Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-11
Дугаар 514
Хэргийн индекс 110/2017/0046/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Х.А
Хариуцагч БӨА-ийн ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Д
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Х.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0616 дугаар магадлалтай, Х.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-аас “аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.А-ийг Толбо сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0616 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д...” гэсний өмнө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, ...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Х.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0616 дугаар магадлалыг гаргахдаа “хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг” эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: X.Ашим миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг Б/440 дүгээр захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэсэн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь X.Ашим намайг ажилд эргүүлэн тогтоосон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/389 дүгээр захирамжийг “хүчингүй болгох” талаар хэн, хэдийд, ямар эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсаныг хариуцагч нотолж чадаагүй, шаардсан талаар нотлох баримт байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “...төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтан... орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэсэн заалт нь шууд утгаар “сонгуульд нэр дэвшигч сонгуулийн үйл ажиллагаа дуустал албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэсэн утгатай болохоос бус, төрийн үйлчилгээний албан тушаалтныг “ажлаас бүрэн чөлөөлөгдөхийг” шаардаагүй. Иймд X.А миний бие “сонгуульд нэр дэвшиж, сонгууль дуустал” Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар “захиргааны чөлөө” авсан явдлыг буруутгах боломжгүй юм. Тиймээс X.Ашим миний бие Б/275 дугаар захирамжаар “захиргааны чөлөө” авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар захиргааны чөлөөтэй байгаа хугацаанд “ажил албан тушаалыг хэвээр хадгалах” тул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “X.Ашимийг ажилд эгүүлэн томилох тухай” Б/386 дугаар захирамж хууль ёсны байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Сонгуулийн тухай хууль бүхэлдээ “Сонгуулийн үйл ажиллагааг зохицуулсан” учир Сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг дарга Б/440 дүгээр захирамж гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн  154.4-д заасныг баримталж, Сонгуулийн тухай хуулийг сонгууль дууссаны дараа “буцаан хэрэглэж” байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа сонгуулийн тухай хуулийг “буцаан хэрэглэх” талаар хуульд заагаагүй байна. Үүнийг шүүхээс зөвтгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй гэж үзэж байна.

Хариуцагч аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамж гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх заалтыг тус тус баримталсныг анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0046 дугаар шийдвэрт “хуулийг буруу хэрэглэсэн” гэж үнэлсэн мөртлөө ”нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь шийдвэрийн “тогтоох нь” хэсэг хууль ёсны болж чадаагүй гэж гомдол гаргаж байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.4-д “нэр дэвшигч” ажлаас бүрэн чөлөөлөгдсөн байхыг шаардаагүй, зөвхөн Сонгуулийн хугацаанд албан үүргээ түр гүйцэтгээгүй байхыг шаардсан байхад, хуулийг шууд утгаар хэрэглэх журмыг зөрчиж, шүүгч шийдвэр гаргахад хуулийн утгыг алдагдуулж, “ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаардсан” мэтээр тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй байна. Аймгийн засаг дарга “хүний нөөцтэй” холбоотой эрхийн акт гаргахдаа Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08 тоот тогтоолын 18 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасныг баримтлах ёсгүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7, 157.3.6-д заасан үндэслэлийг Засаг дарга захирамжидаа үндэслэл болгоогүй, мөн тухайн заалтуудад “ажлаас чөлөөлөгдөх үндэслэлийг заагаагүй байхад” шүүх тухайн заалтыг шийдвэрт үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй гэж үзэх гомдлын талаар: Х.А миний бие Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын” дагуу сонгон шалгаруулалтын үр дүнгээр 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Засаг даргын 225 тоот захирамжаар Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд томилогдсон, 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн болох нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолоор батлагдаж, аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн аймгийн Засаг даргын “ажлаас түр чөлөөлөх тухай” Б/275 тоот захирамжаар захирлын үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар “захиргааны чөлөө” авч түр чөлөөлөгдсөн болох нь батлагдсаар байтал дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлж чадаагүйгээс болж, Х.А намайг сонгуульд нэр дэвшсэн мөчид ажлаас бүрмөсөн чөлөөлөгдсөн хэмээн шүүх шийдвэрийн “үндэслэх нь” хэсэгт дүгнэсэн нь нотлох баримтыг дотоод итгэлээрээ буруу үнэлсэн.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, анхан шатны шүүхийн шийдвэрийн “үндэслэх нь” хэсэгт сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, дахин томилогдох боломжтой” гэж үнэлсэн мөртлөө миний урьд “сонгон шалгаруулалтын” үр дүнгээр томилогдсон байхад захирлын албан тушаалд ямар ч сонгон шалгаруулалтгүй, төрийн албанд ажиллаж байгаагүй Б.Даулетыг томилсныг зөв гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлөөс “сонгон шалгаруулалт зарлаагүй” байж Б.Даулет сонгон шалгаруулалтгүй Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд томилогдон ажиллаж байхад түүний томилгооны талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй нь хэргийн нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.

Аймгийн Засаг дарга Б/440 дүгээр захирамжаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3-д заасан заалтуудыг зөрчсөнийг анхан шатны шүүхээс нотлох баримтын хүрээнд үнэлж, дүгнэх асуудлыг орхигдуулсан нь “шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх” нөхцөлийг хангаагүй байна. X.А надад сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн байгааг шүүх анхаарч үзээгүй. Тиймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “...төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, ...орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх, ...нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан байна.

Баян-өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь орон нутгийн сонгуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших болсноор дээрх хуульд заасны дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь ”...хуулиар ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөхийг шаардаагүй, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар чөлөө авсан, ...35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар ажил албан тушаал хэвээр хадгалагдах ёстой, ...сонгууль дууссаны дараа ажилд буцааж томилсон нь зөв ...” гэж  маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заажээ.

Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгээр тусгайлан зохицуулсан бөгөөд энэ нь агуулгын хувьд Хөдөлмөрийн тухайн хуулийн 80 дугаар зүйл дэх “чөлөө олгох” зохицуулалт биш юм.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь төрийн албыг улс төрөөс ангид байлгах үзэл баримтлалд суурилсан бөгөөд хуульд тусгайлан нэр заасан албан тушаалтан нь сонгуульд нэр дэвших болсноор хуульд заасан хугацааны дотор төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдсөн байхыг нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын нэг байх, ингэснээр нэр дэвшигчдийн сонгуульд оролцох эрх нь ижил тэгш нөхцөлд байхыг тодорхойлсон зохицуулалт байна.

Мөн дээрх хуулиар тусгайлан тавигдсан шаардлагын дагуу нэр дэвшигчийг төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдсөнд тооцох ба чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах” үндэслэлд хамаарахгүй болно.

Дээр дурдсанаар Х.А нь төрийн албанаас нэгэнт чөлөөлөгдсөн тул хуучин ажилдаа эргэж орох нь “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтын журам”-д заасны дагуу хэрэгжих учиртай. 

Гэтэл “...түр чөлөөтэй хугацаа дууссан...” гэх үндэслэлээр Баян-өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/386 дугаар захирамжаар Х.А-ийг Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар эгүүлэн томилсон нь дээр дурдсан Сонгуулийн тухай хууль болон Сонгон шалгаруулалтын журамд нийцээгүйг шүүхүүд зөв дүгнэжээ.

Иймээс тухайн захирамжийг хүчингүй болгосон маргаан бүхий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжийн холбогдох заалт нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийн агуулгад нийцсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны захиргааны акт гэж үзнэ.

Үүнээс гадна Х.А нь орон нутгийн сонгуульд нэр дэвшиж оролцсон үйл баримтын тухайд маргаагүй, үүнээс үүсэх үр дагавар буюу ажлаас чөлөөлөгдөх нь хуулиар тавигдсан шаардлага тул энэ шаардлагыг зөрчсөнтэй холбоотой захиргааны актыг хүчингүй болгох тохиолдолд Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг хийгээгүй гэж Засаг даргыг буруутгах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0616 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                               Л.АТАРЦЭЦЭГ