгалзаж, харин шүүх хурал болсон 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө гаргасан нэмэгдүүлсэн бие даасан шаардлага дэмжиж байгаагаа шүүх хуралдаан завсарлахын өмнөхөн илэрхийлсэн. Тэр шаардлагын агуулга нь “77 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, газар ашиглах гэрээгээр эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” хүсэлт байсан. Хариуцагч энэ нэмэгдүүлсэн шаардлагатай 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө шүүгч Сүхбаатар суманд очиж Засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт үзлэг хийх үеэр танилцаж, өөрийн тайлбараа бичгээр өгсөн байдаг. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хариуцагчид гардуулаагүй гэж үзсэн нь гуравдагч этгээдийн гомдолд хөтлөгдсөн худлаа, буруу дүгнэлт болсон. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ шаардлагыг нь бие даасан шаардлага биш, тусдаа хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох хэмжээний асуудал гэсэн байр суурийг шүүх хурлын үеэр илэрхийлсэн.

Нэмэн тэмэглэхэд гуравдагч этгээд нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тайлбар, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бие даасан шаардлага, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүх хурал эхлэхийн өмнө бие даасан шаардлагаа нэмэгдүүлэх тухай мэдэгдлүүдийг тус тус бичгээр гаргасан бөгөөд эдгээр нь тус тусдаа өөр өөр агуулгатай байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүх хурал болоод дуусч завсарлахын өмнөхөн буюу нотлох баримт шинжлэн судлаад шүүх хурал түр завсарлаад эргэн орж ирээд талууд нэмж тодруулах зүйлээ хэлэхэд гуравдагч этгээд анхны бие даасан шаардлагаасаа татгалзаж, нэмэгдүүлсэн хэсгээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Шүүх энэхүү шаардлагын тухайд “77 захирамж нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт тул илт хууль бус болох тохиолдолд хамаарахгүй, мөн “маргааны бүхий захиргааны актаар гуравдагч этгээдийн 1391 га газартай холбоотой шийдвэрлээгүй бөгөөд түүнээс 56 га газрыг хасч Талын гал ХК-д шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул” гуравдагч этгээдийн 77 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй байна.” гэж тус тус зөв дүгнэлт хийсэн юм. Үндсэн нэхэмжпэлийн шаардлага нь зөвхөн 94 дүгээр захирамжтай холбоотой бөгөөд тус захирамж “Талын гал ХК-д 35 га газар ашиглуулах эрх олгосон, Талын гал ХК-д 91 га газар ашиглуулах эрх олгосон 77 дугаар захирамжийг хүчингүй болгосон” агуулгатай байдаг. 77 захирамжаар болон өөр бусад ямар нэгэн эрх зүйн актаар гуравдагч этгээдийн эзэмшиж ашиглаж байсан 1391 га газраас авч 56 га газрыг нь “Т г” ХК-д олгосон зүйл байхгүй. Гуравдагч этгээдийн 1391 га газрыг эзэмших эрх Сүхбаатар сумын Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар захирамжаар анх үүссэн бөгөөд энэхүү шийдэрийг ямар нэг өөрчлөлтгүй одоо ч мөрдөгдсөөр байгаа. Иймд 2007 оны 77 дугаар захирамжийг 2009 онд үүссэн газрын эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа нь илт үндэслэлгүй юм.

Дээр дурдсан зүйлээс үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, тэр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хараахан гараагүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0615 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалттай нийцсэн байна.

Гуравдагч этгээд “Э Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э анх 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бие даасан шаардлага гаргасан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр бие даасан шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хариуцагчид гардуулж, хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбарыг авалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Мөн анхан шатны шүүх дээрх хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу бие даасан шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, тус бүрт нь дүгнэлт хийх ёстой атал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсэгт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... гуравдагч этгээд шаардлагаасаа татгалзаж, харин шүүх хурал болсон 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байгаагаа шүүх хуралдаан завсарлахын өмнө илэрхийлсэн,.. хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагатай 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө шүүгч Сүхбаатар суманд очиж үзлэг хийх үеэр танилцсан...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнтэй холбоотой хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар тусгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч “Т Г” ХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-д зааснаар бус 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бусд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай холбогдуулан энэ талаар дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай байсан, нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа гэх 56 га газрын байршил нь гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий болон хэсэгчлэн буцаан өгсөн талбайд хамрагдаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Анхан шатны шүүх магадлалд заагдсан зүйлүүдийг шалгаж тодруулахын зэрэгцээ эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь илт хууль бус байх тохиолдолд хамаарахгүй гэж өрөөсгөл дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0615 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН