Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-20
Дугаар 536
Хэргийн индекс 124/2017/0019/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Н.Г
Хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд М.О
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0666 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Н.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох,

2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан газар тариалан, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 5 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.7, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн “Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т-ын 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан газар тариалан, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0666 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...25 дугаар зүйлийн 25.1...” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Хариуцагч нь Н.Г-ийг албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заасан үндэслэлүүдээр хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгосон.

Тушаалын үндэслэлээс харахад нэхэмжлэгч Н.Г-ийг төрийн албанаас халсан эсхүл төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсны аль нь болох нь тодорхойгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар албан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгээгүй, аль эсхүл чиг үүрэгт тусгагдсан тухайн үүргээ хэрэгжүүлсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно. Нэхэмжлэгч Н.Г албаны ямар үүргээ биелүүлээгүйгээс болоод ямар хор хохирол учирсан гэдэг тогтоогдоогүй. Хариуцагч тайлбарлахдаа тэргүүний хадланч шалгаруулахад Засаг даргын зөвлөлийн хуралд тоон мэдээ зөрүүтэй танилцуулсан гэдэг. Гэтэл Увс аймгийн тэргүүний хадланчаар Цэрэнсамбуу гэдэг хүн шалгарсан, Баруунтуруун сумаас ирүүлсэн хадланчийн материалд тн, ширхэг гэсэн хэмжээсийн зөрүү гарсан боловч Ц хадланч аль ч үзүүлэлтээрээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан гэсэн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч Я.О тайлбарладаг.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Г нь албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг өөртөө ашиглан завшиж төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Тухайн этгээдийн гаргасан зөрчил нь хуулийн үндэслэлтэй нийцсэн байх ёстой байдаг. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Н.Г-ийг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй, тухайн актын үндэслэл болоогүй төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг буюу Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3-д заасныг зөрчсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд багтаан сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв байна гэсэн дүгнэлтийг 2 шатны шүүх хийсэн.

Н.Г-ийн дансаараа мөнгө шилжүүлсэн үйлдлийг сахилгын зөрчил гэж үзвэл хамгийн сүүлд хийсэн гүйлгээ нь 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байх ба үүнээс хойш 2 жилийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэснийг зөрчсөн байна.

Зөрчлийг илрүүлснээс хойших 1 сарын хугацаа нь зөрчил гаргаснаас хойших 6 сарын хугацаандаа багтаж байх ёстой байтал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Г нь Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан газар тариалан, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Маргаан бүхий тушаалаар “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, итгэл алдан Төсвийн хууль зөрчсөн” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс “ямар нэгэн зөрчил гаргаагүй” гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа буюу давтан үйлдсэнийг харгалзаж, сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулах ба зөрчил тус бүрийг хянан үзэхэд:

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ирсэн трактор, чиргүүл, хадуур, тармуурын үнийг байгууллагын дансаар дамжуулаагүй, өөрийн дансаар дамжуулсан” гэх зөрчлийн тухайд:

Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банкинд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн дансаар гүйцэтгэх ёстой атал нэхэмжлэгч Н.Г нь ХААН банкинд өөрийн нэрээр хувийн данс нээж, уг дансанд төсвийн мөнгө байршуулж, төсвийн орлогыг байгууллагын дансаар дамжуулаагүй зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, мөнгөн шилжүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон байна.

Гэвч энэхүү зөрчлийг гаргасан хугацаа нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэсэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс “зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар дотроо багтсан” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хугацааг хамтад нь уялдуулан тайлбарлах болохоос тус тусад тооцохгүй, хэрэв зөрчлийг илрүүлснээс хойших хугацаагаар тооцох бол “зөрчил гарснаас хойш 6 сар өнгөрсөн байх” хуулийн урьдчилсан нөхцөл үгүйсгэгдэх ба нөгөө талаас захиргааны байгууллага нь хяналт шалгалтыг төсвийн жилтэй уялдуулан цаг тухайд нь гүйцэтгэж, зөрчлийг арилгаж байх үүрэгтэй болно.

Гэхдээ энэ нөхцөл нь нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй буюу бусад зөрчлийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна. Тухайлбал:

-Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох газар тариалангийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2016 оны Худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа дутуу төлөгдсөн, 2016 онд төлөгдөх ёстой трактор, буудайны үнэ бүрэн төлөгдөөгүй, байгууллагад төвлөрүүлэх ёстой орлогыг хугацаанд нь төвлөрүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, санхүүгийн анхан шатны баримтыг зохих ёсоор үйлдээгүй болох нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34/02/13 дугаар акт, хяналт шалгалтын танилцуулга зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

-Мөн Засаг даргын зөвлөлийн хуралд тоон мэдээлэл зөрүүтэй танилцуулсан буюу “7000 ширхэг” гэснийг нэгжийн зөрүү гаргаж, “7000 тонн” гэж танилцуулж, өөрийн эрхэлсэн чиг үүргийн асуудлаар холбогдох этгээдэд буруу мэдээлэл хүргэсэн, судалгаа, тоо баримтыг нягтлах, шалгах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

Иймээс нэхэмжлэгч нь албан үүргээ удаа дараа биелүүлээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон, захиргааны албан тушаалтнаас өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд зөрчлийн шинж байдлыг харгалзаж, “ажлаас халах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн “албаны үүргээ биелүүлээгүйгээс ямар хохирол учирсан гэдгийг тогтоогоогүй, төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг өөртөө ашиглан завшаагүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллах ёстой, энэхүү чиг үүргээ зөрчсөн бол ямар нэгэн бодит хохирол учруулснаас үл хамааран мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл хүлээх байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “маргаан бүхий актын үндэслэл болоогүй Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй, маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны хуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт нь өөрөө мөн хуулийн 13 дугаар зүйлийг ишлэн заасан болно.

Нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр Ц.А-г оролцуулах тухай хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хүлээн авсан, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэн болохыг тэмдэглэв. 

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0666 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ