Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-20
Дугаар 538
Хэргийн индекс 128/2016/0514/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Н.Э
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд "М к" ХХК "К б" ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2017/0627 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0741 дүгээр магадлалтай, Н.Э-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0627 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э-ын “Улсын бүртгэлийн Ү-2206014408, Ү-2206013914 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109447, 000107202 дугаарт гэрчилгээтэй “М К” ХХК--ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью скай хотхонд байрлах 44В байрны 110, 123 тоот автомашины зогсоолуудыг Н.Э-ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Н.Э-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0741 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх улсын бүртгэлийн харилцааг нэгтгэн зохицуулсан ерөнхий хууль буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.8-д заасныг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн маргаан бүхий харилцааг нарийвчлан зохицуулсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д заасан зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх хуулийн 14.1.9-д “Мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тэр нь хүчинтэй байгаа бол Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаана”, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байдаг. Иймд дээрх хуулийн 14.1.9-д заасан “өмнө бүртгэгдсэн эрх” гэдэгт “М К” ХХК-ийн авто зогсоолуудын өмчлөх эрхийн бүртгэлийг ойлгох боловч уг хуулийн 3 дугаар зүйлд заасан барьцаа, түрээс, сервитут зэрэг эрхийн бүртгэлийн хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон юм. Гуравдагч этгээд “М К” ХХК нь өмчлех эрхийн бүртгэлийг иргэн Н.Э-ын нэр дээр бүртгэхэд татгалзах зүйлгүй талаар удаа дараа тайлбар гаргаж, хүлээн зөвшөөрч энэ талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр захирамж байсаар атал анхан болон давж заалдах шатны шүүх “К б”-ны барьцааны эрхийн бүртгэлийг үндэслэж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагч байгууллагын үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлалдаа “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх” гэснийг баримтлан иргэн Н.Э-ыг “К б” ХХК-иас зөвшөөрөл авч, бүртгүүлэх боломжтой гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэн Н.Э-ын өмчлөх эрх нь “М К” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.5.2-т заасны дагуу гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр үүссэн буюу цаг хугацааны хувьд “К б” ХХК-ийн барьцааны эрхээс өмнө үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тодорхой байна. Хариуцагч байгууллага нь “Blue Sky” хотхоны 120 айлын орон сууц, 205 автомашины зогсоолыг зөвхөн нэг компанийн өмчлөлийн эд хөрөнгө гэж бүртгэсэн нь өмчлөгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл байхаас гадна хуулиар хүлээсэн нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй болохыг нотолно. “К б” ХХК-ийн удирдлагын хувьд хувийн ашиг сонирхлоор зээлийн гэрээ байгуулж, иргэд өөрсдийн худалдан авсан орон сууц, авто зогсоолуудыг эзэмшиж, ашиглаж эхэлснийг мэдсээр атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байдаг. Түүнчлэн дээрх авто зогсоолуудыг өмчлөх эрх иргэн Н.Э-д үүссэн болохыг иргэний хэргийн шүүхээр нэгэнт тогтоосон байхад өмчлөгч бус этгээдтэй байгуулсан зээл, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэн Н.Э-оос шаардан, өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ заавал банкнаас зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй.

Иргэн Н.Э-ын өмчлөх эрхээс хойш бий болсон, нэхэмжлэгчийн хууль ёсны зөвшөөрлийг авалгүйгээр хийгдсэн “К б” ХХК болон “М К” ХХК нарын хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаалагч этгээд болох банкийг Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд”-д хамааруулж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд үнэн зөв бус бүртгэлийг үндэслэн “К б” ХХК нь барьцааны зүйлийг нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүй зээл, барьцааны гэрээг байгуулснаас үүдэлтэй маргаанд иргэн Н.Э-ыг хамааруулж, түүний өмчлөх эрхийг 7 жил зөрчиж байгааг анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч Н.Э нь “М К” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээний үүргээ гэрээ байгуулсан өдөр болох 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн биелүүлж, төлбөр тооцоог барагдуулсан байх буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасны дагуу 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүссэн гэж үзнэ.

Гэтэл “М К” ХХК нь өмчлөх эрхгүй этгээд атлаа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн 110, 123 тоот авто зогсоолуудыг өөрийн өмч мэтээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр мэдүүлснийг хариуцагч байгууллага нь нягтлан шалгалгүйгээр бүртгэж, нэхэмжлэгч Н.Э-ын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн болно. Ийнхүү бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэр дээр иргэний өмч хөрөнгийг бүртгэж гэрчилгээ олгосны улмаас “М К” ХХК болон “К б” ХХК нар нь нэхэмжлэгч Н.Э-д хамааралгүй зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хууль зөрчин “Зээлийн барьцааны гэрээ’’-г байгуулж, улмаар улсын бүртгэлийн байгууллагад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн “Мэдүүлэгт энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 13.5-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг гэж заасныг тус тус зөрчин бүртгүүлсэн байдаг.

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” гэж заасныг ноцтой зөрчсөн бүртгэл юм. “К б” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэх асуудал, өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх нь хүчин төгөлдөр байх эсэх асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

“М К” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “К б” ХХК-тай Т07/141 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан бөгөөд 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 55 хувийн гүйцэтгэлтэй “Блю скай” хотхоны 44В дугаартай дуусаагүй барилгыг, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй 205 авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулж, 2007 оны 12 дугаар сарын 25, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “К б” ХХК-тай “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулахдаа барьцаа хөрөнгөд 44А, 44Б, 44В, 44Г байрны авто зогсоолуудыг барьцаалжээ.

Дээрх барьцаа хөрөнгөд нэхэмжлэгч Н.Э-ын маргаж буй 44В байрны зоорийн давхарт байрлах 110, 123 тоот авто зогсоолууд орсон, тэрээр “... миний өмчлөлийн эд хөрөнгийг надад мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэж маргаж байх хэдий ч “М К” ХХК-ийн өмчлөх эрх болон “К б” ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн “М К” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нээс өмнө байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Түүнчлэн, улсын бүртгэлийн байгууллага нь “М К” ХХК-ийн гаргасан мэдүүлгийг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотй эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхгүй этгээд болох “М К” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон гэж буруутгах боломжгүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох;”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсний дагуу маргаан бүхий авто зогсоолуудыг барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэр дээр давхар бүртгэх, эсвэл өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй, уг эрхийг бүртгэхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх барьцаалагч “К б” ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй тул бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2017/0627 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0741 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН