Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-20
Дугаар 539
Хэргийн индекс 115/2017/0023/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч "Э ж" ХХК
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“Э ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ч нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0016 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0727 дугаар магадлалтай, “Э ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0016 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ж” ХХК-ийн Дорноговь аймгийн Засаг дарга холбогдуулан гаргасан тус Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/612 тоот захирамжийн “Э ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0727 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Э ж” ХХК нь хуульд заасан журмын дагуу буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу тухайн газрыг эзэмших эрхтэй болсон. Ингэхдээ тухайн орон нутгийн удирдлагын зүгээс “Сайншанд аж үйлдвэрийн парк” байгуулах, төмөр зам барьж байгуулах ажил, төслийн хүрээнд орон нутагт ачаа эргэлтийн тусгай хэрэгцээг үндэслэн төсөл сонгон шалгаруулалт зарласнаар оролцсон. Энэ утгаараа тус компани ердийн журмаар газар эзэмшиж байгаа биш, харин тусгай нөхцөлөөр газар эзэмшин тухайн харилцаанд оролцсон. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Миний хувьд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хувьд тус шүүх нотлох баримт цуглуулах үүргээ, ялангуяа бидний олж авах боломжгүй, чадахгүй байгаа нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Тодруулбал, сонгон шалгаруулалтад оролцохдоо дээр дурдсанаар “Сайншанд аж үйлдвэрийн парк” байгуулах, төмөр зам барьж байгуулах болон ачаа эргэлтийн орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан гэх тайлбартай холбогдуулах 2 байгууллагаас зарим нэг баримт бичиг авснаас өөр ажиллагаа хийсэнгүй. Энэ талаарх мэдээллийг орон нутгийн төрийн болон өөрөө удирдах байгууллагаас дутуу авсан буюу нотлох баримт дутуу бүрдүүлсэн” буюу анхан шатны шүүхийг хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй хэмээн гомдсон боловч давж заалдах шатны шүүх энэ тухай ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, гомдолд дурдсан үндэслэлийг хянаж магадлал гаргасангүй гэж үзэж байна.

Гурав. Үүнээс гадна миний бие “Дорноговь аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журам зөрчсөн эсэх талаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй” хэмээн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд маргаж нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн байгууллага нь хууль зөрчин аливаа шийдвэр гаргаж болдог, түүнийг шүүх шалган тогтоох үүргээ биелүүлэхгүй бол иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байхыг хэлэх нь зүйтэй болов уу. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ иргэнд хамааралтай хуульд заасан үүргүүдийг онцлон авч үзэж дүгнэлт хийсэн хирнээ төрийн байгууллага, албан тушаалтанд хамааралтай хуульд заасан үүргийг орхигдуулаад байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна.

Дөрөв. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан журмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасангүй. Мөн магадлалдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ заагаагүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэт хэрэгжүүлээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

Энэхүү захиргааны шийдвэр нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөллийг үүсгэсэн захиргааны акт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд захиргаанаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, ялангуяа сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах тохиолдолд уг этгээдэд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар заавал урьдчилан мэдэгдэж, тайлбар, саналыг авч, сонсох ажиллагаа явуулсны дараа шийдвэр гаргах үүргийг захиргаа хүлээх ёстой байна.

Гэтэл шүүхүүд аймгийн Засаг дарга 2016 оны А/612 дугаар захирамжийг гаргаж, “Э ж” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо тухайн компанид урьдчилан мэдэгдэж, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбарыг авч, санал гаргах боломжоор хангасан эсэхийг тодруулалгүй “... “Э ж” ХХК нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон акт гарах хүртэл 4 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр, гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй...” гэсэн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулж, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан талаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулж, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх хэрэгтэй.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0016 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0727 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банкны Дорноговь аймгийн салбарын 281500318038 тоот дансанд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН